Эдийн засгийн хувьсгал хүнээс эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн хувьсгал хүнээс эхэлнэ

Завханчууд хүний төлөөх бодлогоороо бусдаас ялгарч байна. Эдийн засгийн хувьсгал хэлэлцүүлэг саяхан тус аймагт болж, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, АН-ын ҮЗХ-ны гишүүн З.Нарантуяа, аймгийн АН-ын дарга Б.Шинэбаатар нар оролцлоо. Аймгийн Засаг дарга Я.Санжмятав, Засаг даргын орлогч Л.Лхамсүрэн, ИТХ-ын дарга Ч.Дэмчигсүрэн, аймгийн АЗХ-ны дарга н.Төрмөнх нар Завхан аймгийнхан хүндээ чиглэсэн бодлого хэрэгжилтээ танилцуулж, хөгжлийн сэдвүүдийг хөндөв.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат хүнээ хөгжүүлэхийн тулд Монгол Улс хөгжлөө засаг захиргааны бүтцээр бус, эдийн засгийн бүсчлэлээр хардаг болох ёстойг илэрхийлж байлаа. Аймгийн Засаг дарга Я.Санжмятавын гурван тулгуурт бодлого Завханчуудын ирээдүй болсон хүүхэд залуусаас эхлэн хэрэгжиж байгаа аж. Тийм ч учраас зөв хөрс суурь бүрдүүлбэл хүн өөрөө бүхнийг бүтээдэг, эдийн засгийн хувьсгал хүнээ хөгжүүлэхээс л эхлэнэ гэж Завханчууд ярьж байв.

ИХТ-ын дарга Ч.Дэмчигсүрэн 200 гаруй жилийн түүхтэй Улиастай хотын төлөвлөлтийг бусдаас арай өөр аргаар хийж, хөгжүүлэх ёстойг хөндсөн бол Засаг даргын орлогч Л.Лхамсүрэн хүн төвтэй Завханыг бий болгоход хэрхэн анхаарч ирсэн, цаашид юу хийх талаар ярьсан. Тухайлбал иргэдээ урт удаан насладаг, өрсөлдөх чадвартай боловсрол эзэмшсэн, ажил орлоготой байлгахын төлөө төрийн бодлогыг чиглүүлэхийн төлөө ажиллах ёстой гэнэ. Мөн АЗХ-ны дарга н.Төрмөнх эдийн засгийн хувьсгалыг хийхийн тулд хамгийн түрүүнд хариуцлага, шударга ёсыг бий болгох талаар хөндөж байлаа.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж