“Петро Чайна”-гийн төлөх мөнгийг сумын төсөвт оруулна

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

“Петро Чайна”-гийн төлөх мөнгийг сумын төсөвт оруулна

“Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” ТББ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-д холбогдох иргэний хэргийг БЗД-ийн шүүхэд энэ сарын 17-ны өдөр 14:00 цагт хянан хэлэлцэж, 18:00, 22:00  цагуудад тус тус завсарлан шөнийн 00 цагт шийдвэрээ гаргасан юм.

Тус шүүхийн шийдвэрээр “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК нь Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн нутагт газрын тосны үйл ажиллагаа явуулахдаа байгаль хамгаалах, нөхөн сэргээх үүргээ бүрэн биелүүлээгүйг тогтоож, байгаль орчинд учруулсан 1,3 тэрбум төгрөгийг гаргуулах шийдвэр гаргасан талаар бид мэдээлсэн. Тус компаниас төлөх ёстой 1.3 тэрбум төгрөгийг Матад сумын төсөвт оруулах юм байна.

Энэхүү асуудал 2010 оноос эхэлж, “Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” /МБХИХЭ/, “Буйр нуур, Халх гол, Нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөн” /БНХГНСГХХ/ хамтран Нээлттэй нийгэм форумын санхүүжилтээр Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн нэр бүхий таван иргэний нэхэмжлэлтэй тус компанид холбогдох иргэний хэрэгт стратегийн өмгөөлөл явуулжээ. Гэвч таван иргэн нэхэмжлэлээсээ татгалзсанаар БЗД-ийн шүүх 2011 оны есдүгээр сарын 02-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгож байжээ.

Тус компанийн хууль бус үйл ажиллагааны улмаас Дэлхийд ганц хялганат хээрийн экосистемд их хэмжээний хохирол учирч, нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж, төр засаг, мэргэжлийн хяналтын байгууллага, салбарын агентлаг болох Газрын тосны газар, орон нутгийн удирдлагын шаардлага, хорио цээрийг үл тоомсорлон үйл ажиллагаагаа явуулж байсныг  эсэргүүцсэн аж.   Тиймээс 2011 оны есдүгээр сарын 05-ны өдөр “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-тай холбогдуулан “байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг хангалтгүй явуулсан гэдгийг тогтоох, байгаль хамгаалах төлөвлөгөөний дагуу байгаль хамгаалах ажиллагаа явуулах, байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэхийг даалгах, Дорнод аймгийн Матад сумын байгаль орчинд учирсан хохирол болох 1.356.622.460 төгрөгийг “Петро Чайна Дачин Тамсаг” /Монгол/ ХХК-иас гаргуулан Матад сумын төсөвт оруулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан юм байна. Шүүх хурал гурван удаа хойшилж, хоёр өдрийн өмнө дөрөв дэх удаагаа хуралдсанаар шүүх бүрэлдэхүүн оролцогч нарын мэтгэлцэх эрхийг бүрэн хангаж, нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж, үнэнд нийцсэн шударга шийдвэр гаргасан гэж нэхэмжлэгч тал үзжээ.
 
“Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-тай холбоотой энэ хэрэг нь анх удаа томоохон компаниас 1. 356. 622.460 төгрөгийг гаргуулж, орон нутгийн дансанд оруулах, байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаа хангалтгүй явагдсан гэдгийг тогтоож чадсанаараа Монголд анх удаа стратегийн өмгөөллийн тод томруун түүхэн жишиг боллоо гэж “Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл”-ийнхэн хэллээ.

Шүүхэд нэхэмжлэл гаргасан нэр бүхий иргэд “Шударга шийдвэр гарахад хувь нэмрээ оруулсан Нээлттэй Нийгэм форум, ТВ-9 телевизийн сэтгүүлч Б.Отгон, “Өнөөдөр” сонины сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ, Дорнод аймгийн Буйр нуур, Халх гол, Нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөний тэргүүн Д.Ганцогт, хуульч, өмгөөлөгч Т.Мэндсайхан, Д.Чулуунцэцэг, өмнөх таван иргэний нэхэмжлэлтэй хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байсан хуульч, өмгөөлөгч Б.Отгонбаатар, Э.Удвал, “Ариун суварга” хөдөлгөөний тэргүүн Г.Чагнаадорж, Матад сумын ИТХ-ын дарга Д.Энхмаа, Матад сумын байгаль хамгаалагч Ш.Өлзийдүүрэн, Дорнод аймгийн ИТХ, “Мөнх-Оргил Трейд” ХХК-ний шинжээчид, хамтарч ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид болон бусад туслан дэмжсэн бүх хүмүүст гүн талархал илэрхийлж байна” хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж өгөхийг хүссэн юм.

О.Сэргэлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж