
Хариуцлагын тухайд бол Ц.Нямдорж улсын нийслэлд олон хүнийг хамарсан үймээн дэгдэх шахаж, түүнд нь цагдаагийнхан оролцоод байхад “Унтаж байсан, мэдээгүй” гэснийхээ хувьд хариуцлага хүлээх учиртай. Сануулахад, 2007 онд “Ми-8”-ийн осол гарсантай холбогдуулан тухайн үед ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Д.Одбаярыг огцруулсан байдаг. Тэр үед “Ц.Нямдоржоос ажил хүлээж авахдаа “Ми-8” онгоцыг шалгаж хүлээж авахгүй яасан юм бэ” гэсэн хошин үндэслэлийг сонсоход эгдүүцмээр байсан хэдий ч тэрбээр үг дуугүй ажлаа өгсөн. Харин Ц.Нямдорж тийм амархан тахимаа өгөхгүй л болов уу. Шадар сайд М.Энхболдын хувьд бүлгийн хуралдаан дээр мөн л дуугаа хураажээ. Үүний цаана “Н.Энхбаяр хамгийн эхний мэдүүлгээрээ тухайн үеийн хотын удирдлагуудыг хань татаж хамт унана. Гэхдээ М.Энхболдоос бусдыг нь” гэсэн таамаглал буй. Учир нь АТГ-аас Н.Энхбаярыг буруутгасан үндэслэлүүдийн дийлэнх нь “Баахан өмчийг үнэгүйдүүлсэн” хэмээсэн байгаа юм. Гэтэл үнэгүйдүүлсэн хүмүүс нь эдүгээ УИХ-ын гишүүн болчихоод Ерөнхийлөгч асаны дээрээс “Шүлсээ хаях” нь холгүй том дуугарч байгааг Н.Энхбаяр тэвчинэ гэж үү. МАН-ын бүлгийн бусад гишүүний хувьд Ц.Нямдоржийн талаар тодорхой байр суурь илэрхийлэх байтугай нүүрний хувирлаа ч ил гаргахыг хүсэхгүй байгаа нь “Явбал яваг. Энэ бол Ц.Нямдоржоос цэвэрхэн салах аятайхан боломж” гэсэн байдлыг илэрхийлж байна. Нөгөөтэйгүүр УИХ дахь хуульч гишүүдийн зүгээс шивэр авир хийж буй нэгэн яриа чих дэлсэв. “АТГ яагаад Н.Энхбаярыг баривчлах болсон тухайгаа тайлбарлах гэж байгаад мөрдөн байцаалтын нууцыг задруулсан” гэж үзэж болох талтай гэнэ. Мөн тэд “Н.Энхбаяр буруутайг нотолсон” гэцгээж байсан. Уг нь Н.Энхбаярыг байцааж байж нотолсон баймаар юм.
Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг баривчилсан талаар ямар байр суурьтай байгаа бол. Н.Энхбаярын намынхныг МАХН нэрээ авахад нь Ц.Элбэгдорж тусалсан гэдэг юм билээ. Харин одоо нөхцөл байдлыг харахад “Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг дэмжсээр байгаад ганцаардуулчихаж”. Яагаад гэвэл долоодугаар сарын 1-ний үймээний дараа Ж.Батзандан, О.Магнай нар яаран сандран Ардчилсан намд элссэн. Тэгээгүй бол улс төрийн хамгаалалтгүй тэд өчиггүй ялтан болох байв. Харин Н.Энхбаяр “Титэм үг” тэрлэж суухгүйн тулд улс төрд дахин хүчтэй орж ирэхийг хүссэн. Үүнийг ажигласан Ц.Элбэгдорж намын нэрийг нь авахад тусалсан. Энэ нь цаагуураа МАН-ынхнаас салан тусгаарлахыг нь дэмжсээр улс төрийн хамгаалалтгүй болж ганцаардахад нь тусалсан хэрэг байв. Тухайн үед “зүдэрч” явсан Н.Энхбаяр намынхаа нэрийг авсандаа баярлаад хий гаргаснаа анзаараагүй. Харин төд удалгүй ямар алдаа гаргаснаа мэдээд М.Энхсайхан тэргүүтнийг дэргэдээ авсан ч Ц.Элбэгдоржийг ялан дийлэх хүч биш гэдэг нь ойлгомжтой. Эцэст нь Н.Энхбаяр хоригдоход нөхөд нь улс төрийн нөлөөлөл, чадамжгүйн улмаас яаж ч хамгаалж чадсангүй. Харин өчигдөр Н.Энхбаяр Төв аймаг дахь Цагдан хорих газраас захидал илгээжээ. Тэрбээр захидлаа аль ч нам, улстөрчдөд бус ард түмэндээ хаягласан байв. Эдүгээгийн эрх баригчдад хандаж хатуухан үгээр “зодсон” экс дарангуйлагчийн захидлаас зовлон биш үнэн үнэртэж байна. Н.Энхбаяр хорих өрөөний дөрвөн хананы дунд тарчлах нь байтугай “Дарангуйлагчид аа, зайлцгаа” хэмээн хашгирсан байлаа.
"Улс төрийн тойм" сонин
