У.Хүрэлсүх яагаад дуугараагүй вэ?

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх яагаад дуугараагүй вэ?

Намынх нь гишүүд огцруулах хүсэлт гаргаснаар хууль зүйн сайдын зам нь шулуудсан хэмээн хойчийг нь уншиж байсан нөхдүүд эрт баярласан бололтой. Ямартаа ч өчигдрийн МАН-ын бүлгийн хурлаар сайдын асуудлыг хэлэлцсэнгүй. Харин ч бүр намын экс дарга нь өмөөрч, өмгөөлсөн үг унагаж, зовох цагт нөхрийн чанарыг таниулах нь тэр. С.Баярын энэ үйлдлийг аль ч талаас нь харсан ойлгомжтой. Н.Энхбаярт удаа дараа элэгдүүлж буй тэрээр Ц.Нямдоржтой хүч хавсрах нь эхнээсээ тодорхой байсан. Харин хаа явсан газраа би хожимдох вий хэмээн хэл амаа билүүдэж явдаг У.Хүрэлсүх хар цагаан дуугүй байсан нь жигтэй байв. Уг нь тэр урьдны өшөөт Н.Энхбаяртай тооцоо бодохын тулд Ц.Нямдоржийн талд дуугарч болох л байлаа.  Тэгтэл тэгсэнгүй. МАН-ын хамгийн хүчтэй фракц гэгддэг хотынхны толгойлогч  М.Энхболд ч гэсэн хууль зүйн сайдын асуудалд ямар нэг байдлаар байр сууриа илэрхийлсэнгүй. Бүлх залгисан мэт дуугүй суусаар байсан гэх. Намын дарга нь ч гэсэн одоогийн байдлаар сайн муу алинаар  ч үг унагаагүй. Харин ч бид эцсээ хүртэл энэ шийдвэртээ үнэнч байна гэсэн нэр бүхий гишүүдийн саналыг толгой дохин сонсож суусан гэх.

Ц.Нямдоржийн асуудалд хандаж буй МАН-ын удирдлагуудын дээрх хандлагыг харахад  нөхрийг  үлдээх сонирхол тийм ч их биш байгаа нь анзаарагдаж буй юм. Гэхдээ бас шууд түлхээд олонхийн саналаар хэмээн хойчийг нь   уншичихаж чадахгүй байгаа нь  Ц.Нямдоржийн сүрдүүлгээс эмээснийх хэмээн дүгнэж болохоор.

Өөрөөр хэлбэл Ц.Нямдоржийн намайг унагаавал  “но”-г нь  дэлгэнэ шүү гэсэн  үг хоосон сүрдүүлэг биш гэдгийг хэн хэн нь мэдэж байгаа. Тэгээд ч Н.Энхбаярын асуудал хүндэрвэл араасаа дагуулах хүмүүсийн тэргүүн эгнээнд хотын гэх фракцийнхан маршлах нь дамжиггүй тул М.Энхболд тийнхүү нүдээ дүрлийлгэхээс өөрийг хийж чадаагүй биз. Харин У.Хүрэлсүхийн тухайд   тэр яагаад дуугараагүй юм бол…

А.МӨНХ-ЭРДЭНЭ

Эх сурвалж: http://www.topmedee.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж