
Нийт 631 буудлыг спортын оддоор нэрлэх нь олимпийн наадмыг сурталчлах бодлогын зэрэгцээ Лондонд зочлогчдыг төөрч будилахгүй, замаа амархан олоход туслах аж. “Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд хүрэхийн тулд Майкл Фелпс юм уу, Кассиус Клей гэсэн хоёр буудлын нэгд газардана” гээд хэлж өгвөл хэнд ч амар байх биз ээ. Метроны олон шугамыг спортын төрөл бүрээр ялган хуваарилсан бөгөөд хөлбөмбөгчид “Шар шугам”-ыг эзэгнэсэн байна. “Хавьер Машераногоос суугаад Карлос Тевес, Лионель Месси, Анхель ди Мария, Жей Жей Окоча, Нванкво Канугаар дамжаад…” гээд яривал ямар нэг тоглолтын гарааны бүрэлдэхүүний тухай өгүүлж байна гэж андуурав аа.
Цайвар цэнхэр шугамыг бокс, бөх, жүдо, таэквондо гээд халз тулааны спортын алдартнуудаар нэрлэжээ. Уг шугамын эцсийн зогсоолыг домогт Александр Карелинаар овоглосон ба Александр Медведь, Бувайсар Сайтиев, Махарбек Хадарцев, Сослан Андиев гээд үргэлжилнэ. Харин нөгөө эцсээс нь Ясүхиро Ямашита, Тадахиро Номура, Рёоко Тамүра, Масато Үчишиба, Антон Геесинк, Давид Дулье гээд жүдогийн домгуудын нэрийг харж болно.
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН”