Олимпийн тамирчид Ерөнхийлөгчид “илтгэв”

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

Олимпийн тамирчид Ерөнхийлөгчид “илтгэв”

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг зуны XXX олимпийн наадам Английн нийслэл Лондон хотноо эхлэхэд 100 хоног үлдээд байна. Олимпийн наадмыг цаг тоолон хүлээх хугацаа тун бага үлдсэн гэдгийг сануулах, үүгээрээ олимпийн тамирчдын зорилго, хүсэл тэмүүллийг хурцлах арга хэмжээ өчигдөр Лондон хотноо болж, яг 100 хоногийн дараа буюу 2012 оны долдугаар сарын 27-нд Будант Албьонд олимпийн галт бамбар бадамлан асахыг дэлхий нийтэд тунхаглав. Дэлхийн өнцөг булан бүрт, олимпийн эрхийн төлөө, эрхээ өвөртөлсөн нэгний хувьд олимпийн талбарт хүчирхэг өрсөлдөгч байхын тулд бэлтгэл сургуулилтаа чамбайруулж буй энэ цаг мөчид Монголын спортын салбарынхан ч хөл хөдөлгөөнтэй байна. Эрх авсан тамирчдын хувьд нэг талаар айдгаа ардаа хийсэн ч нөгөө талаар хамгийн хүнд бөгөөд хариуцлагатай даваа өмнө нь хүлээж байгаа. Харин хараахан эрхээ авч амжаагүй тамирчдын хувьд Лондонгийн олимпод оролцох, их түүхийн нэгээхэн гэрч болон үлдэх ховор боломж, завшааны төлөө биеэ дайчилж байна.

Тэгвэл, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Лондонгийн олимп, олимпийн эрхийн төлөө хүч чадлаа нөөж буй шигшээ багийн тамирчдын бэлтгэлтэй танилцлаа. Төрийн тэргүүн Спортын төв ордонд байрлах жүдо, чөлөөт бөх, бокс, хүндийг өргөлтийн шигшээ багийнхны бэлтгэлийн танхимаар зочилж, тамирчдын бэлтгэлтэй танилцаад, дараа нь хурлын танхимд спортын салбарын удирдлага, тамирчин, дасгалжуулагч, сэтгүүлчидтэй уулзсан юм.

Өнөөдрийн байдлаар Монголын 14 тамирчин албан ёсоор олимпийн эрхээ аваад буй. Дээрээс нь жүдо бөхийн эрэгтэй, эмэгтэй нийт 10 жинд 13 тамирчин эрхийн болзол хангасан, энэ сарын сүүлээр Узбекистаны нийслэл Ташкент хотноо болох Азийн аварга шалгаруулах тэмцээний дараагаар жүдочдын эрхийн батламж ирэх учиртай. Тэгэхээр ямартай ч 24 тамирчин Лондонг зорих нь тодорхой болоод байна. Цаашид ч олимп хүртэлх хугацаанд олимпийн эрх олгох олон тэмцээн, уралдаан байгаа тул 30 тамирчнаа Лондонд илгээх зорилго тавьсан Монголын зорилт 100 хувьтай биелэх боломж бий. Эрх авсан тамирчдын тухайд спортын найман төрөл, пара спортыг нэмбэл есөн төрөл болно. Эдгээр төрөлд баг тамирчдыг хариуцаж буй шигшээ багийн дасгалжуулагчид тамирчдаа Ерөнхийлөгчид  танилцуулсан юм.

“Лондон-2012” олимпод оролцох эрхээ авсан тамирчид:

  1. Б.Сэр-Од /хөнгөн атлетик, марафон/
  2. Л.Отгонбаяр /хөнгөн атлетик, марафон/
  3. О.Гүндэгмаа /буудлага, гар буу/
  4. Ж.Гантөгс /байт харваа/
  5. О.Насанбурмаа /чөлөөт бөх, эмэгтэй 63 кг/
  6. Ж.Чулуунбат /чөлөөт бөх, эрэгтэй 120 кг/
  7. П.Сэрдамба /бокс, 49 кг/
  8. У.Мөнх-Эрдэнэ /бокс, 64 кг/
  9. Б.Урантунгалаг /байт харваа/
  10. Н.Баяраа /буудлага, урт буу/
  11. А.Тамир /усан спорт/
  12. Г.Оюунгэрэл /усан спорт/
  13. Н.Төгсцогт /бокс, 52 кг/
  14. Б.Түвшинбат /бокс, 69 кг/

Ерөнхийлөгч Байтын холбооны “Хүндэт ерөнхийлөгч”

“Бээжин-2008” паралимпийн наадмаас Д.Баатаржав аваргын алтан медаль хүртсэнээр монголчууд олимпийн цагаргийг алт, мөнгөн медалиар дүүргэсэн билээ. Паралимпийн наадмаас анхны аваргаа өлгийдөн авсны дараа тухайн үед Ардчилсан намын даргын алба хашиж байсан Ц.Элбэгдорж байтын спортыг биечилж дэмжихээр шийдсэн гэнэ. Тиймдээ ч байтын спортод элэгтэй ханддаг тэрбээр Монголын байт харвааны холбооны Хүндэт ерөнхийлөгч ажээ. Байтын спорт зардал өндөртэй, харвадаг нум, сум гээд спорт хэрэгсэл нь үнэтэй, тиймээс аливаа хувь хүн, албан байгууллага боломжтой бол спортын салбарыг дэмжих нь зүйтэй гэдгийг Ерөнхийлөгч онцолсон юм.

Монголын байтын тамирчдын тухайд хувийн харваанд хоёр тамирчин эрхээ авсан тухай байт харвааны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Бадамхатан Ерөнхийлөгчид танилцуулсан. ОУХМ Ж.Гантөгс өнгөрсөн оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд IX байрт шалгарснаар олимпийн эрхээ өвөртөлсөн бол ОУХМ Б.Урантунгалаг мөн өнгөрсөн оны сүүлээр Ираны нийслэл Тегеран хотноо болсон олимпийн эрх олгох Азийн бүсийн тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, Лондонг зорих эрхтэй болжээ. Харин одоо байтынхны гол зорилго ирэх зургадугаар сарын 18-25-нд болох олимпийн эрх олгох багийн тэмцээн гэнэ. Хувийн харваанд хоёр тамирчнаа олимпийн талбарт сойх эрхтэй болсон байтынхан багийн төрөлд ч мөн эрэгтэй, эмэгтэй багаар оролцох зорилго тавин ажиллаж буй ажээ. Нэмэлт мэдээлэл хүргэхэд, он гарсаар хилийн дээс алхсан байтын шигшээ багийн тамирчид Тайландад хоёр сар гаруй хугацаанд олон улсын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийгээд өнгөрөгч даваа гаригийн шөнө эх орондоо ирсэн байна. Энэ хугацаанд тэд Тайландад Азийн гран-при болон дотоодын чанартай нээлттэй тэмцээнд, улмаар нутаг буцах замдаа Шанхай хотноо “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцжээ. Азийн гран-при тэмцээнээс Б.Урантунгалаг Монголын тамирчдын оролцдог Recurve төрөлд анх удаа хүрэл медаль зүүсэн бол Шанхайд болсон энэ оны анхны “Дэлхийн цом”-ын цувралаас Ж.Гантөгс, Б.Урантунгалаг нар холимог хосын төрөлд дэлхийн 35 орны багаас тавдугаар байрт шалгарсан байна. Түүнчлэн тэмцээний үеэр ОУХМ Ж.Гантөгс өөрийн эзэмшдэг хоёр зайн улсын рекорд болох 661 оноог 668 болгож, ахиулжээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монголын байтын шигшээ багийн тамирчид улсын дээд амжилтыг 50 гаруй удаа шинэчилсэн гэх бахдам мэдээллийг ч мөн Ц.Бадамхатан дасгалжуулагч өглөө. Тэд ирэх бямба гаригт “Дэлхийн цом”-ын ээлжит цувралд цэц сорихоор хилийн дээс алхах гэж буй ажээ.

Б.Сэр-Од хар тивийнхэнтэй хүч тэнцүү өрсөлдөж буй
Азийн цор ганц төлөөлөл

“Бээжин-2008” зуны олимпийн наадамд анх удаа олимпийн эрхийн болзол биелүүлж, тамирчнаа илгээж байсан Монголын хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчид энэ удаад хоёр тамирчнаа сойх гэж байна. Монголын спортын отгон гавьяатуудын нэг Б.Сэр-Од Монголын тамирчдын салхийг хагалж, хамгийн түрүүнд олимпийн эрхээ авсан. Өдгөө олимпийн нийслэл Лондон хотноо бэлтгэлээ базааж буй тэрбээр Кени, Этиоп зэрэг холын зайд ноёрхогч хар тивийн орны тамирчидтай мөр зэрэгцэн өрсөлдөж байгаа Азийн хүчтэй өрсөлдөгч. Өнгөрсөн долоо хоногт болсон Брайтоны марафонд Кенийн гурван тамирчны араас дөрөвдүгээр байрт хурдалсан, мөн топ 10-т Кени, Этиопийн марафончдын дунд цор ганц Азийн төлөөлөл байснаараа тэр дээрх үнэлэмжийг баталж чадсан юм.

Монголчууд 1964 онд хөнгөн атлетикийн төрлөөр олимпийн наадамд оролцож байсан. Харин энэ жил хоёр ч тамирчнаа марафоны төрөлд сойхоор болсон нь Гавьяат тамирчин Б.Сэр-Од болоод ОУХМ Л.Отгонбаяр. Дахин нэг эрхийн төлөө тавдугаар сарын 27-нд өөр нэг тамирчин уралдах гэнэ. Тамирчны тэсвэр, тэвчээрийг чинээнд нь тултал шавхдаг марафоны төрлөөр хичээллэж, монгол хүний хатуужил, тэсвэр тэвчээрийг харуулж байгаа Б.Сэр-Од Лондон хотноо хоёр сар гаруй хугацаанд бэлтгэлээ базаагаад энэ сарын 27-нд эх орондоо ирэх бол Л.Отгонбаяр мөн Бээжин хотноо олимпийн бэлтгэлээ хангаж байгаа мэдээллийг дасгалжуулагч Б.Батцэнгэл өгсөн юм. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “20 км зайд ч гүйгээд л шуудангаа тараадаг Кени, Этиопын тамирчидтай эн зэрэгцэн монгол хүн гүйж байгаа нь бахархалтай хэрэг” гэдгийг онцолж байлаа.

О.Гүндэгмаа ба түүний нөхөд олимпийн “нийслэл”-д

“Олимп”-иор овоглосон Гүндэгмаа тэргүүтэй буудлагын шигшээ багийн тамирчид энэ өдрүүдэд Лондон хотноо олимпийн өмнөх гол сорил тэмцээнд оролцож байна. Гуравдугаар сарын 1-нээс эхлэн Польшид 42 хоногийн хамтарсан бэлтгэл хийсэн мэргэн буучид тэндээсээ шууд Лондонг зориод байгаа юм. Тус тэмцээнд Монголын таван тамирчин оролцож байна. Харин олимпийн талбарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа болоод ОУХМ Н.Баяраа нар онч мэргэн сорино. Тав дахь олимпийн бэлтгэлээ хангаж буй О.Гүндэгмаа гар бууны төрөлд, харин Н.Баяраа урт бууны дасгалд өрсөлдөх юм.

Буудлагынхан олимпийн өмнө тавдугаар сарын 13-нд Италийн Миланд, удалгүй тавдугаар сарын 23-нд Германы Мюнхенд болох “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцох аж. Хэдийгээр олимпийн эрх олгох тэмцээн, уралдаан хэдийнэ өндөрлөсөн ч дээрх хоёр тэмцээн олимпийн өмнөх сорил болох юм.

Монголын буудлага спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид дээрх мэдээллийг танилцуулсан. Энэ үеэр мөн буудлагын тамирчдын сумны тээвэрлэлтийн асуудал хүндрэлтэй байдаг. Учир нь галт зэвсэг учир хойд, өмнөд хөршийн хилээр нэвтрүүлэхэд элдэв бэрхшээл тулгардаг тухай Ерөнхийлөгчид дуулгасан юм. Ерөнхийлөгч ч энэ асуудлыг анхааралдаа авч, тусалж, дэмжинэ гэдгээ илэрхийлэв.

“Анх удаа 50 метрийн бассейнд бэлтгэл хийнэ”

Олон улсын усан спортын холбоо /FINA/-ноос манай улсад олимпийн хоёр эрх олгосны дагуу А.Тамир, Г.Оюунгэрэл нарын хоёр тамирчин урилгаар олимпод оролцох боломжтой болсон билээ. Эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдөх А.Тамир нь хоёр дахь олимпдоо хурд сорих гэж буй. Тэрбээр 100 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд өрсөлдөнө. Энэ төрөлд А.Тамир 50 метрийн зайд улсын дээд рекорд эзэмшдэг юм байна. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Г.Оюунгэрэл өрсөлдөнө. 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд өрсөлдөх тэрбээр 50 метрт, дээрх төрөлд улсын дээд амжилтын эзэн гэнэ.

Олимпод оролцох Монголын усан спортын багийн тухайд олимпийн эрх олгох стандарт цаг буюу олимпийн нормативд ойртож очих зорилго тавиад буй гэдгийг дасгалжуулагч Б.Дөлгөөн хэлсэн. Олимпийн бэлтгэлээ базаахаар тэд ирэх долоо хоногийн сүүлээр Улан-Үдийг зорих аж. Монголд одоохондоо олон улсын стандартад нийцсэн 50 метрийн усан сан байхгүй тул тэд анх удаа стандарт хэмжээ бүхий усан санд бэлтгэл хийхээр хилийн дээс алхах гэж буй гэнэ. Үргэлжлүүлээд Казахстанд мөн 50 метрийн усан санд бэлтгэл хийхээр төлөвлөж байгаа юм байна.

АНУ-ын усан спортын “акул” гэж болох Майкл Фелпс Бээжингийн олимпиос найман алтан медаль хүртэж, агуу түүхийн эзэн болсон. Нэгэнт усан спортоор олимпиос медалийн хур буулгах боломжтойг харуулсан тул монголчууд усан спортод ихээхэн анхаарал хандуулах ёстой, спортын салбарын удирдлагууд ч үүнийг анхааралдаа авч ажиллаж байгаа гэдгийг Ерөнхийлөгч хэлж байсан.

Жүдочид хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр Лондонг зорино

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны дүрмийн дагуу жин тус бүрт чансааны эрэмбийн дагуу олимпийн наадмыг зорих эрхтэй болдог. Жилийн туршид бэлтгэлтэй байж, тэмцээн, уралдаан алгасалгүй оролцож гэмээнэ олимпийн эрхээ авдаг жүдочдын тухайд эрэгтэйчүүдийн долоон жинд чансаагаараа эхний 22, харин эмэгтэй эхний 20-д эрэмбэлэгдсэн тамирчид Лондонг зорих юм. Тэгвэл, Монголын жүдочдын тухайд одоогоор давхардсан байдлаар 10 жингийн ангилалд 13 тамирчин олимпийн эрхийн болзол хангаад байна. Харамсалтай нь, нэг жинд нэг л тамирчин улсаа төлөөлөх тул давхардсан тамирчдаас нэг нь л олимпийн татамид гарна. Монголын багаас эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд гурав, 66 кг-ын жинд хоёр тамирчин олимпийн эрх бүхий байрлалд багтаад байгаа. Узбекистаны нийслэл Ташкент хотноо энэ сарын сүүлээр Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Олимпийн эрхийн оноо олгох сүүлчийн тэмцээнээс Монголын тамирчид нэмж 1-2 эрх авахаар төлөвлөөд буй тухай жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням хэлж байсан.

Харин Ерөнхийлөгчийн зүгээс жүдогийн спортоор хичээллэж, олон улс, тив, дэлхий, олимпийн тавцанд өндөр амжилт гаргах боломж монголчуудад бий гэдэг нь нэгэнт харагдсан зүйл. Тиймээс энэ спортыг бодлогоор дэмжиж, сургууль бүрийн сургалтын хөтөлбөрт байдаг биеийн тамирын хичээлийг төрөлжүүлж, их, дээд сургууль бүр спорт багтай болох, түүний нэг нь жүдо байвал ирээдүйд амжилтаа ахиулна гэж харж байгаагаа Ерөнхийлөгч дуулгасан юм.

Э.Бадар-Ууган Ерөнхийлөгчийн хамт олимп үзнэ

Монголын боксын шигшээ багийн тамирчдын хувьд эрэгтэй тамирчид өнгөрсөн жил Азербайжанд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр эрх авсан. Харин саяхан Казахстаны Астанад болсон олимпийн эрх олгох Азийн тэмцээнээс хоёр эрх авснаар дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй Лондонг зорих болсон билээ. Өмнө нь ДАШТ, мөн эрх олгох хоёр ч тэмцээнээс олимпийн эрх авдаг байсан бол энэ жил нэг тэмцээн хасагдсан юм.

Харин эмэгтэй боксчдын тухайд ирэх тавдугаар сард БНХАУ-д болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний найман байрт шалгарсан тамирчдад эрх олгоно. Олимпийн наадмын хөтөлбөрт анх удаа багтсан боксын эмэгтэй төрөлд дөрвөн жингээс Монголын тамирчид 51, 60, 75 кг гэсэн гурван жинд эрх авахаар төлөвлөж буй гэнэ.

Дэлхийн хэмжээнд дээгүүрт бичигдэж буй Монголын боксчид өнгөрсөн жил чансаагаараа тавдугаар байрт, харин энэ жил долдугаар байрт эрэмбэлэгдээд байна. Хоёр сая гаруйхан хүн амтай манай улсын хувьд боксын спортоор дэлхийн хэмжээнд эхний 10-т багтана гэдэг маш том, бахархууштай, гайхамшигтай амжилт гэдгийг ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ үеэр нэгэн таатай мэдээ дуулгасан нь Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган Ерөнхийлөгчтэй хамт Лондонгийн олимпийг үзэх гэнэ. Ерөнхийлөгч олимпийн наадамд очихдоо хоёр хүндэт зочин дагуулж явах эрхтэй байдаг, харин тэр хоёр зочныхоо нэгээр Э.Бадар-Ууганыг сонгосон гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. Эрүүл мэнд, гэмтэл бэртлийн улмаас олимпийн наадмыг өнжих хүнд бөгөөд хариуцлагатай шийдвэр гаргасан тэрбээр рингэнд гарч тулалдахгүй ч бусад тамирчдадаа зөвлөгөө өгч, Ерөнхийлөгчийг дагалдан олимпийн уур амьсгалыг мэдрэх боломжтой болж байна.

Чөлөөтийнхөнд эрх олгох хоёр тэмцээн бий

Туркийн Стамбул хотноо болсон 2011 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын чөлөөт бөхийн тамирчид хоёр эрх авсан. Энэ сарын эхээр эрх олгох Азийн бүсийн тэмцээн болсон ч нэмж эрх авч чадаагүй тэднийг одоо хоёр тэмцээн хүлээж буй. Эхнийх нь дөрөвдүгээр сарын 27-29-нд БНХАУ-ын Тайюань хотод болох бол Финляндын нийслэл Хельсинк хотод тавдугаар сарын 2-6-нд олимпийн эрх олгох сүүлийн тэмцээн болно.

Олимпийн хөтөлбөрт багтсан эрэгтэй долоо, эмэгтэй дөрөв, нийт 11 жин байдгаас Монголын баг одоогоор эрэгтэйчүүдийн 120 кг ОУХМ Ж.Чулуунбат, эмэгтэйчүүдийн 63 кг-д Гавьяат тамирчин О.Насанбурмаа эрхээ аваад байгаа. Харин одоо үлдсэн хоёр тэмцээнд бусад есөн жинд тамирчдаа сойно, ингэхдээ 50-иас дээш хувьд нь эрх авахаар зорьж буйгаа тухайгаа шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Цэдэнсодном дуулгасан юм.

Түүнчлэн хүндийг өргөлтийн шигшээ багийн дасгалжуулагч Г.Энэбиш шигшээ багийн тамирчдын хамт Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор эх орноосоо мордох гэж буй тухай Ерөнхийлөгчид танилцуулсан. Шигшээ багийн 15 тамирчин олимпийн эрх олгох сүүлийн тэмцээн болох Азийн аваргад оролцохоор ирэх ням гаригт хилийн дээс алхах аж. Мөн пара жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч мэдээлэл хийж, энэ төрөлд дөрвөн тамирчин оролцох болсныг хэлэв. Бээжингийн паралимпад Монгол Улсаас пара жүдо бөхийн төрөлд нэг тамирчин оролцож байсан бол энэ удаа дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй, тодруулбал, эмэгтэй 52 кг, эрэгтэйчүүдийн 60, 66, 90 кг-ын жинд оролцох юм.

Эцэст нь, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лондонгийн олимпийн өмнөх нь хүлээлтийн төвшин өндөр байгаа гэдгийг хэлээд, олимпийн тамирчдадаа амжилт хүслээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж