Он гарсаар хилийн дээс алхсан байтын шигшээ багийн тамирчид Тайландад хоёр сар гаруй хугацаанд олон улсын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийгээд өнгөрөгч даваа гаригийн шөнө эх орондоо ирсэн байна. Энэ хугацаанд тэд Тайландад Азийн гран-при болон дотоодын чанартай нээлттэй тэмцээнд, улмаар нутаг буцах замдаа Шанхай хотноо “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцжээ. Азийн гран-при тэмцээнээс Б.Урантунгалаг Монголын тамирчдын оролцдог Recurve төрөлд анх удаа хүрэл медаль зүүсэн бол Шанхайд болсон энэ оны анхны “Дэлхийн цом”-ын цувралаас Ж.Гантөгс, Б.Урантунгалаг нар холимог хосын төрөлд дэлхийн 35 орны багаас тавдугаар байрт шалгарсан байна. Түүнчлэн тэмцээний үеэр ОУХМ Ж.Гантөгс өөрийн эзэмшдэг хоёр зайн улсын рекорд болох 661 оноог 668 болгож, ахиулжээ.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монголын байтын шигшээ багийн тамирчид улсын дээд амжилтыг 50 гаруй удаа шинэчилсэн гэх бахдам мэдээллийг Ц.Бадамхатан дасгалжуулагч өглөө. Тэд ирэх бямба гаригт “Дэлхийн цом”-ын ээлжит цувралд цэц сорихоор хилийн дээс алхах гэж буй ажээ. Тус тэмцээн тавдугаар сарын 1-6-нд Туркийн Анталия хотноо болох юм.
Дашрамд дуулгахад, Лондонгийн олимпийн наадмын байт харвааны хувийн харваанд хоёр эрх аваад буй Монголын байтынхны дараагийн зорилго ирэх зургадугаар сарын 18-25-нд болох олимпийн эрх олгох багийн тэмцээн гэнэ. Хувийн харваанд хоёр тамирчнаа олимпийн талбарт сойх эрхтэй болсон байтынхан багийн төрөлд ч мөн эрэгтэй, эмэгтэй багаар оролцох зорилго тавин ажиллаж буй ажээ.
С.ЦЭЛМЭГ