Rio Tinto Австралид ажлаа түр зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Rio Tinto Австралид ажлаа түр зогсоолоо

Австрали уул уурхайн салбарт 40 хувийн супер татвар ноогдуулсантай холбоотойгоор дэлхийн гурав дахь том уул уурхайн компани “Rio Tinto” Австралид хэрэгжүүлж байгаа зарим төслөө өргөтгөх гэж байсныг түр хугацаагаар зогсоосон байна. “Одоохондоо эрэлт хэрэгцээ сайтай, хөгжиж байгаа салбарыг энэ чигтээ байнга байх юм шиг харж, ирээдүйд бидэнд олон янзын саад бэрхшээл гарах болно гэдгийг тооцож чадахгүй байна” гэж “Rio Tinto”-гын төмрийн хүдэрний үйл ажиллагааны гүйцэтгэх захирал Sam Walsh ярьж байна. Шинээр ноогдуулах татвар нь “Rio Tinto”  компанийн 11 тэрбум ам.доллараар өргөтгөх төмрийн хүдрийн олборлолтын төслөөс олох ашгийн 35 орчим хувийг авах болно гэж “Citigroup Inc” тооцоолж байна. Уул уурхайн дэлхийн хамгийн том компани “BHP Billiton Ltd”, “Alcoa Inc” нар шинээр ноогдуулах татвар нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийхэд саад учруулах болно гэж мэдэгдсэн.

“Rio Tinto” компани төмрийн хүдэрний чиглэлээр дийлэнх олборлолтоо хийдэг. Санхүүгийн тооцоолол шинээр хийх болсонтой холбоотойгоор тус компани Австралиас гарч, өөр газар үйл ажиллагаагаа тэлэх арга зам эрэлхийлэх байх гэж Sydney хотод байрладаг “Stock Resource” компанийн судлаач Grant Craighead ярьж байна. “Rio Tinto” компанийн хөрөнгийн гуравны нэг хувь нь Австралид байдаг бөгөөд өнөөдөр Австралийн хөрөнгийн бирж дээр тус компанийн хувьцаа 3.8 хувиар унасан. Австралийн засгийн газар 40 хувийн уул уурхайн татвар 2012 оноос оногдуулах гэж байгаагаа тавдугаар сарын хоёронд зарласнаас хойш тус компанийн хувьцааны ханш 8.9 хувиар унаад байна.

Энэ долоо хоногт Австралийн Ерөнхий сайд Kevin Rudd “Rio Tinto” компанийн захирал Walsh болон бусад уул уурхайн компанийн захирлуудтай Perth хотод уулзсан. “Ерөнхий сайд ууртай 25 уурхайчинтай зоог барьж зүрхэлсэн нь түүний эр зоригийг харуулж байна. Бидэнтэй ярилцаж, санал бодлыг маань сонссонд талархаж байна” гэж “Rio Tinto”-гын захирал Walsh ярьсан. “Энэ татварыг аль хэдийнээс ноогдуулж эхлэх хэрэгтэй байсан юм” гэж Австралийн Нөөцийн банкны захирал асан Bernie Fraser өнөөдөр Австралийн ТВ сувгаар ярилцлага өгөхдөө ярьсан байна.

Шинэ татвар хэрэгжиж эхэлснээр 2013 он гэхэд “Rio Tinto” компанийн ашиг 21 хувиар, Melbourne хотод байрладаг “BHP Billiton” компанийн ашиг 17 хувиар буурах болно гэж Швейцарьт төвтэй “UBS AG” банк тооцоолж байна. Энэ жил “Rio Tinto” компани 5-6 тэрбум ам.долларын зарлага гаргах болно гэж тус компани гуравдугаар сард гаргасан мэдээлэлдээ дурдаж байсан. Австрали шинэ татвар ноогдуулснаар “Rio Tinto” компани Гвиней улсад байгаа “Simandou” төмрийн ордод илүү их хөрөнгө оруулалт хийх болно. 40 хувийн татвар манай үйл ажиллагаанд ямар нөлөө үзүүлэхийг тооцоолж, ойлгох зорилгоор бид Австралид хэрэгжүүлж байгаа төслүүдээ өргөжүүлэх бодлоо тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна. гэж Walsh захирал ярьсан. Австралид хэрэгжүүлж болох зургаан төсөл судалж байна гэж тус компани гуравдугаар сард ярьж байсан юм.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж