-МАХН-ын дарга Н.Энхбаяр Төв аймаг дахь цагдан хорих төвөөс “Ард түмэндээ” хэмээн хаягласан захиа илгээжээ. Тэрбээр захидлаараа өөрийг нь хилс хэрэгт түлхэх гэж байгаа учир айхгүй байгаа гэсэн утга дайсан байна билээ. Мөн өөрийг нь баривчлах үйл ажиллагааг дэндүү болхи, хууль бусаар хийсэн гэсэн байсан. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Үндсэн хуульд “Сэжигтнээр тооцогдсон иргэд өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэж заасан байдаг. Тиймээс Н.Энхбаяр гэдэг хүн захидалдаа юу гэж бичих нь тухайн хүний эрхийн асуудал. Үүнд би “Зөв, буруу” гэж дүгнэлт хийх нь учир дутагдалтай. Харин асуудалд улстөржсөн байдлаар хандаад байгаа нь л түвэг учруулж байна. Энэ бол хуулийн байгууллагын үйл ажиллагаа болохоос улс төрийн намын кампанит ажил биш шүү дээ. Н.Энхбаяр гэдэг хүнийг сэжигтнээр татах болсон шалтгаан нь тодорхой нотлох баримттай гэдгийг бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Мөрдөн байцаалтын явцад энэ бүхэн улам тодорхой болох байх. Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчийн гаргасан шийдвэр, тогтоолыг цагдаагийн байгууллага хэрэгжүүлэх хууль зүйн үүрэгтэй. Тухайн хүнийг албадан баривчлах шаардлага байсан гэдгийг тодорхой тайлбарласан. Тухайлбал, удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй. Хуулийн байгууллагыг үл хүндэтгэсэн. Хуулийн байгууллага хуулийн дагуу ажиллаж байхад хэн ч байсан ирж мэдүүлэг өгөх ёстой. Хаана ч тийм л байдаг. Эсвэл Н.Энхбаяр гэдэг хүнээс мэдүүлэг авахын тулд бид урьж залах ёстой байсан юм уу. Тиймээс би цагдаагийн байгууллагынхан үүргээ гүйцэтгэсэн л гэж бодож байгаа. Баривчлах үйл ажиллагааны нарийн үйл явцыг үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн байгууллагынхан хангалттай тайлбарлах шиг болсон.
-Баривчилгааны үйл явцаас болоод манай хуулийн байгууллагууд “Ямар ч уялдаа холбоогүй ажилладаг” гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа. Тухайлбал, баривчилгаа болох гэж байгааг төрийн тусгай хамгаалалтынхан мэдээгүй учир Н.Энхбаярыг хамгаалж байсан төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд баривчлахаар ирсэн хуулийн байгууллагынхны өөдөөс эсэргүүцэл үзүүлснээс болоод ийм асуудал үүссэн юм биш үү?
-Н.Энхбаярыг албадан баривчлах гэж байгаа талаар Авлигатай тэмцэх газраас Төрийн тусгай хамгаалалтын газарт албан тоотоор мэдэгдсэн. Үүнээс гадна Төрийн тусгай хамгаалалтын газрын даргыг ч дуудаж уулзсан. Энэ утгаараа Төрийн тусгай хамгаалалтын газрынхны үүсгээд буй энэ асуудлыг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас шалгах ёстой гэж ойлгож байгаа. Шалгаж ч байгаа байх. Энэ бүхнийг шалгаж дууссаныхаа дараа холбогдох байгууллага нь дүгнэлт өгч албан тоотоор бидэнд танилцуулах байх.
-“Н.Энхбаярт 10 гаруй удаа мэдэгдэл хүргүүлсэн ч ирж мэдүүлэг өгөөгүй учир албадан баривчлахаар болсон” гэж танай байгууллагынхан мэдэгдэж байсан. Гэтэл “Н.Энхбаяр өөрийг нь албадан баривчлах гэж байгааг мэдэнгүүтээ долоодугаар сарын 1-тэй холбоотой мэдээлэл хийсэн байж болзошгүй” гэсэн мэдээллийг зарим хүн өгч байгаа. Баривчилгааны талаарх нууцыг задруулсан байж болох уу?
-Шүүгчийн захирамжийн дагуу албадан баривчлах ажиллагааг хийдэг. Энэ дагуу л Н.Энхбаярыг баривчилсан. Түүнийг баривчлах гэж байгаа мэдээллийг задруулсан уу, үгүй юү, хэн задалсан байж болох вэ гэдгийг прокрорын байгууллагынхан шалгаад хариу өгөх байх. Тухайн өдөр Н.Энхбаяр гэдэг хүн яагаад долоодугаар сарын 1-тэй холбоотой мэдээлэл хийсний учрыг би мэдэхгүй юм байна. Ямартай ч түүнийг баривчилсан явдал долоодугаар сарын 1-тэй ямар ч холбоогүй.
-Хуулийн дагуу бол шүүгчийн захирамжаа үзүүлээд баривчлах ёстой байтал гэнэтийн дайралт хийсэн гээд байгаа. Үүнд тайлбар хийхгүй юү?
-Би тухайн үед ажиллагааг удирдаж байсан хүн биш учир энэ асуултад хариулт өгөх нь зохимжгүй юм. Яг энэ асуудлаар Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгалт хийж байгаа учир шалгах ажиллагааг дууссаны дараа мэдээлэл өгнө гэдэгт найдаж байна.
-Баривчилгаа явуулах гэж байгаа тухайгаа Хууль зүй, дотоод хэргийн сайдад мэдээлээгүйгээс болж тэр хүн тухайн үед юу ч мэдэлгүй өнгөрч, суудлаасаа огцрохдоо тулчихаад байгаа юм биш үү?
-Авлигатай тэмцэх газар бол хараат бус, бие даасан статустай тусгай байгууллага. Тиймээс баривчилгаа явуулах гэж байгаа талаараа Хууль зүй, дотоод хэргийн сайдад мэдээлэх ямар ч шаардлага байхгүй. Ер нь бид тэр тухай УИХ-ын гишүүд, сайд нарт ч мэдэгдэх үүрэг хүлээгээгүй. Ялангуяа аливаа улс төрийн нам, хэн нэгэн улстөрчийн өмнө бид ямар ч үүрэг хүлээхгүй.
-Н.Энхбаярт хоол өгөхгүй, өмгөөлөгчтэй нь уулзуулахгүй байгаа гэсэн. Хүний эрхийн асуудлыг нь хөндөж байгаа гэсэн мэдээлэл гарч байна. Танай байгууллагын шийдвэрийн дагуу баривчлагдсан хүн ямар нөхцөл байдалд байгаа талаар та бүхэн хяналт тавьж байгаа юу?
-Хуулийн дагуу бол прокурорын байгууллага үүнд хяналт тавьдаг. Манай байгууллагын зүгээс тийм асуудал гараагүй болов уу гэж бодож байгаа. Энэ асуудлыг хариуцаж ажиллуулахаар Улсын мөрдөн байцаах газар, Авлигатай тэмцэх газраас хамтарч бие даасан ажлын хэсэг гаргасан. Тиймээс энэ үйл ажиллагаанд бидний зүгээс нөлөөлөх эрх байхгүй. Хамтарсан ажлын хэсгийнхэн энэ асуудлыг хариуцаад байцаалт хийгээд явж байгаа.
-Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболд УИХ-ын даргад тухайн үед Н.Энхбаярынд байсан УИХ-ын гишүүд хуулийн байгууллагынхны үйл ажиллагаанд саад учруулах оролдлого хийсэн гэсэн утгатай мэдээлэл хүргүүлсэн. Гэтэл тухайн үед байсан УИХ-ын гишүүд огт тийм зүйл болоогүй гээд байгаа шүү дээ?
-Энэ асуудлыг тодруулах ажлын хэсэг байгуулагдсан гэж сонссон. Мэдээж хоёр талаас өөрсдийн байр суурийг хамгаалах нь байдаг л үзэгдэл. Тиймээс холбогдох байгууллагууд хэн нь үнэн яриад байгааг тогтоох байх. Ер нь хуулийн байгууллагын үйл ажиллагааг улстөржүүлэх нь зохимжгүй. Хуулийн байгууллагынхан олон нийтэд таалагдах гэсэн үүднээс ажлаа явуулж болохгүй биз дээ. Улстөрчид бол өөр. Аль болохоор олон нийтэд таалагдах гэсэн ажил хийдэг.
-“Авлигатай тэмцэх газрынхан хэн нэгэн хүнийг “Сэжигтнээр татаж шалгаж байна” гэж зарлачихаад дараа нь “Цэвэр байсан юм байна” гээд хэргийг нь хэрэгсэхгүй болгочихдог. Үүнээс болоод тухайн хүний нэр хүнд хэдийнэ уначихсан байдаг” гэсэн шүүжмлэл нэлээд их бий. Н.Энхбаярт холбогдох хэрэг ийм болчих вий дээ гэсэн болгоомжлол нэлээд байх шиг байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Яг ийм маягаар улстөржөөд хуулийн байгууллагын үйл ажиллагаанд шахалт, дарамт үзүүлээд байх юм бол дээрх шиг байдалд хүрэхийг үгүйсгэхгүй. Улстөржихгүй, хуулийн байгууллагуудад хуулийн дагуу ажлаа хийх боломж олгох юм бол ийм байдал үүсэхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна. Бид ажлаа хуулийн дагуу хийнэ. Улстөрчид өө, янз бүрийн шалтгаанаар бидний ажилд нөлөөлөх гэж бүү оролдоорой. Ийм байдал хэргийн хувь заяаг хаашаа ч эргүүлж мэднэ. Үүнийг хаана, хаанаа мэдэж байгаа л даа. Нөгөөтэйгүүр мөрдөн байцаагчдын ажил хуульд нийцэж байна уу, үгүй юү гэдгийг прокурор хянаж байгаа. Асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэнэ. Бид зөвхөн мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулаад хэргийг прокурорт шилжүүлээд прокурорын байгууллага асуудлыг хянадаг. Одоо мөрдөн байцаалтын шатанд нь прокурорын байгууллага хяналт тавихаас гадна өмгөөлөгч нь ч оролцож байгаа шүү дээ. Хуулийн дагуу Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хяналт тавьдаг бүтэц, механизм нь байна. Харин олон нийтийн зүгээс ч юм уу, улстөрчдийн зүгээс улстөржүүлэх гэж хөндлөнгөөс оролдох нь хуулиар хориотой шүү.
-УИХ-ын гишүүн Х.Баттулга саяхан нэр бүхий сайд нарыг танай байгууллагад шалгуулахаар өгсөн. Танай байгууллагаас нэр бүхий сайд нарт эрүүгийн хэрэг үүсгэх хүсэлт гаргаж нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн ч хэрэгсэхгүй болгосон. Үүнийг та улстөржсөн гэж харж байна уу?
-Яагаад хэрэгсэхгүй болгосон бэ гэдгийг нийслэлийн Прокурорын газраас асуусан нь оновчтой байх. Ямартай ч манай байгууллага хариугаа гаргаж мэдэгдсэн.
-Ер нь бол дээрх эрхмүүдэд эрүүгийн хэрэг үүсгэхэд хангалттай нотлох баримт байсан учир танай байгууллага эрүүгийн хэрэг үүсгэх хүсэлт гаргасан гэж ойлгож болох уу?
-Тухайн асуудлыг хариуцаж байсан мөрдөн байцаагч л асуудлыг шийдсэн. Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч гэдэг бол хуулиараа хэнээс ч хараат бус. Тухайн хүн өөрөө бие даасан эрх мэдэлтэй. Мөрдөн байцаагчийн бүрэн эрхийнх нь асуудал тусгайлан хуульчлагдсан байдаг онцгой статустай. Энэ ч утгаараа мөрдөн байцаагчийн эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа хэрэгтэй нь холбогдуулж Авлигатай тэмцэх газрын удирдлага нөлөөлөх чиг, үүрэг өгөх эрхгүй. Харин Авлигатай тэмцэх газрын удирдлага хуулийн дагуу ажиллаж байгаа мөрдөн байцаагчийнхаа хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
"Улс төрийн тойм" сонин