”Анх удаа нөхөн төлбөр тогтоосон жишиг гарлаа”

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

”Анх удаа нөхөн төлбөр тогтоосон жишиг гарлаа”

Хууль  зүйн ухааны доктор, профессор Т.Мэндсайхантай ярилцлаа.

-Монголын байгаль орчинд хохирол учруулсан гадаадын компаниас нөхөн төлбөр авах шийдвэр гарсан гэдгийг дуулаад тантай ярилцахаар шийдлээ. БНХАУ-ын “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн хэрэг гээд яриад л байдаг. Яг энэ компанийг буруутгаж зарга эхэлсэн талаар яриагаа эхлэх үү?

-Дорнод аймгийн Матад сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 19-р талбайд газрын тос хайх, олборлох эрхийг бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн дээр 1994 оноос АНУ-ын хөрөнгө оруулалттай “СОКО” компани эзэмшиж байгаад нь Хятадын “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д шилжүүлсэн. 2006 эрчимтэй ажиллагаа явуулж эхэлсэн. Үүнээс өмнө тийм ч хор учрал дагуулах хэмжээнд хүртлээ ажил эхлээгүй байсан. Олзворлох ажиллагаа явагдаж эхлэхтэй зэрэгцэн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь олны анхаарал татах хэмжээнд хүрсэн. Гэхдээ энэ компани тодорхой төсөв мөнгө гаргадаг байсан ч бодит байдал дээр нөхөн сэргээх ажил үнэхээр хангалтгүй, нутгийн иргэд, тэнд очсон хэний ч нүд халтирмаар байгаль орчинд нөлөөлсөн нь харагдана. Ингээд Монголын байгаль орчныг хамгаалах төрийн бус байгууллагууд, тэр дундаа байгаль орчны хөдөлгөөний иргэний эвслийн санаачилгаар энэ асуудлаар маргаан үүсгэсэн. Гэвч маргаан эхэлж байх үед төрийн бус байгууллага бие дааж нэхэмжлэл гаргах эрхгүй байсан. Тиймээс Матад сумын засаг дарга Наранцэцэг, таван малчин нийлээд нэхэмжлэл гаргасан. Үүнийг нь төрийн бус байгууллагууд нь дэмжих байдлаар оролцсон. Төрийн бус байгууллагууд нь нотлох баримт цуглуулах,нэхэмжлэлийн зардал гаргах зэрэгт нь анхаарлаа хандуулж байсан.

-Эдгээр иргэд танай хуулийн компанитай яаж холбогдов?

-Монголын өмгөөлөгчдийн холбооны дэргэд стратегийн өмгөөлөгчдийн хороо гэж бий. Тэр хорооны нэг гишүүн нь би. Ингээд энэ хороотой холбоотойгоор бидэнд энэ хэрэг дээр ажиллах санал тавьсан. Бид ч энэ саналыг нь хүлээж аваад ажилдаа орсон. Би 2009 онд Дорнодын Матад сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Чойбалсангаар тойроод ирэхдээ газар нутгийн байдлыг өөрийн нүдээр харсан маань ч энэ саналыг хүлээн авахад нөлөөлсөн. Байгаль орчинд учруулсан хохирлыг бодитойгоор гаргах арга замыг хайж байгаад эхний ээлжинд олон салаа зам гаргасантай нь холбогдуулан хөрсний бохирдлыг нь нотлохыг зорилгоо болгосон. Хоёрт, нөхөн сэргээлт хийчихсэн гээд байгаа цооног дахь хаягдлын сан, үйлдвэрлэлийн зориулалттай шингэн хаягдлын сантай холбоотойгоор нөхөн сэргээлт хангалтгүй байна гэдгийг нотлох гэсэн. Энэ хоёр чиглэлээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж тус компанийн эсрэг иргэний журмаар гомдол гаргасан.  

-Маргаан хэр удаан үргэлжилсэн гэсэн үг вэ?

-2010 оны тавдугаар сараас албан ёсоор хуулийн ажиллагаа эхэлсэн гэж бодохоор хоёр жил болж байж үр дүнд хүрлээ. Энэ явц дунд тасалдсан л даа.

-Яагаад?

-Хэргийг хэлэлцэх явцад нөгөө талаас эвлэрэх, хамтран ажиллах саналыг нэхэмжлэгчдэд тавьсан. Сумын эргэн тойронд мод тарих, суманд бага зэрэг санхүүгийн тусламж үзүүлэх, цахилгаанд холбох зэрэг зүйлсийг санал болгосон. Харин бид хамтран ажиллах зарчмаа тохироод тухайн компанийг нийгмийн хариуцлагатай байх, орон нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, орон нутгийн иргэдийг хөдөлмөр, бизнес эрхлэхэд туслах ёстой гэх гурван үндсэн шаардлага тавьсан. Энэ шаардлагыг хүлээн зөвшөөрч буй бол хийх ажлыг тодорхой үе шат, төсөв төлөвлөгөөтэй хийе гэсэн. Гэвч төлөөлөгчид нь хоёр гуравхан уулзаж байгаад сүүлдээ холбоо барихаа ч больчихсон. Ингээд нэхэмжлэгчид ч, хариуцагчид ч нэг хэсэг чимээгүй болчихов. Яагаад ингэв гэтэл, төлөөлөл болсон нэхэмжлэгчдэд “Нэхэмжлэлээ татаж ав, танай орон нутагт мөнгө өгье” гээд ятгаж байгаад болиулчихсан байсан.

-Нээрээ ч нэхэмжлэгчид компанийнхантай тохиролцоод нэхэмжлэлээ татгалзаж гэх яриа гарч байсан. Стратегийн өмгөөлөл хийхэд нэхэмжлэгчийг сонгохоос эхлээд л асуудал бишгүй бололтой.

-Олон хүний эрх ашгийг шүүхэд төлөөлөх эрхийг олж авахтай холбоотой зүйл их бэрхшээлтэй. Төлөөлж буй иргэд нь буцахаас эхлээд, төрийн байгууллагын төлөөлөгчийн цаана улс төрийн сонирхол үйлчилнэ, дарга удирдлагаас нь, төрийн албан хаагчдын дээд шатны байгууллагаас нь дарамтлах гээд л бишгүй асуудал бий. Энэ мэт аргаас болж л нэхэмжлэгчид маань эхний нэхэмжлэлээсээ татгалзсан. Гэтэл Байгаль орчныг хамгаалах хуульд өөрчлөлт оруулж байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, дүрэмдээ энэ талаар тусгасан төрийн бус байгууллагууд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэсэн заалт шинээр оруулсан. Ингээд энэ боломжийг ашиглан төрийн бус байгууллагууд нэгдэн дахин нэхэмжлэл гаргасан. Үүнээс хойш шүүх хурал гурвантаа хойшлогдсоны эцэст сая хуралдаад анхан шатны шийдвэр гарлаа.

-Шүүх хурал яагаад хойшлоод байсан юм бэ?

-Хариуцагч талтай л холбоотой. Эхний удаад нь бидэнд нотлох баримт алга, манай бичиг баримт Хятадад байгаа гэх зүйл ярьж хойшлуулах хүсэлт гаргасан. Дараа нь Газрын тосны газрыг гуравдагч этгээдээр татах ёстой гэж хүсэлт гаргаж мөн л хойшлуулсан. Шүүх хурал эхлээд явж байтал лабораторийн эрхлэгчийг хуралдаанд оролцуулах шаардлагатай гээд мөн л хойшлуулахаар болсон. Мөн хөрс судлаач Баасандорж гэх хүнийг заавал биечлэн оролцуулахаар болсон гэх шалтгаанууд байлаа.  Ингэсээр өнгөрөгч дөрөвдүгээр сарын 17-нд шүүх хурал болсон. Үдийн үед эхэлсэн хурал нэлээд оройтож, багагүй цаг гарган хуралдлаа. Нэлээд нотлох баримтыг үзэж, хэд хэдэн гэрч мэдүүлэг, тайлбар өгч, нөхцөл байдлын талаар баримтат нэвтрүүлэг зэргийг ч ашиглалаа. Ингээд 24.00 цагт нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж “1.3 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт оруул” гэсэн шийдвэр гарлаа.

-Шүүхийн шийдвэрийн хэрэгжилт ямагт л хангалтгүй, биелдэггүй. Энэ бол бодит нөхцөл байдал. Энэ байдал энэ хэргийн шүүхийн шийдвэр дээр давтагдахгүй гэх ямар баталгаа байна?

-Энэ бол анхан шатны шүүхийн шийдвэр. Хэрэв давж заалдах гомдол гаргахгүй бол шүүхийн шийдвэрийг биелүүлэх л болно. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй гэвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас албадан биелүүлэх ажиллагааг явуулдаг. “Петрочайна Дачин Тамсаг” ХХК нь том компани. Ийм том компанийн хувьд 1.3 тэрбум төгрөг буюу сая орчим ам.доллар гэдэг нэг их асуудалтай зүйл биш байх. Энэ компани 2008-2010 оны хооронд жилд 5-7 тэрбум төгрөгийг зөвхөн байгаль орчныг хамгаалахад зарцуулахаар төлөвлөсөн. Уг нь их хэмжээний мөнгө зарцуулаад байгаа мэт харагдаж байгаа ч үр дүн нь тун бага байна. 

-Шүүх хуралдааны үеэр маргаантай зүйл юу гарч байв, Хууль, эрх зүйн орчин, онолын гээд?

-Хууль зүйн талаас нь гэвэл, цооног хооронд явж буй машинууд, газрын тосыг зөөвөрлөж буй автомашины замын талхлагдсан газрыг байгаль орчинд сөргөөр нөлөөлсөн гэдэгт оруулах эсэх тухай маргаан гарсан. Газрын тосны газраас энэ зам 3-4 жилийн дараа байгалийнхаа жамаар сэргэнэ, хохирол тооцох шаардлагагүй гэж тайлбарлаж байсан. Мөн орон нутгийн байгууллага, сумын төсөвт энэ мөнгийг оруулж болох эсэх тухай маргаан байсан. Нөгөө талаас, мөнгө гаргалаа гэхэд “Төсвийн тухай хуулиар орон нутгийн төсөв юунаас бүрдэх талаар заасанд хамаарахгүй байна” гэдэг талаас нь тайлбарлаж байсан.
 
-Тэгээд Төсвийн хуулиар нь орон нутгийн төсвийн бүрдлийг заачихсан байхад шүүхээс сумын төсөвт оруулах талаар шийдвэр гаргасан байх нь ээ. Энд ямар боломж гараад ирэв?

-Бидний гаргасан үндэслэлийг шүүх хүлээж авсан. Тодруулбал, “Тухайн газар орны газар нутагт хамаарч буй газрын өнгөн хэсэг, хөрс ургамал нь төрийн бөгөөд тухайн орон нутгийн өмч. Орон нутгийг төлөөлж өмчлөх, захиран зарцуулах эрх нь сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд байдаг. Иймд сумын өмчинд хохирол учруулсан тохиолдолд хохирлыг өмчлөгч нэхэмжлэх эрхтэй байх ёстой. Түүнээс төсөв мөнгө гэдэг талаас нь асуудалд хандаагүй” гэх үндэслэлийг бид гаргаж тавьсан. Өөр жишээ авья л даа. Жишээ нь: Шүүхийн ширээг эвдчихсэн байлаа гэж бодоё. Энэ тохиолдолд ч мөн шүүхийн төсөв ийм ийм зүйлээс бүрдэнэ гэж ярихаас илүүтэй шүүх өөрийнхөө өмчид учирсан хохирлыг л барагдуулах талаас нь харна гэсэн үг.

-Уул уурхайн компаниуд байгаль орныг сүйтгээд, нөхөн сэргээхгүй байгаа талаар маргаан, хөдөлгөөн бүх л аймагт, бараг хэтрүүлэггүйгээр бүх суманд бий. Ийм маргаануудаас танайхтай адил шийдэгдсэн өөр ямар тохиолдол байна вэ?

-Надад байгаа мэдээллээр бол байгаль орчинд хохирол учруулсантай холбоотойгоор нэхэмжлэл гаргаад хангагдсан жишээ бол байхгүй. Энэ хэргийг бид жишиг хэрэг гэж ойлгож байгаа. Ялангуяа автомашины талхлагдсан зам, бэлчээрийн талбайг олборлолтын компаниуд ердөө ойшоож үздэггүй. Гэхдээ олон салаа замыг тооцвол маш их хэмжээний газар талхлагдсан байдаг. Үүнийг нь дагаад тоос шороо, ургамал амьтан экологийн тэнцвэрт байдалтай холбоотой олон зүйл яригддаг. Бид автозамын талхлагдсан 1130 га газрыг тооцож гаргасан. Энэ хэмжээний газрын хөрсний эвдрэлийн талаар БОАЖЯ-наас гаргасан аргачлалаар тооцоход /нэг кг ялзмаг нь 270 төгрөг/ л 1.3 тэрбум төгрөг болчихож байгаа юм. Үүнийг ингэж тогтоогоод, шүүх хүлээн зөвшөөрч тогтоол гаргана гэдэг нь дараа дараагийн энэ мэт тохиолдлуудад жишиг болох боломжтой юм.

-Таныг Ардчилсан намын 2020 гээд хөтөлбөрийг боловсруулж байгаа гэдгээр чинь мэдэх юм байна. Эрх чөлөөтэй Монгол хүн хөтөлбөрийн ажлын хэсгийг удирдаж орон нутгаар явж байсан байх аа?

-Бидний сая ярилцдаг хэрэг бол улс төртэй холбоогүй шүү дээ.

-Тийм ээ, мэдэж байгаа. Орон нутагт буй иргэдийн эрх чөлөөний талаар асуудал ямар байгаа талаар л сонирхох гэсэн юм?

-Би 2011 онд Ардчилсан намын 2020 хөтөлбөрийн Эрх чөлөөтэй Монгол хүн гэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан юм. Иргэдэд ямар бэрхшээл байдаг юм, эрх нь зөрчигдөж байгаа ямар жишээ байна вэ гэдгийг  мэдэх зорилготой. Эндээс дүгнэлт хийхэд нийтлэг асуудлууд байгаа нь харагдсан. Тухайлбал, төрийн албаны үйлчилгээ, ил тод байдал дээр бэрхшээл их байна. Төрийн үйлчилгээ орон нутгийн иргэдэд тэгш хүртээмжтэй хүрдэггүй юм байна.  Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад асуудал байна. Танил тал, хамаатан садан, намаар нь ялгаварлан гадуурхаж байна. Хүмүүс өмчтэй, орлоготой байх нь хангалтгүйгээс эдлэх ёстой эрхээ эдлэж чадахгүйд хүрч байна.  Хэдэн жил бизнесийн орчныг сайжруулна гэж ярьж байгаа ч тусгай зөвшөөрлөөс эхлээд л жижиг дунд шатны дарамт ихтэй байна.

-Хоёр намынхан аль, аль нь урд хойноо орж орон нутгаар явсан. Эдгээр хөтөлбөрийн ялгаа нь юундаа байна, мөн үр дүн?

-Ардчилсан намын хувьд хүн рүү чиглэсэн бодлого явуулдаг тул хүнийхээ нөхцөл байдлыг ямар байгааг тодорхойлох зорилготой байсан. Боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдал, ажил орлого, эрх чөлөөний байдал гээд хүн тойрсон таван асуудлаар тус тусад нь санал бодлыг нь сонслоо. Тухайлбал, Увс аймгийн 93 багийн ихэнхээр нь явсан. Эдгээр таван асуудлыг бүгд л ярьж байна. Бидний эрүүл мэнд муудаж байна, малын хулгай их байна, ажилгүй байна гээд л. МАН нь ард түмнээ сонсоё гэж байгаа ч олон нийтийн үгээ хэлэх гэсэн чиглэлийг нь их тодорхой бус харагдуулж байна. Мөн Монгол хүн-2020 хөтөлбөрийн хувьд энэ бүхнээс гарах гарцийг ярихад илүү хялбар байсан гэж болно. Хүмүүсийн амьдралд ямар асуудлыг ярих нь чухал болохоос биш намын хөтөлбөр, төлөвлөгөөг сонсгох нь дараагийн асуудал байх.  

-Хөндлөнгийн хуульч хүний хувьд байр суурийг тань сонирхмоор байна. Н.Энхбаярын баривчилгаа, гишүүдийн халдашгүй эрх, тусгай ажиллагааны талаар ямар дүгнэлттэй байна?

-Тодорхой дүгнэлт хийхийн тулд мэдээлэлтэй байх ёстой. Энэ дүгнэлтийг хийхэд олон мэдээлэл бүрхэг байна. Жишээ нь, Шүүхийн тогтоол ямар байдлаар гарсан, ямар байдлаар танилцуулсан вэ гээд л. Олон нийтэд тодорхой байгаа зүйл дээр хувийнхаа байр суурийг хэлэхэд, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт байх ёстой атал цагдаагийн газарт байгаатай холбоотойгоор алдаа харагдаад байгаа юм. Өмнө нь цагдаагийн хурандаа нарыг цагдан хорихтой холбоотой шийдвэрийн хэрэгжилт дээр ч энэ тогтолцооны гажиг харагдсан. Магадгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар энэ ажиллагааг явуулсан бол цагдаагаас арай өөрөөр явуулах байсан биз. Энэ хоёр газар нь хоеулаа ХЗДХЯ-ны сайдын эрхлэх хүрээнд байгаа шүү дээ. Шүүхийн шийдвэрийг хэн гүйцэтгэх ёстой юм гэдэг дээр бодлого алдагдаад байгаа нь энэ. Мөн баривчлах ажиллагаа хүнлэг бус боллоо. “Хүний эрхэмсэг оршихуй” гэх ойлголтыг хувь хүнийх нь хувьд хүндэтгэх ёстой байсан. Хэдий баривчлах эрх зүйн акт нь үндэслэлтэй, зөв байлаа ч баривчлах процесс нь журмын бусаар явчихсан. Хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна гэж харагдаж байна.

-Шийдвэр гүйцэтгэл нь ХЗДХЯ-ны харьяанд байгаа байгууллагад хамаарагдах ёстой талаар сая хэллээ. Гэтэл энэ яамны сайд нь уг ажиллагааны талаар өглөө нь мэдсэн гэсэн шүү дээ?

-Тэр хүн мэдээгүй байж болно л доо. Гэхдээ мэдэх үүрэгтэй байсан. Ийм олон хүн оролцсон, бүх л мэдээллийн хэрэгслээр гарч байхад, яаман дээр бүхэл бүтэн мэдээллийн аппарат ажиллаж байхад мэдээгүй байна гэж үү.  Өчнөөн олон зөвлөх, яамны мэргэжилтнүүд байна. Гэхдээ яам энэ талаар мэдээлээгүй, ажиллаагүй гэж бодохгүй нь. Сайд маань бантсан уу, яасан. Худлаа л хэлсэн юм шиг харагдаад байна.

-Хуульч хүнийг би мэдээлэлтэй байдаг гэж ойлгож байна. Энэ утгаар нь ирэх сонгуулийг хэрхэн харж байна вэ гэж асуумаар байна. Сонгуулийн хууль нь цэц дээр оччихсон, намууд орон нутгийн сонгуулийн хуултиа өөрчлөх эсэх тухай маргаантай байна шүү дээ

-Хуульчид үйлчлүүлэгчиддээ өндөр төвшинд, сайн үйлчлэхийн тулд үнэхээр мэдээллээс хоцорч болохгүй. Хуульчид ч гэлтгүй улс төр сонирхдог олон хүн хууль тогтоох байгууллагынхныг харцгааж л байна. Цаг хугацаа тулчихсан үед хууль нь ойлгомжтой байх ёстой. Гэвч энэ зарчим нь алдагдаад байна уу гэх бодол төрж байна. Сонгуулийн хуулийг Цэц хүлээж авбал яах вэ, авахгүй бол яах вэ гээд л. Үүнийг улстөрчид яаралтай шийдэх хэрэгтэй байна. Хуулин дээр яагаад сонгууль болохоос зургаан сарын өмнө сонгуулийн хуульд гар хүрч болохгүй вэ гэсэн заалт байдаг нь тун энгийн. Сонгуулийн тогтолцоог сонгогчид сайн ойлгосон байх л гэдгийг баталгаажуулах гэсэн хэрэг.

-Өнөөдөр УИХ-ын чуулганаар Цэцийн 02 тоот энэ дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа. Энэ дүгнэлтийг дүгнээч. Цэцийн шийдвэр нь заримд нь нэг боломж байхад заримд нь хоёр боломж олгосон байна гэж шийдвэрлэсэн шүү дээ?

-Хоёр тогтолцоог холимог байдлаар хэрэглэж буй үед намын жагсаалтаар орж ирж буй хүмүүс сонгогчдоос өөрсдийнхөө нэрээр санал авахгүй байвал сул тал гэж харж болно л доо. Тэр сул талын нөхөх зорилгоор, тойрог дээр өрсөлдөн өөрийнхөө нэрээр санал цуглуулсан хүмүүс жагсаалт руу орж ирэхийг нэг их буруутгаад байх зүйл биш. Тодорхой хэмжээнд иргэдийн санал авчихсан, дор хаяж 28 хувийн иргэд тэр нэр дэвшигчийг дэмжиж байна шүү дээ. Нөгөө талаас нь хоёр тогтолцоог уяж өгч буй арга нь энэ шүүмжлээд буй “гулсалт” гэх зүйл нь ч байж болохоор байна шүү дээ.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж