Цагдаагийн эрх ашгийг хамгаалах нэгж байгуулав

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

Цагдаагийн эрх ашгийг хамгаалах нэгж байгуулав

Цагдаагийн нэр бүхий дөрвөн дарга нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр ангид болох байсан ч дахин хойшлоод байна. Цагдаагийн дарга нар хэрэгт холбогдсоноор  тус байгууллагын нийт алба хаагчдын нэр хүнд унах, эрх ашиг нь зөрчигдөх байдал гарч байгаа учраас цагдаагийн алба хаагчдын эрхийг хамгаалах нэгж байгуулжээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалаас тодрууллаа.
-Цагдаагийн алба хаагчдын эрхийг хамгаалах байгууллага Цагдаагийн ерөнхий газарт байгуулагдсан гэж сонслоо?

-Сүүлийн жилүүдэд цагдаагийн алба хаагчдыг ажил үүргээ гүйцэтгэх үед  бие эрх чөлөөнд нь халдах, доромжлох, заналхийлэх, дарамт шахалт үзүүлэх нь нэмэгдсэн. Цагдаагийн байгууллагын тухай хуульд цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлын тодорхойлсон байдаг. Цагдаагийн байгууллага алба хаагчдынхаа эрхийг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, хамгаалах үүрэгтэй. Энэ үүргийн хүрээнд ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн бүтцэд цагдаагийн алба хаагчийн эрх ашгийг хамгаалах нэгж байгуулсан.

-Цагдаагийн нэр бүхий дөрвөн даргад холбогдох хэргийн шүүх хурал болно. Шүүхийн шийдвэр хэрхэн гарах бол гэж хүлээж байгаа байх?

-Цагдаагийн байгууллага, алба хаагчийг ажил үүргээ гүйцэтгэж, хуулийг хэрэгжүүлж ажиллаж байгаатай холбогдуулан буруутгах болсон нь харамсалтай. Миний хувьд мөрдөн байцаах албанд ажиллаж байсны хувьд нэр бүхий дөрвөн алба хаагчид холбогдуулсан хэрэг бол цэргийн гэмт хэрэг биш гэж үздэг. Энэ хэргийг шийдвэрлэхэд шүүхэд хэн ч нөлөөлөх ёсгүй. Шүүх хараат бус байж, үнэн зөв шударга шийдвэр гаргаж чадна. Цагдаагийн нэр бүхий дөрвөн алба хаагчтай холбоотой хэргийг шүүх шийдвэрлэхдээ хуулийн хүрээнд шударга шийдвэр гаргана гэж итгэж байна.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж