Ч.Хүрэлбаатар сайдын нэмэлт тайлбар асуудлыг намжаах гэсэн биш бүр дор байдалд оруулав. Тэрээр “Хайгуулын болоод ашиглалтын нэг ширхэг ч зөвшөөрлийг сумын зөвшөөрөлгүйгээр олгодоггүй. Дээр бүгдийг шийддэг нь худлаа. Орон нутгаас зайлшгүй зөвшөөрөл авна” гэсэн нь асуудлыг өөрөөсөө холдуулах гэсэн бүтэл муутайхан шиг оролдлого болов. Сумын Засаг дарга Б.Ядамдорж үүнд нь бухимдан “Ч.Хүрэлбаатар гишүүний хэлж буйг бодохоор би буруу юм хийж, би хариуцлага хүлээх ёстой юм байна л даа. Байгаль хамгаалах төлөвлөгөө батласны төлөө намайг зөвшөөрөл олгосон гэж байгаа юм уу. Миний гарын үсэг зурсан ганц зүйл нь Байгаль хамгаалах төлөвлөгөө. Заавал хийх ёстой ажил гэж Мэргэжлийн хяналтын газраас үүрэг өгөө биз дээ. Яагаад орон нутагт шийдсэн хэрэг гээд байгааг ойлгохгүй байна” гэчихэв. Үүний араас иргэдийн зүгээс Ч.Хүрэлбаатарын найз Алтангэрэл гэгчийн тухай гомдол үргэлжлэв. “Тэр Алтангэрэл хэдэн малчдыг архидуулж хуураад нутаг дэвсгэрт алтны компани оруулаад сүйтгэсэн”, “нутгийн иргэдээ ажилд оруулна, гадаадынхан зарахгүй гэж Шанагийн уурхайг авчихаад мөн л худалдаад явчихсан” гэцгээв. Сонгуулийн үеэр Ч.Хүрэлбаатар сайдыг дагалдан явж байсан болохоор нутгийн иргэд ч тодорхой хэмжээнд итгэл үзүүлсэн гэнэ.
Энэ тухай Ч.Хүрэлбаатар сайд “Алтангэрэлийг би найз аа гэж хэлж чадна. Миний найз. Гэхдээ би энэ уурхайтай холбоогүй” гэх тайлбарыг хийсний дараа иргэд дор бүрнээ “Юу яриад байгаа юм бэ, найз нь юм бол ядаж битгий хууль зөрч гэж хэлж болно шүү дээ” гэж сайдыг загнацгаав. Загнах хүмүүсийн чимээ намжаагүй байхад зарлал үргэлжиллээ.
Мэргэжлийн хяналтынхан уурхайг хааж буй тухай зарлалаа. Тэд “12410А гэсэн тусгай зөвшөөрөлтэй газарт газар эзэмших ашиглах гэрээ хийгдээгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгээгүй, архелоги палентлогийн судалгаа хийгээгүй гэдэг үндэслэлээр уурхайн үйл ажиллагааг нь түр зогсоох шийдвэрийг Мэргэжлийн хяналтын газраас гаргаж байна” гэв. Гэвч бөхмөрөнчүүд баярласангүй. “Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг юм. Энэ мэт шоунд чинь итгэхгүй шүү” гэцгээж “уурхайн лицензийг хүчингүй болгохгүй юм уу, энэ компанийнхан хэзээ нүүх юм, нүүлгэхээс нааш тэмцлээ зогсоохгүй. Өнөөдөр та нар явна, дараа нь дахиад л нээгдэнэ шүү дээ. Одоо хаасан нь зөвхөн бичиг баримт дутуу гэх шалтгаан байна, эднийг чинь бүрдүүлчихээд л буцаагаад онгойлгохгүй гэх ямар баталгаа байна” гэх асуултад хариулт нэхсээр үлдлээ. Эцэст нь асуудлын гол буруутан уучлалт гуйх ёстой гэж иргэд үзсэн тул Ч.Хүрэлбаатараас энэ эвдэж сүйтгэгдсэн байгаль орчин, ард иргэдээсээ уучлалт гуйхыг хүслээ. Ч.Хүрэлбаатар сайд “Өнөөдрийн үүссэн нөхцөл байдлыг бид мэдэж байгаа. Хар алт баг дээр үүсээд буй асуудалд хэн нэгэн хүн буруутай байж таарна. Хэрвээ сумын Засаг дарга нь хэрвээ уучлаарай гэж хэлж чадахгүй бол би уучлаач гэж өмнөөс нь хэлье” гэв. Иргэд “Сумын Засаг даргыг уучлалт гээгүй таныг уучлалт гуй гэж байна шүү дээ” гэсээр үлдлээ. УИХ-ын гишүүн, төрийн сайдын хувьд иргэдийн өмнө уучлал гуйхдаа дурамжхан байсны адил уучлалт гуйсны дараа иргэд ч мөн л дурамжхан үлдлээ. Төлөөлөгчид хотын зүг хөдөлсөн бөгөөд иргэд “суултаа үргэлжлүүлцгээе” гэсээр хоцров. Тэдний хэлж буйгаар энэхүү гадныхан бүхий л тоног төхөөрөмжөө аваад, лицензээ цуцлуулаад явсан цагт суултаа зогсоох гэнэ.