Иргэд хувьцаатай эсэхээ нотлох тусгай баримт хүсэж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

Иргэд хувьцаатай эсэхээ нотлох тусгай баримт хүсэж байна

Засгийн газраас стратегийн нөөц бүхий уул уурхайн томоохон ордуудаас орж ирсэн орлогоос иргэн бүрт хувь, хишиг хүртээхээр болсон. Гэвч иргэд энэ шийдвэрийн ойлгомжгүй, тодорхойгүй асуудал их байгааг хэлж байна. Хувь, хишиг олгох талаар УИХ-ын 39, 57 дугаар тогтоол зөрүүтэй байгаагаас болж нэг сая төгрөгийг чухам ямар журмаар яаж олгохыг энэ сарын эхэн хүртэл шийдээгүй байв. Тодруулбал, аль нэгэн тогтоолыг нь хүчингүй болгож байж энэ мөнгийг олгох асуудал яригдаж байсан. Учир нь 39 дүгээр тогтоолын хоёрдугаар хэсэгт “Тавантолгойн нүүрс­ний ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” ком­панийн хувьцааны 50 хүр­тэлх хувийг иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлнэ” гэж заасан. Гэтэл УИХ-ын 57 дугаар тогтоолын наймдугаар зүйлд зөвхөн “1.5 сая төгрөг олгох арга хэмжээний хүрээнд нэг сая төгрөгтэй тэнцэх нэрлэсэн үнэ бүхий хувьцааг иргэн бүрт олгоно” гэжээ. Ямартай ч Засгийн газрын эцсийн шийдвэрээр үлдсэн нэг сая төгрөгөө аваагүй иргэдэд “Эрдэнэс МГЛ” компанийн хувьцаанаас 1072 ширхэг хувьцааг өгөх, мөн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бэлэн мөнгө, хувьцаа хоёроос сонгож болох хувилбар дээр тогтсон. Гэтэл иргэдэд дээрх хувьцаатай холбоотой тодорхойгүй зүйл байгаа талаар дээр дурьдсан. Тухайлбал, 1072 ширхэг хувьцааны нэрлэсэн нэгж үнэ нь хэдэн төгрөгтэй тэнцэх, хэзээнээс яаж олгож эхлэх, хувьцаагаа авахын тулд иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх, мөн иргэд ямар байр суурьтай байгаа талаар сурвалжиллаа.

-1072 ширхэг хувьцааны нэгж бүрийн нэрлэсэн үнэ нь хэдэн төгрөг вэ?

Энэ асуултад хариулт авахаар эхлээд Сангийн яамыг зорьлоо. Төс­вийн орлого, зарлага гээд улсын мөн­гөний сан энэ яаманд бүрэн хамаа­ралтай. Бас Хүний хөгжил сан хариуцсан алба нь энд байдаг. Ин­гээд тус яамны Төсвийн бодлогын газрын Хүний хөгжил сангийн дар­га О.Хуягцогтоос зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Зах зээлийн үнээс хамааралгүй хувьцааны нэгж бүрийн нэрлэсэн үнийг Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс МГЛ” ком­пани тогтооно. Хамгийн гол нь Засгийн газрын тогтоол ёсоор Та­вантолгойн хувьцааг олон улсын Хөрөнгийн бирж дээр арилжихаас өмнө иргэдэд олгож дуусна гэсэн үг” хэмээн хувьцааны нэгж бүрийн үнийг энэ газар тогтоодоггүйг хэл­лээ. “Эрдэнэс МГЛ” компани нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай. Үүний гурван тэрбум ширхэг хувьцааг иргэдэд олгож байгаа. Харин 10 хувийг нь УИХ-ын 39 дүгээр тог­тоолын 2.б-д зааснаар 2010 оны зур­гаадугаар сарын 30-ны өдөр ба түүнээс өмнө улсын бүртгэлд бүртгүүлж үйл ажиллагаа явуулж буй татвар төлсөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд 1.5 тэрбум ширхэг хувь­цаа олгохоор тусгасан.

Сангийн яамнаас дээрхийг тод­руулсны дараа Төрийн өмчит ком­паниудын менежментийг хариуцдаг гэх төрийн өмчийн хорооны мэр­гэжилтнүүдээс асуухаар очив. Тус газрын Хууль зүйн хэлтсийн дарга Н.Ренчиндорж “Тавантолгойн хувь­цааны талаар одоохондоо тогтсон тоо гараагүй байна. Удахгүй шийд гарчих байх” гэлээ. Мөн 1072 ширхэг хувьцааг олгох аж­лын хэс­гийн гишүүн Төрийн өмчийн хо­рооны Төрийн өмчийн удирдлага, ме­нежментийн хэлтсийн ахлах мэр­гэжилтэн Д.Даваахүү арай дэл­гэрэнгүй хариулт өгсөн юм.

-Тавантолгойн хувьцааны та­лаар иргэд зарим зүйлийг тод­руу­лахыг хүсэж байна. Тухайлбал, хувьцааны нэгж бүрийн нэрлэсэн үнэ нь хэдэн төгрөгтэй тэнцэх юм бэ?

-Ямар ч байсан нэрлэсэн үнээр иргэдэд хүртээнэ. Гэхдээ яг төдөн төгрөг гээд шийдсэн зүйл одоохондоо алга. Шийдвэр гарахаар мэдээлнэ.

-Иргэд хувьцаагаа яг хэзээнээс авах, ямар бичиг баримт бүрдүүлэх гээд олон асуудлыг ойлгохгүй байгаа. Энэ талаар тодруулахгүй юү?

-Иргэд ямар бичиг баримт бүр­дүүлэх, хэнд хандах вэ гээд тодор­хойгүй асуудал нэлээд байна. Тун удахгүй үүнтэй холбоотой тогтоол гарна.

-Тэгвэл иргэд хувьцаа эзэмшигч эсэхээ яаж мэдэж болно гэсэн үг үү?

www.schcd.mn вэб сайт руу ороод регистрийн дугаараа хийвэл хувьцаа эзэмшигч болсон эсэхээ шууд мэдэж болно.

Тэрбээр ийн хариулсан. Тэгвэл иргэд ямар байр суурьтай байгаа бол.

Г.ЭНХ-АМГАЛАН: ВЭБ САЙТ ДЭЭР БАЙСАН ХУВЬЦААГ НЭГ Л ӨДӨР ТЭГЛЭЧИХВЭЛ ЯАХ ЮМ БЭ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн Г.Энх-Амгалан “Иргэдэд нэг сая төгрөгийг хувьцаа хэлбэрээр олгож байгаа нь нэг талдаа зөв шийдэл. Гэхдээ асуудалтай зүйлс байна. Яагаад гэхээр 1072 ширхэг хувьцааг нотлоод, гартаа барих ямар ч баримт байхгүй байна шүү дээ. Тусгай вэб сайт руу нь ороод үзэхээр өмнө нь өгөхөөр болж байсан 536 ширхэг хувьцаа нь байж л байгаа юм. Гэтэл сонгуулийн шоу хийж байгаад нэг л өдөр вэб сайт дээр байсан хувьцааг тэглэчихвэл яах юм бэ. Түүний оронд хувьцааг нотлох батламж ч юм уу, тусгай дэвтэр байвал иргэд хувьцаатай гэдэгтээ илүү итгэлтэй болно. Бас хэдэн төгрөгөөр үнэлэх нь тодорхойгүй байна шүү дээ. Хүмүүс хувьцаагаа ямар үнэтэй, Хөрөнгө хадгалж байгаа вэ гэдгээ мэдэж байж ашиг олно. Миний хувьд, хувьцаагаа авах юм бол нэлээд байлгаж байгаад Тавантолгойн хувьцаа үнэд хүрэхээр борлуулах бодолтой байна” гэсэн юм.

Мөн нийслэлийн Сүхбаатар дүүр­гийн иргэн Б.Ганболд “Одоо олгох гээд байгаа 1072 ширхэг хувьцаа 140 килограмм нүүрсний хэмжээтэй тэнцэж байгаа юм. Үүнийг Таван­толгойн асар их нөөцтэй харьцуулбал өчүүхэн цэг төдий зүйл харагдана. Мөн өмнө нь сургалтын төлбөрт хувь, хишгээ өгчихсөн оюутнууд одоо хувьцаа ч үгүй, мөнгө ч үгүй болж хувирах гэж байна. Уг нь иргэн бүрт 1.5 сая төгрөгөөс гадна бүгдэд нь хувьцаа эзэмшүүлчихсэн бол зүгээр байх байсан” хэмээлээ.

Иргэд энэ мэтчилэн олон асуудлыг онцолж байсан. Гэхдээ уулзсан иргэдийн олон нь хувьцааг батлах ямар нэгэн батламж хэрэгтэйг хэлж байлаа. Ямартай ч хувьцааны нэгж бүрийн үнэ яг хэдэн төгрөг вэ гэдэг асуултын хариулт хэвээр үлдлээ. Зарим эх сурвалжийн хэлснээр өмнө нь Төрийн өмчийн хороо Тавантолгойн хувьцааг эхлээд олон улсын Хөрөнгийн бирж дээр гаргачихаад дараа нь иргэддээ хувьцаа эзэмшүүлэх асуудал ярьж байжээ.

Л.БААТАРХҮҮ

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж