
-НӨАТ-ын босгыг өөрчлөхөөр болсон юм байна. Хэдээс хэд болгож өөрчилж байгаа вэ?
-Я.Батсуурь, Ц.Сэдванчиг, Кёкүшюзан Д.Батбаяр нарын бидний хэсэг гишүүн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Хуулийн гол агуулга бол жижиг, дунд бизнес эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилготой. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хуулиар жилдээ 10 сая төгрөгийн борлуулалт хийсэн аж ахуйн нэгж НӨАТ төлөгч болдог. Үүнээс хойш энэ хуульд өөрчлөлт оруулаагүй. Гэтэл энэ хооронд эдийн засгийн байдал их өөрчлөгдсөн. Тэр үеийн 10 сая төгрөгийг өнөөгийн 10 сая төгрөгтэй харьцуулах аргагүй. Иймээс шинэ хуулийн төслөөр НӨАТ-ын доод босгыг 100 сая төгрөгөөр тогтоохоор тусгалаа.
-Босго өндөрсөөд ирэхээр зарим байгууллага татвараас чөлөөлөгдөх үү?
-Нийтдээ 20-иод мянган аж ахуйн нэгж татвараас чөлөөлөгдөнө.
-Ингэснээр улсын төсөвт нөлөөлөх үү?
-Судалгаа хийж үзэхэд үндсэндээ НӨАТ-ын 97-98 хувийг цөөн том аж ахуйн нэгжүүд бүрдүүлдэг. Хуулийг шинэчилж баталснаар улсын эдийн засаг, төсөвт өөрчлөлт орохгүй. Ийм учраас УИХ энэ хуулийг нэн яаралтай батлан гаргах байх гэж бодож байна.