Хэрвээ эрхэм уншигч та иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн бол цахим үнэмлэх гартал хүлээх хэрэгтэй болох нь. Учир нь цахим иргэний үнэмлэхийг тараахтай холбоотойгоор иргэний үнэмлэхийг дахиж хэвлэхгүй болжээ. Он гарснаас хойш иргэний үнэмлэхийг хэвлэх ажлыг зогсоосон байна. “Нэгдүгээр сараас хойш иргэний үнэмлэхийг дахиж хэвлэхгүй байгаа. Хэрвээ иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын архиваас нэрээ шүүлгэж зурагтай магадлагаа авч болно” гэж Ч.Нямцэцэг ярьсан юм. Тиймээс эрхэм уншигч танд иргэний үнэмлэхээ хаяхгүй байх ганц л сонголт үлдлээ. Хэрвээ гээвэл хэзээ хэвлэгдэх нь мэдэгдэхгүй цахим үнэмлэхийг хүлээх хэрэгтэй болно. Энэхүү хүлээлт иргэний үнэмлэхний хугацаагаа сунгуулах хүмүүст ч хамаатай гэдгийг сануулъя.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагууд гуравдугаар сарын 29-ний өдөр мэдэгдэл хийж зургадугаар сарын 21 гэхэд иргэний цахим үнэмлэхийг тарааж дуусна гэж байсан ч хугацаандаа амжихааргүй болсон билээ. Үүнийг тэд цахим үнэмлэхийн чипний хэвлэлттэй холбон тайлбарлаж байгаа юм. Мөн цахим үнэмлэхийг хэвлэх машины программыг өөрчлөх хэрэгтэй болсон учир тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа аж. Ямар ч байсан зургадугаар сардаа тарааж амжихгүй гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа. “Хэзээ хэвлэж, хэзээ тарааж дуусахыг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан бид ярилцаж байгаа” гэж Ч.Нямцэцэг ярьсан юм.
Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүмүүс их, гадаа талбайд нь машины зогсоол олдохгүй байсан юм. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүмүүс чамгүй олон. Гэхдээ өмнөхөө бодвол харьцангуй бага байлаа. “Өдөржингөө дугаарладаг байсан нь багасчихаад байгаа юм. Хүмүүс чихэлдэж, хэрүүл, маргаан үүсэхгүй байгаа. Ер нь цаашдаа бүх дүүргийг ийм болгох хэрэгтэй” гэж Сүхбаатар дүүргийн иргэн Ч.Чинбат ярилаа. Энэ сарын 3-ны өдрөөс эхлэн Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн иргэд харьяа дүүргийнхээ Засаг даргын тамгын газраас үйлчилгээгээ авч эхэлжээ. Үүнээс хойш хүмүүсийн хөл хөдөлгөөн өмнөхөөсөө бага зэрэг татарсан байгаа харагдав.
Эд хөрөнгийн гэрчилгээгээ авахыг хүссэн хүмүүсийн ихэнх нь нэлээд эргэлзсэн байдалтай Улсын бүртгэлийн ерөнхий газрын хаалгыг татаж байсан юм. Учир нь зарим нэг цахим хуудсаар Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрыг татан буулгасан талаар мэдээлж байсантай холбоотой гэх. “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрыг татан буулгасан гэхээр нь гайхаж байлаа. Хаана байгаа юм бол гэж. Гэтэл байрандаа л байна” гэж Чингэлтэй дүүргийн иргэн н.Халтар ярьсан юм. Тэнд ажилладаг хүмүүсийн хэлж буйгаар сүүлийн хэд хоног хүмүүс эд хөрөнгийн үйлчилгээг хаанаас авахыг асуусан хүмүүс их болжээ. Тэр болгонд нь тэд хариу хэлээд, үйчилгээгээ үзүүлдэг гэх. Ямар ч байсан Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрыг татан буулгасан гэж санаа зовох хэрэггүй болжээ. “Энэ мэдээлэл ямар ч үндэслэлгүй. Эд хөрөнгийн эрхийн үйлчилгээг иргэний бүртгэлийн салбартай л нэгдүүлсэн дотоод зохицуулалт хийсэн. Түүнээс биш байрнаасаа нүүгээгүй. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын захирамжийн дагуу Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн иргэд харьяа дүүрэгтээ эд хөрөнгийн үйлчилгээгээ авч байгаа” гэж УБЕГ-ын Сургалт сурталчилгааны ахлах мэргэжилтэн Ч.Нямцэцэг хэлэв. УБЕГ-ын хэлтэс, албадууд огт татан буугдаагүй бөгөөд хэвийн ажиллж байна. Тэндээс та ганцхан хуучин үнэмлэх л авч чадахгүй.
Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар ямар ч байсан татан буугдаагүй байна. Иргэдийн ачааллыг багасгах үүднээс Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн иргэд харьяа дүүргийнхээ Засаг даргын тамгын газраас эд хөрөнгийн үйлчилгээ авдаг болсон. Гэсэн хэдий ч Улсын бүртгэлийн газарт хүний хөл хөдөлгөөн чамгүй байлаа. Цаашид бүх дүүргийг харьяа дүүрэгт нь эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээг хүргэдэг болохоор ажиллаж байгаа гэх. Улсын бүртгэлийн ерөнхий газарт иргэний үнэмлэхийг дахиж олгохгүй байснаас өөр ямар нэгэн доголдол алга. Хүмүүс дугаарлаж, машин бөөгнөрсөн хэвээр.