
УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр болсон ч санал дүгнэлт танилцуулсны дараа маргаан дэгдлээ. Учир нь өнгөрсөн мягмар гаригт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэх шатанд УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан атал дээрх санал дүгнэлтэд энэ тухай огт дурдаагүй, асуудлыг шууд чуулганаар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн явдал нь хууль зөрчсөн үйлдэл болж байна гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг мэдэгдэв. Мөн тэрбээр “Олуулаа асуудлыг хүчээр шийдэх гэж оролдох нь бас хууль зөрчсөн үйлдэл болно. Ардчилсан намын бүлгийн хувьд МАН-ын дарга С.Батболд, УИХ дахь МАН-ын бүлэгт маш тодорхой мэдэгдлийг өнгөрсөн мягмар гаригт хүргүүлсэн. Тэр дагуу асуудлыг шийдвэрлэх ёстой” гэж байр сууриа илэрхийлсэн юм. Мэдэгдэлд “УИХ-ын сонгуультай цуг орон нутгийн удирдлагыг сонгох зарим сонгуулийг хамтад нь зохион явуулах ёстой” гэж онцлоод байгаа. Нэгэнтээ байнгын хорооны хуралдаан хууль бусад тооцогдсон тул УИХ-ын дарга Д.Дэмбэрэл чуулганы хуралдааныг завсарлуулж, оронд нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулах үүрэг даалгавар өглөө.
Мөн тэрбээр “Хоёр намын бүлгийн төвшинд Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж чадахгүй бол санал хураалтаар асуудлыг шийдэх гарц байгааг санууллаа. Нэгэнтээ УИХ-ын гишүүн ард түмнээс сонгогддог тул санал хураалтаар маргаантай асуудлыг шийдэх нь хууль зөрчсөн үйлдэлд тооцогдохгүй болохыг онцолж, өнөөдөр хоёр тал шийдэлд хүрэхгүй бол хугацаа тулж цааш сунжрах бололцоогүй болж байгааг ч хэллээ.
Чуулганы нэгдсэн хуралдаан завсарлаад байна.
Г.Дарь