Он гарсаар Монголбанк бодлогын хүүгээ гурван ч удаа нэмж, 13.25 хувь болгосон. Энэ нь инфляцийг бууруулах зөв гарц эсэх талаар эдийн засагчдын байр суурийг сонслоо.
Ерөнхий сайдын зөвлөх Б.Лхагважав:
-Монголбанк бодлогын хүүгээ өсгөж байгаа нь жижиг дунд бизнес эрхэлж, бичил зээл авч буй зээлдэгчдийг эргэлтийн хөрөнгөгүй болгож байгаа юм. Их хэмжээний мөнгийг дагаж банкууд тэр хэмжээний хүүгээ авчихна. Хамгийн гол нь арилжааны банкуудаас жижиг зээл гарахаа болино гэсэн үг. Арилжааны банкууд ч тийм зээл олгох сонирхолгүй болно. Бичил зээл хүсэгчдэд өгч байгаа мөнгөө Төвбанкинд өгөөд хүүгээ авсан нь арилжааны банкинд ашигтай болно шүү дээ. Тиймээс микро эдийн засгийн түвшинд зээлийг зогсоож байгаа нь хамгийн том аюул. Нөгөө талаас макро түвшинд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон компаниуд Монголын арилжааны банкнаас зээл авах нь багассан. Эндээс ийм өндөр хувийн хүүтэй зээл авч байснаас гадны дурын компаниас 5-6 хувийн хүүтэй зээл авах нь тэдэнд ашигтайгаас гадна бүтэх нь ч хурдан шүү дээ. Тиймээс микро түвшинд үйл ажиллагаа явуулдаг хүмүүс мөнгөөр гачигдах болоод байгаа юм. Төвбанк бодлогын хүүгээ өсгөхөөр арилжааны банкууд дагаж зээлийн хүүгээ өсгөнө. Энэ нь эцэстээ дундаж давхаргын энгийн иргэдэд дарамт болж ирнэ. Эцэст нь дүгнэхэд, эдийн засаг тэлж байгаа үед мөнгийг ингэж боомилох нь буруу гэж бодож байна. Цаашид энэ бодлогыг хэрэгжүүлэх нь Монголбанкны хувьд тийм ч таатай гэж үзэхгүй байна. Харин ч бодлогын хүүгээ сулруулан эдийн засгийг зээлжүүлж хөдөлгөөнд оруулах хэрэгтэй байна.
Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга П.Хашчулуун:
-Энэ бол яах аргагүй хэрэгжүүлэх ёстой арга хэрэглүүрийн нэг мөн. Ганц энэ биш, энэ талаас тэмцэх олон арга хэмжээ авдгийн нэг нь энэ. Эдийн засгийн эрчимтэй хөгжлийн энэ үед үнэ өсөх, эдийн засгийн халалт үүсэх, үнийн хөөс бий болох нь их хортой үзэгдэл. Тухайлбал, Япон, Тайланд зэрэг орнууд энэ асуудлаас болж нэлээд хохирол амсч байсан. Тиймээс үүнийг урьдчилан иймэрхүү аргаар барих, хязгаарлах бодлого арга хэмжээ хэрэгтэй. Хэдийгээр энэ нь хувийн хэвшилд санхүүгийн хүндрэл учруулах боловч нийт макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үүднээс зайлшгүй хийх ёстой алхам юм. Дараа нь ирэх саруудын инфляцийн байдлыг харж байгаад өмнөх жилүүдийн адил Монголбанк бодлогын хүүгээ бууруулах боломж бий.
ХААИС-ийн Эдийн засгийн сургуулийн Эдийн засгийн онолын тэнхимийн эрхлэгч Б.Лхагвадорж:
-Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ нэмсэн нь зөв алхам болсон. Гэхдээ үр дүн нь тийм хурдан гардаг арга хэрэгсэл биш. Одоогийн нөхцөлд Төвбанкнаас инфляцитай тэмцэхэд хэцүү байна. Гэнэтийн инфляци учир Монголбанкнаас нөлөөлөх нөлөөлөл нь харьцангуй бага. Гэхдээ өөрсдийн авч чадах аргаа хэрэглэж буй нь чухал юм. Заавал байлгах нөөцийн хувийг нэг нэгжээр нэмсэн нь хүртэл Монголбанкны зүгээс зайлшгүй авах арга хэрэглүүрүүдийн нэг мөн. Өөр нэг арга нь зах зээлийн нээлттэй үйл ажиллагаа гэж бий. Гэхдээ түүнийг хэрэгжүүлэх боломж нь хязгаарлагдмал байж магадгүй. Энэ нь ийм үед мөнгийг татаж авахдаа Засгийн газрын бондыг худалдах, өөрөөр хэлбэл, Төвбанкинд хуримтлагдсан бондыг нийлүүлэх арга юм. Гэхдээ энэ бол Монголбанк, Засгийн газрын хоорондын асуудал. Засгийн газраас төсвөө дарах арга хэмжээг авах хэрэгтэй. Гэтэл Засгийн газар зардлаа дэндүү өсгөж байна. Үүнд иргэдэд бэлэн мөнгө олгох явдал ч багтаж байгаа юм. Түүнээс гадна төсвийн хөрөнгө оруулалт их байна. Мөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, нөөцийн бодлого алдагдсан. Энэ бүгд инфляцийг өсгөөд байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:
-Инфляци нь валютын ханш, хэрэглээний үнийн сагс буюу гол нэрийн бараа, дэлхийн тэлэлт гэсэн гурван хүчин зүйлээс хамаардаг. Валютын ханшийг Монголбанк дангаараа хариуцах ёстой. Өргөн хэрэглээний барааны хувьд Засгийн газар, хувийн хэвшилтэйгээ хамтран хариуцах ёстой. Гэтэл он гарсаар шатахуун, махны үнэ өсч, бусад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Үүнд Засгийн газар бараа бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийг зохистой байлгах, хомсдолд оруулахгүй байх талын ажлаа хийж чадахгүй болохоор Монголбанк хүчээр бодлогын хүүгээ өсгөдөг. Ингэснээр зах зээлд нийлүүлэх мөнгөний хэмжээ багасч, арилжааны банкны хүү өсдөг. Энэ нь эргээд бодит эдийн засаг, иргэдийн амьжиргаанд дарамт үүсгэдэг. Товчилбол, Засгийн газрын хийх ёстой ажлыг Монголбанк хялбар аргаар, хүчээр хийж байгаа юм. Энэ нь буруу. Гэхдээ би уржигдар Монголбанкны мэдээллийг үзсэн. Тэд үндэслэлтэй юм ярьж байна билээ. Тухайлбал, маш богино хугацаанд цалин тэтгэврийн хэмжээг хоёр удаа нэмсэн. Хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай иргэдэд олгох сая төгрөгийг гурав хувааж олгож эхэлнэ. Ингэснээр төсвийн тэлэлтээс хамааралтайгаар төгрөгийн ханш унах магадлалтай. Төсвийн тэлэлтийн асуудалд Засгийн газар, УИХ, Монголбанк хамтарч ажиллах ёстой. Нийтэд нь дүгнэхэд үүнийг хамгийн хялбар аргаар буюу бодлогын хүүг нэмэх замаар шийдлээ гэж хэлэх байна даа. Үүнийг мөнгөний загвар гэдэг. Үүнээс яаралтай татгалзаж, бодит эдийн засгаа бодохгүй бол болохоо байж байна шүү дээ. Валютын ханш өсөөд нефтийн үнэ нэмэгдсэн. Тэр үед Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулсан. Байнгын хорооны тогтоол гаргаад мөнгөний бодлого, гол нэрийн барааны үнийн асуудалтай холбоотой дунд, урт хугацааны бодлого боловсруулах үүрэг өгсөн. Би үүнийг ахалж байгаа. Инфляцитай тэмцэхийн тулд төсвийн зарцуулалтаа танах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтийг зохистой байлгах талаар анхаарах хэрэгтэй байна. Монголбанк бодлогын хүүгээ нэмэх нь цаасан дээрх ганц тоог сольж байгаа болохоос үр дүн нь муу.
УИХ-ын гишүүн Н.Батбаяр:
-Монголбанк бодлогын хүүгээ нэмэх нь буруу. Учир нь бодит эдийн засагт оруулах гэж байгаа мөнгийг Төвбанк өөртөө татчихаж байгаа юм. Бид нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрлэлийг нэмэх ёстой. Гэтэл үйлдвэрлэлийг дэмжихээр бодит эдийн засаг руу орох гэж байсан мөнгийг арилжааны банкнаас Төвбанк руу татчихаж буй нь буруу. Инфляцитай тэмцэхийн тулд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх ёстой.
Эдийн засагч, санхүүч Х.Болорболд:
-Монголбанкны одоогийн бодлого нь монитари бодлого юм. Ийм бодлого нь зөвхөн гадаадын мөнгө хүүлэгч банкируудад хэрэгтэй. Ард түмэнд ямар ч хэрэггүй. Үүнийг тодорхой тоогоор тайлбарлах хэрэгтэй байгаа юм. Мөнгөний бодлогын хүү 13.25 хувь болтлоо өссөн байна. Ийм зүйл байдаггүй юм. Инфляцитай тэмцэхийн тулд хамгийн түрүүнд инфляци юунаас болж үүсээд байгааг тогтоох хэрэгтэй. Гэтэл манай улс 20 гаруй жил инфляцид дарлуулсан атлаа юунаас үүсээд буйг нь огт ярьдаггүй. Манайд ярьж болдоггүй сэдэв гэж байдгийг энэ харуулж байна. Инфляцийн учир шалтгааныг яриагүйгээс болж өнөөгийн Монгол ямар байдалд ороод буй нь хэнд ч илхэн байгаа биз дээ. Одоогийн хэрэгжүүлж байгаа монитари бодлого нь манайхаас баян орнуудыг сүйрүүлсэн. Ийм бодлого баримталдаг байсан орнууд бүгд бодлогоо өөрчилсөн байгаа. Манайх л ардчилалдаа үнэнч гээд яваад байгаа юм. Өнөөгийн энэ байдал энэ чигээрээ үргэлжилбэл эдийн засгийн томоохон сүйрэл болно.
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин