Фрийдланд ажлаа өгч, Оюутолгой “Рио Тинто”-д шилжлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

Фрийдланд ажлаа өгч, Оюутолгой “Рио Тинто”-д шилжлээ

Оюутолгой төслийг  хэрэгжүүлэгч “Айвенхоу Майнз” компанийн гүйцэтгэх захирал Роберт Фрийдланд өчигдөр /04.18/ албан тушаалаасаа огцорч, удирдлагын үүргийг  компанийн 51 хувийн хувьцааг эзэмшигч “Рио Тинто”-д шилжүүлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээлсэн байна. Зургаан тэрбум ам.долларын өртөгтэй Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэнтэй холбогдуулан төслийн томоохон хөрөнгө оруулагч “Рио Тинто”-гоос “Айвенхоу Майнз”-ын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчилж, санхүүжилтийн гэрээг эргэн харахаар болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.

“Айвенхоу Майнз”-ын удирдах зөвлөл “Рио Тинто”-д шилжсэнээр Роберт Фрийдландаас гадна “Айвенхоу Майнз”-ын зургаан захирал, менежментийн багийн дөрвөн гишүүн огцорч, оронд нь  “Рио  Тинто”-ийн хүмүүс нэр дэвшжээ. “Айвенхоу Майнз” удирдлагыг шилжүүлэх болсонтой холбогдуулан мэдэгдэл хийхдээ санхүүгийн хэлэлцээний дагуу Оюутолгой төслийг “Рио Тинто”-гийн шууд оролцоо, дэмжлэг, санхүүжилтээр хэрэгжүүлэх болно хэмээн онцолсон байна. Роберт Фрийдланд “Оюутолгой төслийн гүйцэтгэх эрхийг уул уурхайн аварга “Рио Тинто”-д шилжүүлэх ажил ирэх саруудад болно” гэж мэдэгдсэн байна. “Айвенхоу Майнз”-ын гүйцэтгэх захирлын албан тушаалд “Рио Тинто”-гийн санхүүгийн хэлтсийн дарга Кей Пристли, Санхүүгийн хэлтсийн даргаар Кэтерин Барон нар түр томилогджээ. Гэрээний дагуу “Айвенхоу Майнз”-ын хувьцаа эзэмшигчдийн эрх хэвээр байх бөгөөд төслийн нийт ашгаас хүртэх эрхтэй бол хувьцааны ашгийн хуваарилалтыг Рио Тинтогоос томилсон зөвлөл хянах аж.

“Айвенхоу Майнз” компанийн гүйцэтгэх захирал Роберт Фрийдланд тэргүүтэй огцорсон захирлуудын дунд “SouthGobi Resources” компанийн захирал Жонн Макен ч багтаж байгаа ажээ. Үйл явдал ийн өрнөснөөр “Оюутолгой” төслийг цаашид “Рио”-гийн шууд удирдлаган дор хэрэгжүүлж, ирэх дөрвөн жилд санхүүжүүлтээр хангах тухай гэрээг “Айвенхоу Майнз”, “Рио Тинто”-той байгуулсан байна.
“Айвенхоу Майнз”-ын удирдлагыг “Рио Тинто”-д шилжүүлэх ажил ирэх сард болно гэж Роберт Фрийдланд мэдэгдээд байгаа аж.  Санхүүгийн шинэ гэрээний дагуу “Рио Тинто” Оюутолгой төсөлд 3-4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, 1.5 сая ам.долларын түр хугацааны санхүүгийн гүүр байгуулж, Монголд дулааны цахилгаан станц барих  юм байна. “Айвенхоу Майнз”-ын менежментийн өөрчлөлт, Оюутолгой төслийн санхүүжилтын шинэ гэрээний тухай мэдээ цацагдсаны дараа тус компанийн хувьцаа Торонтогийн Хөрөнгийн бирж дээр найман хувиар өсч, 12.61 ам.доллар болсон байна. Уул уурхайн акул “Рио Тинто” Оюутолгойг аль эртнээс сонирхож байснаа нуугаагүй бөгөөд тэд 2006 оноос хойш “Айвенхоу Майнз”-д хөрөнгө оруулж эхэлсэн байдаг. Гэвч “Рио Тинто” Оюутолгойгоос хүртэх хувиа өсгөх гэж оролдсоноос хоёр компани сөргөлдөх болсон билээ. Харин өнгөрсөн нэгдүгээр сард “Рио Тинто” нь “Айвенхоу Майнз”-ын эзэмшлийн хувьцааг нэмэгдүүлж, 51 хувийг нь эзэмших болсноор ийнхүү удирдлагыг гартаа авлаа. 

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж