Улаанбаатар-Лондонгийн шууд нислэгийг судална

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

Улаанбаатар-Лондонгийн шууд нислэгийг судална

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж өнөөдөр Кентийн эрхэм дээд хунтайж Майкл, Бүгд найрамдах Литви улсын Гадаад хэргийн дэд сайд х.Аста Скайсгирите Ляушкене нар болон тэднийг дагалдан яваа бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч, уулзлаа.

Уулзалтаар талууд Монгол Улсын зам, тээвэр, барилга, хот байгуулалтын салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх бодлого, төсөл, хөтөлбөрүүдийн талаар товч ярилцан, энэ салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, хамтын ажиллагааны боломжийг судлан эхлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Тухайлбал, Кентийн эрхэм дээд хунтайж Майкл Ц.Дашдорж сайдаас Улаанбаатар-Лондонгийн чиглэлд шууд нислэг хийх ажлыг дэмжихийг хүслээ. Цаашид зам, тээвэр, барилга, хот байгуулалтын салбарт евро техник, технологи нэвтрүүлэн, хамтран ажиллах сонирхолтойгоо талууд илэрхийлэв.

Бүгд найрамдах Литва улсын Гадаад хэргийн дэд сайд х.Аста Скайсгирите Ляушкене Литвийн Клайпеда усан боомт өвлийн цагт хөлддөггүй бөгөөд манайтай адил төмөр замтай тул Европын холбоонд хүргэх барааг эднийхээр дамжуулах, тэдний Хятад руу илгээх барааг манайхаар дамжуулах нь хугацаа болон хөрөнгө хэмнэх боломжтой гэдгийг онцолж байлаа. Түүнчлэн “2012, 2013 онд Вильнюс, Каунас, Клайпедад интермодел терминалуудыг ашиглалтад оруулах бөгөөд эдгээр нь далайн болон хуурай зам, агаарын тээврийн хэрэгслээс барааг маш түргэн хугацаанд шилжүүлэн ачих боломжтой” хэмээн боомт, терминал ашиглалтын талаар хэд, хэдэн давуу тал санал болгож, хамтран ажиллах Санамж бичиг байгуулахаар тогтов.

СХОГ, ГХАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж