
“Хөдөлмөрийн яармаг-2012”-аас ажил хайж ирсэн бүсгүй хэд хэдэн газарт ажилд орохоор анкет бүртгүүлснээ ярив. Эрүүл ахуйн мэргэжилтнээр их сургууль төгссөн тэрбээр мэргэжлийнхээ ажлыг хоёр жил хайж байгаа аж. Одоогоор мэргэжлийн бус ажил эрхэлж байгаа ч мэргэжлээрээ ажилламаар байгаагаа учирлав. Тус үзэсгэлэнд нээлттэй ажлын байрыг олон компани зарлаж. Тухайлбал, “Очир ундраа”-д барилгын инженер, сантехникч, зээлийн эдийн засагч, “Гермес-цахиур” цементийн үйлдвэрт машин механизмын инженер, технологич, “Интер” группт эдийн засагч, хүний нөөцийн, маркетингийн менежер, инженер, “Номин холдинг”-д борлуулалтын, цахилгааны менежер, хамгаалагчийн ажил сул байгаа юм байна. “Хөдөлмөрийн яармаг”-ийн нээлтийн ажиллагааны үеэр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди “Жил бүр их, дээд болон техник мэдээллийн сургуулиудын төгсөгчдийг ажил олгогч түншүүдтэй хамтарч, ажлын байраар хангах, мэдээлэл хүргэх зорилгоор хөдөлмөрийн яармагийг зохион байгуулдаг. Засгийн газраас зохиож байгаа энэ удаагийн хөдөлмөрийн яармагт 20 мянга гаруй оюутан оролцож байна. Энэ яармагийг угтаж оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр туршилтын хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүнд нийт 18 мянган оюутан хамрагдаж, цагийн болон түр ажлын байраар хангасан. Оюутнууд сурахын хажуугаар уг хөтөлбөрт хамрагдсанаар ажлын байран дээр гарахад шууд бэлтгэл болж байгаа юм. Тиймээс хөдөлмөрийн яармаг жилээс жилд үр дүнтэй болж байна” гэв. Энэ жил уг үзэсгэлэн яармагт хөдөө орон нутгаас аж ахуй нэгж болон оюутан залуус хүрэлцэн ирж оролцож байгаа гэнэ. Монгол Улсад төрийн болон хувийн нийт 71 Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 48134 оюутан суралцдаг аж. Харин одоогийн байдлаар нийт 10 гаруй мянган ажлын байр бэлэн байгаа бөгөөд ажил олгогчдын зүгээс тавьсан шаардлагыг ажил хайгч нь төгс хангаж чаддаггүйгээс ийнхүү сул орон тоот ажлын байр нээлттэй байгаа гэнэ лээ. Харин ажил хайж яваа 50 орчим насны эмэгтэй ихэнх ажлын байрууд нас заачихсан нь ажилд ороход багагүй бэрхшээлтэй байгаагаа ярьсан. Ажлаа хариуцлагатай, ажлын чадвартай байхад заавал нас заах хэрэгтэй гэж үү. Иргэд ажил хийх сонирхолгүй байна гэж аж ахуйн нэгжийнхэн шүүмжилж, харин иргэд ажилд орох гэхээр нас, зүс заадгийг буруутгаж байна лээ. Гээнэдээ ч бий, гоонодоо ч бий гэгчээр хэн, хэнд нь буруу байдаг л биз дээ.
