Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

Мөнгө үрэгчдийн клуб

Орос Их Британи, Францыг ардаа орхин цэргийн зардал хамгийн ихтэй гурван орны тоонд багтлаа. Америкийн цэргийн зардал өмнөхийн адил хамгийн өндөр хэвээр байгаа бөгөөд энэ нь Оросынхоос 10 дахин их байна. Оросын төсөв 2011 онд 72 тэрбум ам.доллар цэргийн зардалд зарцууллаа гэж Энх тайвны асуудал судалдаг Стокгольмын олон улсын институтийн (SIPRI) шинжээчид тооцов. Дэлхийн цэргийн зардлыг 1988 оноос эхлэн SIPRI мөрдөж байгаа юм. Тус институтийн мэдээгээр 1996-1998 онд цэргийн нийт зардал буурч байгаад одоо дахин өсч эхэлжээ.

Оросын армийг шинээр зэвсэглэх хөтөл­бөрийг сүүлийн хоёр жилд ерөнхийлөгч Дмитрий Медведев, ерөнхий сайд Владимир Путин нар зүтгүүлж, 2011 онд Оросын цэргийн зардлаар дэлхийн гурав дахь орон боллоо гэж Энх тайвны асуудал судалдаг Стокгольмын олон улсын институтийн (SIPRI) лхагва гаригт гаргасан илтгэлдээ тэмдэглэжээ.

Оросын цэргийн зардал 2011 онд 9,3 хувиар өсч 71,9 тэрбум ам.доллар болов. Оросын дараа Британи ($62,7 тэрбум), Франц ($62,5 тэрбум) улсууд орлоо. Жагсаалтын лидерүүд нь АНУ ($711 тэрбум), Хятад ($143 тэрбум) байна.

Оросын цэргийн зардал цаашид ч өсөх болно. Учир нь 2020 он хүртэл Зөвлөлт задарснаас хойших зэвсэглэлийн шинэчлэлийн хамгийн том хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм. Хэрэв эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэвэл 2014 онд цэргийн зардал нь тал хувиар нэмэгдэх болно. Гэхдээ Оросын цэрэг, аж үйлдвэрийн цогцолборын төвшний хүчин чадал бүх хөтөлбөрүүдийг бүрэн хэрэгжүүлэхэд дутна гэж Стокгольмын институт дүгнэсэн байна. Одоогоор алдагдалгүй байгаа гэх Оросын төсөв цэргийн зардлаа даахгүйд хүрнэ гэсэн дүгнэлт байгаа ч үүнээс болон өнгөрсөн жил Сангийн сайд Алексей Кудрин  огцорсон юм. Медведев, Путин нарын чангаар зарласан 20 их наяд рубль нь эх сурвалжаар хангагдаагүй гэж тэрээр огцрох үеэрээ мэдэгдсэн юм.

Хятад өнгөрсөн онд армидаа өмнөх жилийнхээс зургаан хувиар их, 2002 оныхоос хоёр дахин хөрөнгө  зарцуулжээ. “Хятад хөрш орнуудтайгаа худалдааны харилцааг эрчимжүүлж байгаа нь Энэтхэгтэй хилийн маргаан, Японтой арлуудын маргаан зэргийг дагалдуулсан” гэж институтийн мэргэжилтнүүд онцлов.

Орос, Хятадын цэргийн зардал өссөн нь цэргийн аж үйлдвэрүүдэд ноогдож буй ачаалал буурсантай эрс тэс өөр харагдаж байна. 1998-2010 онд цэргийн зардал тогтмол өсч оргил үед нь жилдээ 4,5 хувиар нэмэгдэж байсан. Харин өнгөрсөн жилд дэлхийн цэргийн зардал дөнгөж 0,3 хувиар нэмэгджээ.

Цэргийн зардлаа Хятад, Орос хоёр нэмэгдүүлсэн бол энэ жагсаалтын эхний 10 оронд багтах Бразили, Их Британи, Герман, Энэтхэг, АНУ ба Франц цэргийн төсвөө танасан байна. Америкийн цэргийн төсөв 1,2 хувиар буюу 8,7 тэрбум ам.доллараар хасагджээ. “Дэлхийн эдийн засгийн хямралын үр дагавар нэн ялангуяа АНУ ба Европт төсвийн алдагдлаа багасгахын тулд авсан арга хэмжээ нь зэвсэглэлийн зардлын сүүлийн 10 жилийн өсөлтийг өнөөгийн байдлаар зогсоогоод байна” хэмээн SIPRI-ийн хэвлэлийн мэдээнд цэргийн зардлын судалгааны төслийн удирдагч Сэм Перло-Фриман хэлсэн байна.

SIPRI дүгнэснээр энэ хандлагын үргэлжлэлийг ойрын жилүүдэд харах хэрэгтэй ажээ. АНУ өндөр үнэтэй шинэ зэвсгийн зарим хөтөлбөрөөс татгалзан цэргийн “суурь” төсвөө хязгаарлав. Мөн Афганистанаас цэргээ гаргаж эхэлсэн зэрэг нь Пентагонд нэмэлт хэдэн арван тэрбумыг хэмнэх бололцоо олгоно. Мөн ийм байдал Европын холбооны орнуудад ажиглагдаж байна. Их Британи, Герман, Франц зэрэг цэргийн томоохон гүрнүүд 2008 оноос хойш батлан хамгаалахын зардлаа 0,6, 1,4, болон 4 хувиар тус тус хасчээ.

Цэрэг, аж үйлдвэрийн цогцолборын бүтээгдэхүүнээ орлуулах чухал зах зээл болж буй Европын холбооны цэргийн талаараа хоёрдугаар зэргийн орнууд Грек, Испани ба Итали зэрэг нь өрийн хямралтай тэмцэн цэргийн зардлуудаа эрс хассан байна.  Гэхдээ л Перло-Фриманы үнэлгээгээр барууны орнуудын цэргийн зардлын уналт нь “Африк, Ази, Ойрхи Дорнодын орнуудын эрэлтийн дагуу хийсэн наймааны улмаас” нэмэгдсэн байж болно. Гэхдээ ямар нэгэн дайн гарвал энэ бүхнийг эрс эргүүлэх боломжтой.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж