
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин “АН-ын бүлгээс дөрөвдүгээр сарын 16-ны өдөр ирүүлсэн бичигт аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт зургадугаар сард явуулах, сум, дүүргийн иргэдийн Хурлын сонгуулийг намар явуулья гэсэн санал тавьсныг МАН-ын бүлэг өчигдөр хэлэлцсэн. Энэ асуудлаар өмнө нь ч нэг бус удаа ярилцаж байсан. Тухайлбал, гуравдугаар сарын 6-нд энэ талаар ярилцахдаа орон нутгийн сонгуулийн нэг хэсгийг УИХ-ын сонгуультай хамт, нөгөөг нь намар салгаж явуулах боломжгүй. Ингэвэл Үндсэн хуулийн заалтыг зөрчихөд хүрнэ. Хэрэв ингэвэл аймаг, нийслэлийн Хурал том учраас Их Хуралтай хамт, сум, дүүргийнх нь бага учраас намар сонгуулийг нь хийх гээд байгаа юм шиг байдал олон нийтэд ойлгогдоно. Эсвэл ач холбогдлоор нь эрэмбэлэх гээд байгаа юм шиг ташаа ойлголт бий болох учраас хүлээж авах боломжгүй гэж үзсэн” гэдгээ хэллээ. Тэгэхдээ хоёр сонгуулийг салгаж явуулна гээд хаяхгүй. Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэгт байгаа орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хуралтай холбоотой зарим асуудлаар зургадугаар сард болох УИХ-ын сонгуультай хамтатган ард нийтийн асуулга явуулж, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулья. Цогцоор нь шийдье гэж бүлгийн хурлаас шийдсэн гэдгийг мэдэгдэв.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл намуудын бүлгийн дарга нарын байр суурийг сонсоод “Бидэнд асуудлыг ухрааж хойш тавих цаг байхгүй. Цаг хугацаа биднийг хүлээхгүй. Бид энэ асуудлаар маргалдаж маш их цагийг өнгөрөөлөө. Үүнд УИХ-ын гишүүд цөмөөрөө тал талаас нь дүгнэлт хийх хэрэгтэй. Иймд хоёр намын бүлэгт маргаад байгаа асуудлаа өнөөдрийн дотор шийдэх хугацаа байна. Хоёр нам энэ асуудлаа өнөөдөр шийдэж чадахгүй бол УИХ-д бас хууль бий. УИХ-ын гишүүд өөрсдийнхөө бүрэн эрхийн хүрээнд аль ч намуудын эрх ашгийг биш, өөр өөрийнхөө саналаар саналаа хураалгаад явуулж бай гэсэн ард түмний мандат, ард түмнээс өгсөн тэр эрхээ ашиглаад асуудлыг шийдэхэд хууль зөрчсөнд орохгүй. Иймд бид энэ хуулийн маргааны асуудлыг шийдэхийн тулд хоёр намын бүлэгт сүүлчийн ярилцах боломжийг олгож байна. Үүнээс цааш ухрах, хойш тавих цаг байхгүй. Сонгууль явагдах тодорхой хугацаатай” гэдгийг намын бүлгийн ахлагч нарт хатуухан санууллаа.
Хэрэв намын бүлгүүд зөрүүтэй байгаа байр сууриа ойртуулж зөвшилцөлд хүрч чадахгүй бол УИХ-ын чуулганы маргаашийн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаас гаргасан санал дүгнэлтийг хэлэлцэж, гишүүд өөрсдийн итгэл үнэмшлийн дагуу саналаа өгөхөд хүрэх бололтой. УИХ-ын сонгуулийн товыг ирэх долоо хоногт зарлах гэж байхад Орон нутгийн Хурлын сонгуулийн асуудлыг нэг мөр шийдэж чадахгүй өдий хүрсэн нь намын бүлгүүд өөр өөрийн хатуу байр суурийг хамгаалж ирсэнтэй холбоотой юм.
УИХ-ын даргын зүгээс өмнө нь энэ асуудалд уян хатан хандаж, намын бүлгүүд байр сууриа ойртуулах, зөвшилцлийн замаар асуудлыг шийдэх боломж олгож байсан. Хэрэв намын бүлгүүд УИХ-ын даргын сануулгын дагуу өнөөдөртөө багтаж асуудлыг эцэслэх гарцыг хамдтаа олж чадахгүй бол маргааш эрхэм гишүүд аль товчлуураа дарахаас орон нутгийн Хурлын сонгуулийн хувь заяа шийдэгдэх бололтой.