Алслагдсан сумынханд нэмэгдэл олгоно

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

Алслагдсан сумынханд нэмэгдэл олгоно

УИХ-ын даргад сая Олон хүүхэдтэй эхчүүдэд урамшуулал олгох тухай,  Говийн болон алслагдсан бүсийн иргэдэд нэмэгдэл олгох тухай хуулийн төслийг өргөн барилаа. Энэ талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандигаас тодрууллаа.

-Олон хүүхэдтэй эхчүүдэд урамшуулал олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг сая өргөн барилаа. Энэ хуулийн онцлог юу вэ?

-Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан, тодорхой хэмжээгээр хүлээгдэж байсан хуулийн төсөл юм. Өмнө нь үйлчилж байсан хуулиудын хүрээнд авч үзэх юм бол эхэд олгож байсан урамшууллын хэмжээг нэмэгдүүлсэн. Эхийн хоёрдугаар одонтой эхчүүдэд 500 мянган төгрөг, нэгдүгээр одонтой эхчүүдэд нэг сая төгрөг, гурав дахь хүүхдээ төрүүлж өсгөж байгаа эхчүүдэд 300 мянган төгрөгийг урамшууллын хэлбэрээр олгох тухай хуулийн төсөл санаачилж оруулж ирж байна. Эхчүүдэд урамшуулал олгох асуудлыг үе үеийн Засгийн газар бодлого болгож авч явах ёстой. Ингэж байж цөөхөн хүн амаа өсгөх, ажиллаж хүчээ нөхөх ёстой. Үүнийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэнэ гэдэгт найдаж байна.

-Гурав дахь хүүхдээ төрүүлсэн эхийн тэтгэмжийг нэг удаа олгох уу?

-Нэг удаа олгоно.

-Говийн болон алслагдсан бүсэд амьдарч байгаа иргэдэд нэмэгдэл олгох тухай хуулийн төсөл ямар агуулгатай вэ?

-Говийн болон алслагдсан бүсэд амьдарч байгаа иргэдийн нийгмийн асуудал, амьжиргааг дэмжих, бүс нутгийн эрсдэл, төвлөрлийг сааруулах, шилжилт хөдөлгөөнийг багасгах, иргэдийн амьжиргаанд нийгэм, эдийн засгийн зүгээс учирч байгаа нөлөөллийг сааруулах зорилгоор төсөл оруулж байна. УИХ-ын тогтоолын төсөл болж гарах юм. Урьд нь зөвхөн говийн нэмэгдэл байдлаар тодорхой хэдэн аймаг, сумын хүрээнд үйлчилж байсан нэмэгдлийг өргөжүүлж алслагдсан бүс нутгийг багтааж өгсөн. Аймгийн төвөөсөө тодорхой хэмжээний алслалттай сум, багт амьдарч байгаа иргэдэд өнөөгийн Нийгмийн халамжийн шинэчлэгдсэн хуультай авцалдуулж өрхийн гишүүдийн амьжиргаанд нөлөөлөхүйцээр нэмэгдэл олгоё гэж байгаа. Зарим татварын хөнгөлөлт, сангуудын үйл ажиллагаа зэргээр мөн дэмжлэг үзүүлэх юм. Хаврын чуулганд багтааж хэлэлцэж өгнө гэж найдаж байгаа гэлээ.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж