Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Монгол Улс нь Бутантай соёл, шашны хувьд ижил төстэй уламжлалтай бөгөөд тус улс ардчилсан тогтолцоог эргэлт буцалтгүй сонгон хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн чөлөөт нийгмийг төлөвшүүлэхээр зорьж буйд тань талархаж байна” гэлээ. Тэрээр нэмж хэлэхдээ “Бид ардчиллыг сонгоод 22 жил болж байна. Бидэнд бусдад заах, сургах гэхээсээ илүүтэй өөрийн туршлагыг бусадтай хуваалцах, харилцан суралцах хамтран хөгжих эрмэлзэл байдаг” гэв.
Өнгөрсөн 2011 онд тэмдэглэсэн дипломат албаны 100 жилийн ойг угтуулан Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын гишүүн бөгөөд Монгол Улстай дипломат харилцаагүй улс орнуудтай дипломат харилцаа тогтоох ажлыг саначилсан билээ. Энэ санаачилгын дагуу геополитик, газар зүйн байрлал болон шашны хувьд Монгол Улстай ижил төстэй Бутан Улстай дипломат харилцаа тогтоох асуудлыг тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх чиглэл Гадаад харилцааны сайдад өгсөн юм. Гадаад харилцааны яам энэ чиглэлийн дагуу ажилласны үр дүнд Монгол Улс Бутаны Вант Улстай 2012 оны 1 дүгээр сарын 18-нд дипломат харилцаа тогтоогоод байгаа юм.