2011 онд Испанийн төсөв 8,51 хувийн алдагдалтай байсан гэх боловч хэрэг дээрээ үүнээс наанадаж гурван хувиар илүү байсан гэж мэргэжилтгүүд тооцоолжээ. Одоо тус улс энэ оныхоо төсвийн алдагдлыг 5,3 хувиас хэтрүүлэхгүй, ирэх 2013 онд гурван хувьд барина хэмээн хөрөнгө оруулагчид болон бүсийнхэндээ итгүүлэхийг хичээж байна. Өнгөрөгч мягмар гаригт Испани нийт дүнгээрээ 3,2 тэрбум еврогоор үнэлэгдэх үнэт цаасыг бирж дээр байршууллаа. Энэ улсын үнэт цаасны арилжаагаар олохоор төлөвлөсөн шаардагдаж буй орлого бараг хоёр дахин өсчихөөд байгаа юм. Нөгөөтэйгүүр Европын холбоог тэргүүлж буйдаа дулдуйдаж Европын төв банк болон бусад орнуудын өмнө хүлээсэн өрийн асуудлаархи хариуцлагаа хөсөр хаяж байна гэсэн шүүмжлэл өрнөөд байна. Харин Грекийн хувьд 1,8 тэрбум еврогийн үнэ бүхий үнэт цаасыг амжилттай арилжсан нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг ирэх тавдугаар сард болох тус улсын парламентын сонгуулиас илүүтэйгээр татах шиг боллоо.
Ертөнцийн нөгөө тал АНУ-д эдийн засгийн зогсонги байдалд баярлахаар өөрчлөлт гараагүй хэвээр байна. Ерөнхийлөгч Обамагийн санал болгож буй татварын шинэтгэл хийж, ажлын байр нэмэгдүүлэх, дэд бүтцэд хөрөнгө оруулах төслийг “амь тариа” хэмээн гоочлогчид байсаар байна. Үүнийг үр дүнтэй болгохын тулд төсвийн алдагдлыг багасгах урт удаан хугацааны тууштай бодлого, хэрэгтэй хэмээн онцолж байгаа юм. Гэвч бас энэ бүхний нөгөө талд гэгээ гэрэлтэй өөдрөг мэдээлэл байна. Ази тивийн эдийн засгийн алтан үе ирлээ хэмээн дэлхийн томоохон эдийн засагчид дүгнэж байгаа нь сэтгэлийн хөөрөл биш бололтой. ОУВС-гийн тооцоолсноор энэ онд Азийн эдийн засаг 6,0 хувиар өснө. Бас энэ тивийн эдийн засгийн тогтвортой байдал нь найдвар төрүүлж байна. Дэлхийн эдийн засгийн өсөлтөд Хятад, Бразил, Энэтхэг зэрэг орны нөлөө улам бүр нэмэгдэж байна. Хятад дэлхийд том гэдгээ харуулж Европын өрийн хямралыг шийдвэрлэхэд 3,2 их наяд ам доллар зарцуулна. Ер нь Ази тивийн эдийн засгийн өсөлтийн голыг Хятад улс дангаараа үүрч яваа. Азийн бусад орнуудад ч өсөлт тогтвортой байна. Хэрэв энэ эрчим хэвээр хадгалагдвал 2050 он гэхэд Ази эдийн засгийн хэмжээгээрээ Европыг гүйцэж түрүүлэх төлөв харагдаж байгаа юм. Тэр үед Ази дэлхийн нийт ДНБ-ий 52 хувийг бүрдүүлнэ.
Одоо Вьетнам, Лаос, Камбүж, Мьянмар улс эдийн засгийн шинэ систем рүү эрчимтэй шилжиж байна. Казакстан, Монгол, Индонез зэрэг байгалийн баялагтай орнууд, Сингапур, Хонконг, Малайз гэхчлэн үйлчилгээний салбарын өндөр хөгжилтэй, Хятад, Япон зэрэг аж үйлдвэр өндөр хөгжсөн улс орнууд энэ тивд бий.
Эх сурвалж: “Өдрийн шуудан” сонин