Нийтийн эрх ашиг уу, Хувийн эрх ашиг уу?

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

Нийтийн эрх ашиг уу, Хувийн эрх ашиг уу?

Өнөөгийн бидний хэллэгэнд хамгийн ихээр ашиглагддаг, магадгүй хэлсэн хүн бүрийн зөв болдог, энэ хэрээрээ хамгийн ойлгомжгүй асуудал бол эрх ашгийн тухай ярианууд юм. Улс орны эрх ашгийг эхэнд тавиад бүлгийн эрх ашгийг удаалаад, хамгийн сүүлд нь хувийнхаа тавих ёстой гээд номлодог. Ихэнхдээ яг эсрэгээр нь хэрэгжүүлдэг. 

Хэнийх нь зөв вэ? Бид зөв асуудлыг буруугаар тайлбарлаад байна уу, эсвэл асуудал маань өөрөө тодорхойгүй байгаа юм уу. Аль нь вэ?

Капитализм буюу зах зээлийн эдийн засаг нь хувийн эрх ашиг, эрх чөлөө, хувиа хичээх үзэл дээр суурилдаг бөгөөд энэ нь хөдөлгөгч хүч болдог тухай сургаалиудыг Жонн Локк, Адам Смитээс эхлээд олон сэтгэгчид хөгжүүлсэн. Энэ тухай Айн Рэндийн “Атлантийн нуруу тэнийв”, “Эх сурвалж” зэрэг зохиолуудад уран сайхнаар бас харуулсан. Сүүлийн үеийн томоохон төлөөлөгч нь Милтон Фридман. Улс төрийн бодлогын хувьд барууны чиглэл гэж үздэг.

Нийтийн эрх ашгийг дээдэлж тэр өнцгөөр асуудалд хандах нь хөгжлийн эх сурвалж юм гэж үздэг шинжлэх ухааны урсгал бий. Үзэл санааны гол төлөөлөгчид нь Гегель, К.Маркс, Ж.М.Кейнс нар юм.

Эрх ашгийн зааг ялгаа нь харьцангуй тодорхой юм. Ямар нь нийтийнх, аль нь бүлгийнх, хувийнх болох талаар. Харин тэрхүү заагласан эрх ашгаа хэрхэн эрэмбэлэх вэ, ямар тохиолдолд алийг нь сонгох вэ гэдэг нь маргааны маань гол сэдэв юм. Иймд дээрх их сэтгэгчдийн тавьсан онол, философийн санааны хүрээнд, өнөөгийн бидний амьдралтай холбоотойгоор та бүхэнтэй өөрийн санаа бодлоо хуваалцах гэсэн юм.  

Улс орны, нийтийн эрх ашгийг дээдэлж байх ёстой, эрэмбэлвэл хамгийн эхэнд шууд тавьж байх ёстой, С.Зориг ингэж хэлсэн гээд л дуртай болгон бусдад таалагдах хүсэлтэй газраа ярьцгаадаг. Нийтийн эрх ашгийг дээдлэх үзлийг шүтэж хэт механикаар тэгш гэдэг рүү нь хандаж хийвэл ямар аймшигтайг хүн төрөлхтөн хангалттай амсаж, зарим газарт одоо ч үргэлжилж байна. Нийтийн эрх ашиг, үндэстний эрх ашгаараа зөв нэгдэж чадвал ямар гайхалтай үр дүнд хүрч болохын жишээнүүд ч байна. Тэгэхлээр нэг эцсийн бодлогын үр дүн сайн эсвэл муу байдлаар ялгаатай гараад байна.

Манайх үндсэн хуулиндаа хувь хүний эрх, эрх чөлөөг маш сайн хамгаалж, дээдэлж өгсөн. 90-ээд оны өөрчлөлтийн үндсэн зорилго нь энэ чиглэлд хийгдсэн. Зах зээлийн эдийн засгийн амин сүнс нь чөлөөт үнэ, түүнээс улбаалсан өрсөлдөөн байх явдал гэдэг. Өрсөлдөөний үр дүнд “далд гарын зохицуулалт” ажиллаж ихэнхдээ нийт зах зээлээ эрүүлжүүлдэг. Эрүүл организмын маргаашдаа итгэх итгэл нь илүү дээшилж, баталгаат байдал нь нэмэгддэг. Мөн зах зээлийн зохицуулалтанд найдаж өрсөлдөөнд шууд орхивол хэрхэн дампуу байдалд ордгийн жишээ Монголд мал аж ахуйн гаралтай түүхий эд бэлтгэлийн тогтолцоо байна. Тэгэхлээр нэг бодлогын үр дүн сайн эсвэл муу байдлаар ялгаатай гараад байна.

Энд ямар нэгэн тодорхойгүй асуудал байж таарлаа. Шийдэл байна уу, шийдэл нь юу вэ. Иймд дараах шийдлийг санал болгож буй бөгөөд энгийнээр тайлбарлавал: ”Аливаа асуудлын мөн чанарыг нь ойлгож буй бол нийтийн эрх ашгийн үүднээс хандаж нэгдсэн зохицуулалт хийх нь үр дүнтэй, тухайн асуудлын мөн чанарыг ойлгохгүй байвал хувийн эрх ашигт тулгуурласан өрсөлдөөнд хаях нь үр дүнтэй” гэж үзэж буй юм.

Дээрх шийдлийг задалбал дараах 4 боломжит хувилбар гарч ирнэ. Үүнд:

  1. Асуудлын мөн чанарыг нь ойлгож буй бол нийтийн эрх ашгийн үүднээс зохицуулалт хийх
  2. Асуудлын мөн чанарыг нь ойлгож буй мөртлөө хувийн эрх ашгийн өрсөлдөөнд хаях (Жишээ №1)
  3.  Мөн чанарыг нь ойлгохгүй тохиолдолд хувийн эрх ашгийн өрсөлдөөнд хаях   
  4. Мөн чанарыг нь ойлгохгүй хэрнээ нийтийн эрх ашгийн үүднээс зохицуулалт хийхийг оролдох. (Жишээ №2)

Эдгээрээс 1 ба 3 нь эерэг хувилбар бөгөөд 2 ба 4 дээр өнөөгийн манай нийгэмд байгаа зарим сөрөг жишээнүүдийг үзүүлье.

Жишээ №1. Манай орны нефтийн хангамжын асуудал байна. Асуудлын эцсийн үр дүн тодорхой. Бид нефтийн бүтээгдхүүнийхээ дийлэнхийг ОХУ-с ойрын үед авч хэрэгцээгээ хангах нь илэрхий үнэн. Ямар үнээр авдаг, тээврийн зардал нь хэд болдог, ууршилт нь хэд байдаг, татварт хэдийг нь өгдөг зэргээр тооцвол энүүн шиг өртгийг нь амархан тооцож болох бизнес бараг үгүй. Нэг турбанаас нэг тоолуураар авдаг учир чанар, хэмжлийн ялгаа байхгүй. Иймд одоо нийтийн эрх ашгийн үүднээс төрийн зөв оролцоо, нэгдмэл бодлого баримтлах шаардлагатай.

Нийлүүлэгчтэй нэг худалдан авагч гэрээгээ тохироод жижиглэн худалдаан дээрээ зохих ашгийг нь өгөөд хувийн колонкуудаар борлуулна биз. Хамгийн гол нь  асуудал маань тодорхой байгаа болохоор энд өрсөлдөөн, далд гарын зохицуулалтыг хүлээгээд суух нь нэг бол тэнэг үйлдэл, эсвэл зорилготой үйлдэл. Манайх жижиг орны хувьд уян хатан бодлоготой, хурдан маневртай байх ёстой. Хэрвээ нефтийн гадаад сувгууд нээгдэж, дотоодын олборлолтын хэмжээ нэмэгдэж менежмент хийх хэрэгтэй үед эргээд жинхэнэ чөлөөт өрсөлдөөнд бодлогын хувьд шилжүүлж болно. 

Энэ бодлогын үр дүнгийн хэмжүүр нь бүтээгдхүүн үйлчилгээ маань хямд үнэтэй байх явдал бөгөөд  бага зардал гаргахыг эрмэлзэх механизмыг бүрдүүлэх ёстой.
 
Жишээ №2. Манай оронд одоогоор тулгарч буй махны хангамж, үнийн асуудал байна. Нийлүүлэлтийн хувьд маш олон бэлтгэн нийлүүлэгчтэй, нийлүүлэгчид нь зуун хувь гадаад буюу байгалийн хүчин зүйлээс хамааралтай, байгаль нь  улам бүр эрс тэс болж буй онцлогтой. Иймд одоогоор нийлүүлэлтийг удирдах бараг боломжгүй буюу бид мэдэхгүй. Эрэлтийн хувьд махны хэрэглээ харьцангуй өндөр ч гэсэн тодорхойлох боломжтой. Энэ тохиолдолд бид ямар бодлого баримтлах вэ.

Энэ тохиолдолд одоогоор чөлөөт зах зээлд найдаж, хувийн эрх ашгийг дээдлэхээс өөр сонголт үгүй. Харин төрийн зүгээс махны хангамж, нийлүүлэлтийг жигдрүүлэх замаар  үнийг тогторжуулах чиглэлд ажиллаж болох юм. Нийлүүлэлт болон үнийн хэт их савлагааг багасгахад чиглэхээс барихаас биш  тэнцвэржүүлэх зорилго тавих боломжгүй.

Энэ бодлогын хэмжүүр нь мах маань аль нутгийн, ямар амттай, ямар насны малын, малын аль хэсгийн, вакцин тариаг хэзээ хэрэглэсэн эсэх гэх мэт үзүүлэлтээр ялгарал бий болгох  боломжыг олгох явдал бөгөөд стандарт тогтоох замаар төр энэ хэсэгт оролцох боломжтой.

Үнийг барих боломж нь нийлүүлэлтийг тодорхой болгож чадахаас л хамаарна. Хоёр боломж байж болох юм. Эхнийх нь байгалийг малдаа зохицуулж өөрчилж чадахгүйгээс хойш малаа байгалиас хамааралгүй болгох. Энэ нь одоогоор бараг боломжгүй. Хоёрдахь нь төсвөөс хөрөнгө гаргах, татаас өгөх замаар шийдэх. Энэ нь богино хугацаанд үр дүн гарахаас урт хугацаанд дээрх ялгарал бүхий бүтээгдхүүн бий болох дотоод хүчин зүйлийг устгаж эцэст нь илүү их үнэ төлөхөд хүргэнэ. 

 Эдгээрээс харахад эрх ашгийн эрэмблэл нь бидний танин мэдэхүйгээс шууд хамаардаг байж болох бөгөөд бид асуудлыг цогцоор нь танин мэдэх тусам нийтийн ашиг сонирхлын үүднээс хандах, шийдвэрлэх бололцоо бүрдэх юм.    
 
Тиймээс бидэнд ямар үед нийтийн эрх ашгийг яаж баримтлах вэ, ямар асуудлууд дээр хувийн эрх ашгийг дээдлэх вэ гэдэгт хариулт хэрэгтэй болно. Хэрвээ энэ зааг ялгааг бид тодорхой мэддэгсэн бол өнөөгийн сонгуулийн босгон дээрх намуудын мөрийн хөтөлбөр нэрээр гарч буй хөгжлийн хөтөлбөрүүд арай илүү үндэслэлтэй болж тэр хэрээрээ хэрэгжих боломж нь дээшлэхсэн. 

Төгсгөлд нь хэлэхэд дээрх санаануудын хязгаарлалтын ганц хүчин зүйл гарч ирнэ. Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой асуудлыг мөн чанарыг нь ойлгохгүй байсан ч “Далд гарын зохицуулалт”-нд найдаж орхиж болохгүй юм. Ийм асуудлыг аюулгүй байдлын талаар бодлого боловсруулж тусгайлан авч явах нь төрийн үндсэн үүргүүдийн нэг юм.

Эдийн засагч О.Цогтгэрэл 2012 он
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж