Санхүүгийн шинэ гэрээний дагуу “Рио Тинто” Оюутолгой төсөлд 3-4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, 1.5 сая ам.долларын түр хугацааны санхүүгийн гүүр байгуулж, Монголд дулааны цахилгаан станц барихаар төлөвлөж буйгаа мэдэгдлээ. “Айвенхоу Майнз”-ын менежментийн өөрчлөлт, Оюутолгой төслийн санхүүжилтын шинэ гэрээний тухай мэдээ цацагдсаны дараа тус компанийн хувьцаа Торонтогийн хөрөнгийн бирж дээр найман хувиар өсч, 12.61 ам.доллар болсон байна. Тэгвэл Монголд багагүй дуулиан дэгдээгээд байгаа “Айвенхоу Майнз”-ын охин компани “Саусгоби сэндс”-ийн хувьцааны ханш Хонконгийн хөрөнгийн бирж дээр 13,3 хувиар, Торонтогийн хөрөнгийн бирж дээр 12,4 хувиар буурчээ. Үүнийг ажиглагчид “Саусгоби сэндс”-ийн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас түдгэлзүүлсэнтэй холбон тайлбарлаж байна. Өмнөговийн Гурвантэс сумын нутагт орших Овооттолгойд олборлолт явуулж буй “Саусгоби сэндс” компани хяналтын хувьцааныхаа 57 хувийг Хятадын төрийн өмчит компани болох “Чалко”-д 889 сая ам.доллараар зарахаар гэрээ хэлэлцээр байгуулах болсонтой холбоотойгоор УИХ, Засгийн газар ямар нэгэн шийдвэр гартал Монгол Улсын Ашигт малтмалын газраас тус компанийн нэр дээрх бүх тусгай зөвшөөрлийг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан юм.
“Саусгоби сэндс” нь “Айвенхоу майнз”-ын охин компани бөгөөд хяналтын хувьцааныхаа 57 хувийг зарсан тохиолдолд Оюутолгой төслийн дараагийн шатыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зургаан тэрбум ам.долларын хөрөнгийг бүрдүүлэх боломжтой болж буйгаа мэдэгдсэн. Гэхдээ тус компанийн удирдлагыг “Рио Тинто” гартаа авснаар дээрх яриа хэлэлцээр ямар төвшинд үргэлжлэх нь тодорхойгүй боллоо. Гэхдээ “Рио Тинто” нь Хятадын төрийн өмчит “Чалко”-гийн толгой компани “Чайналко”-той түнш бөгөөд урьд нь Оюутолгойд Хятадын компаниудыг оруулах тухай тохиролцож байсан гэх яриа байдаг.
Харин монголчуудын хувьд Хятадын төрийн өмчит компани давуу эрхтэйгээр Монголын нүүрсний салбарт олборлолт явуулсан тохиолдолд хоёр орны Засгийн газрын хооронд асуудал үүсч магадгүй хэмээн болгоомжилж буй. Харин “Саусгоби сэндс” компани Ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрлийг нь цуцалсан албан ёсны шийдвэр ирээгүй учраас одоогоор үйл ажилагаагаа хэвийн явуулж байгаа аж. Тус компани “Хувьцааг худалдах асуудал Канадад явагдаж байгаа учраас одоо хүчин төгөлдөр мөгдөгдөж хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авах шаардлагагүй” гэдгээ хэвлэлээр мэдэгдсэн нь бий. Дээрх шуугиантай давхцаад өнгөрсөн лхагва гаригт УИХ-ын Тамгын газраас “Айвенхоу Майнзтай” байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ Монголд ямар ч ашиггүй гэсэн мэдээлэл хийсэн. Өөрөөр хэлбэл, Оюутолгой төслөөс жилд 200 сая ам.долларын ашиг хүртэхээр тооцсон ч 3,7 тэрбум ам.долларын зээл, хүүгийн өр гээд 63 жилийн турш улсын төсөв дарамттай байна гэсэн судалгааныхаа дүнг олон нийтэд танилцуулаад байгаа юм.
Энэ мэтээр сүүлийн үед хэвлэлээр дуулиан тариад буй “Айвенхоу Майнз”-ын гүйцэтгэх захирал Р.Фрийдланд Оюутолгойг “РиоТинто”-д, Овоотолгойг “Чалко”-д өгөх төлөвлөгөөгөө хэрэгжүүлчихээд Монголоос бүр мөсөн холдох бололтой.