С.ӨЛЗИЙХҮҮ: Би өөрөөрөө л баймаар байна

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

С.ӨЛЗИЙХҮҮ: Би өөрөөрөө л баймаар байна

 “Өнгөт инээд” хамтлагийн жүжигчин С.ӨЛЗИЙХҮҮТЭЙ ярилцлаа.

-“Цахилж
яваа гөрөөс”, “Их хааны удам”, “Бүсгүй завилгаа”, “Зүүдэнд ирсэн
хонгорхон ижий” зэрэг олон кинонд та дүр бүтээсэн. Жүжигчин болох таны
багын мөрөөдөл байв уу?

-Үгүй, би дуулах
авьяастай, урлагийн үзлэгт байнга ордог хүүхэд байсан. Багаасаа уран
зохиолын ном их уншдаг байсан минь ч жүжигчин болох эх суурь болсон
байх.

-Нээрээ таныг номд “хорхойтой” гэж сонссон. Сүүлд ямар ном уншсан бэ?

-Шадар
гурван цэрэг, Монте кристо гүн, Айвенго, Дөлгөөн Дон гэх мэт ширээний
номууд олон. Сүүлийн үед далдын хүч, байгалийн хууль, зөн билэг, сэрэл
гэгээрлийн чиглэлээр бичигдсэн номууд уншиж байгаа. Номтой нөхөрлөж,
жүжигчин болсондоо би сэтгэл хангалуун явдаг.

-Хүний
хаанаас ийм жүжиглэлт гардаг байна аа гэмээр олон талын авьяас танаас
үнэртдэг. Энэ бурхан тэнгэрийн хишиг үү, цаг хугацааны шалгуураар бий
болсон уу?

-Жүжигчин, тэр дундаа хошин
урлагийн жүжигчид маш олон талын авьяастай байх шаардлагатай. Учир нь
нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг уран сайхны аргаар, ёгтлон
үзүүлдгээрээ арай олон талын жүжиглэлт шаарддаг. Тэр утгаараа хошин
урлаг бүх урлагийг өөртөө нэгтгэсэн синтетик болж хувирч байна.
Жүжигчин хүн өөрийн авьяаснаас гадна туршлага хуримтлуулж байж сайн
дүрийг бүтээдэг. Би ч мөн ялгаагүй энэ зарчмыг баримталж өөрийгөө цаг
ямагт хөгжүүлэхийг хичээдэг. Уг нь би дуучин болох байсан. Гэхдээ
бурхан яагаад ч юм намайг жүжигчин хувь заяанд төрүүлсэн байна.

-Хошин урлагийнхныг нүд үзүүрлэх хүн бишгүй байх юм. Гудамжны урлаг гэх мэтээр үздэг. Та үүнд ямар байр сууринаас ханддаг вэ?

-Харин
ч манай хошин урлаг хөгжөөд байгаа шүү дээ. Анх ганц театр байсан бол,
одоо 4, 5 продакшн бий боллоо. Энэ бол нийгмийн захиалга.

-Шүүмжилэлттэй талаас нь асуусан юм л даа?

-Манайхны
сонгодог урлагтай харьцуулах гээд хэрэггүй. Яагаад гэвэл энэ хоёр урлаг
хоорондоо асар их ялгаатай. Бид урлагийн нэгэн салбарыг л хөгжүүлэх гэж
яваа. Аливаа юмны салбар хөгжиж байж төв цэг нь үнэ цэнээ олдог. Мэдээж
хошин урлагийн хэмжээ ихэдвэл гашуун, багадвал амтгүй болно.

-Нийгэмд болж бүтэхгүй байгаа ямар нэгэн зүйлээс залхаж байна уу?

-Аливаа
хүний хайхрамж болгоомжгүйгээс, эсвэл зориудаар хийсэн сөрөг зүйлүүд
нийгмийг бухимдалд оруулж байна. Жишээ нь хүний наймаа, архинд хордох
асуудал гэдэг ч юм уу, энэ бол цэвэр хүний ухамсар, мөн чанартай
холбоотой болохоор ийм төрлийн гэмт хэргүүд гарахгүй байх боломжтой.
Үүнд л миний сэтгэл эмзэглэж явдаг.

-Та ажлынхаа хажуугаар “12 давхар” нэвтрүүлэг хөтөлдөг. Цаг, заваа зохицуулах тухайд асуумаар байна?

-Ер
нь манай ажил золиос шаарддаг. Урлагийн хүн өөрийгөө болон хувийн
амьдралаа хойш тавьж байж л чин сэтгэлийн сайн бүтээл гардаг. Сэтгэлээс
гарсан бүтээл гэдэг юутай ч зүйрлэшгүй, хүч хөдөлмөрийн үр шимээр
бүтсэн байдаг. Тиймээс би тайзан дээр уйлж дуулж байхдаа сэтгэл
ханамжийг авдаг.

-Энэ их ажлынхаа алжаалыг яаж тайлдаг вэ?

-Унтаж.

-Охиддоо эх хүний хувьд цаг гаргаж байна уу?

-Хэдийгээр
цаг наргүй ажилтай ч хоёр охиндоо аль болох эхийн сэтгэл, андын
нөхөрлөлөөр дотно, нээлттэй байхыг боддог. Тэд хараахан мэргэжлээ
сонгох нас болоогүй.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байна?

-Бассейнд
явж, фитнесээр хичээллэдэг. Гэр бүлээрээ агаарт салхинд гарах сайхан
байдаг. Хүн ер нь өөртөө аль болох чөлөөт цаг, зав гаргаж байх
хэрэгтэй. Манайхан завгүй, завгүй гэж явсаар өөртөө анхаарал тавьж,
хайрлахаа мартсан байдаг. Би аль болох хөдөлгөөнтэй байхыг эрхэмлэдэг.
Хөдөлгөөн хүнийг эрүүл, залуу хэвээр нь байлгаж чадна.

-Мэдээж
урлагийн хүн бусдад үлгэр дуурайл болохоор өөрийн гэсэн гоо сайхантай
байдаг. Таны хувьд гоо сайхнаа хадгалахын тулд ямар зарчим барьж байна?

-Эрүүл
агаарт гарч, маш сайн унтаж амардаг. Мөн сард нэг удаа гоо сайханд
орно. Биеийнхээ галбирыг хадгалахын тулд бассейн, фитнест явж байна.
Дээрээс нь сэргэтэл сайхан инээж элгээ амраана.

-Тэгвэл таныг хэн нэгний оронд нэг сар бол гэвэл…?

-Би
өөрөөрөө л баймаар байна. Энэ орчлонд намайг давтах хэн ч байхгүй. Би
ганц хувь. Заавал хэн нэгэн бол гэвэл хүүхэд болно. Яагаад гэвэл
хүүхдийн сэтгэл хал үзээгүйгээр барахгүй, цас шиг ариухан байдагтаа
бурханы дайтай хүндлэгддэг.

-Бурхан гэснээс та юунд сүслэн залбирч хэнийг биширч дээдэлдэг вэ?

-Би
төрсөн нутаг, дөрвөн ууландаа болон аав ээждээ залбирч өдий зэрэгтэй
хүн хийсэнд нь хариуд үргэлж цай идээнийхээ дээжийг өргөдөг. Мөн
Мандухай цэцэн хатан түүнтэй эн зэрэгцэх түүхэн эмэгтэйчүүдийг биширч
явдаг.

2008 оны 4 сарын 30

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж