Амьдралынхаа 40 гаруй жилийг анагаах ухааны салбарт, тэр дундаа мэргэжлээс шалтгаалах өвчин судлалыг хөгжүүлэхэд зориулсан Я.Мөнхчулуун нь 1938 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн бөгөөд дотооддоо болон гадаадад анагаах ухааны их сургууль, мэргэжлийн курсуудыг амжилттай дүүргэжээ. Тэрээр 1964-1976 онд Налайх хотын нэгдсэн эмнэлэгт дотрын эмч, зүрх судасны эмч, ерөнхий эмч, Налайх хотын эрүүлийг хамгаалах хэлтсийн даргаар, 1977-1991 онд улсын үйлдвэрийн эмнэлэг, мэргэжлээс шалтгаалах өвчний улсын диспансерийн даргаар, 1991 оноос хойш тус төвийн зөвлөх эмч, “Мэргэжлийн өвчин судлалын сектор”-ын эрхлэгчээр тус тус ажиллаж байлаа.
Уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж буй өнөө үед түүнээс урган гарах олон сөрөг үр дагаварын нэг нь тус салбарт ажиллагсдын дунд элбэг тохиолдох уушги тоостох өвчин юм. Ажил, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн дунд зонхилох байрыг эзэлдэг уг өвчнийг хэрхэн эмчлэх талаар нарийн судалгаа хийж, тодорхой үр дүнд хүрсэн доктор Я.Мөнхчулууны хөдөлмөр, зүтгэлийг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж, 2005 онд “Хүний гавьяат эмч” цолоор шагнаж байсан бол энэ удаа Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлээс шалтгаалах үндэсний төвийг түүний нэрэмжит болгон өргөмжиллөө.
Энэ өдөр мөн Зэвсэгт хүчний 120 дугаар ангийг Монгол Улсын баатар, хурандаа генерал Бутачийн Цогийн, Шинжлэх ухааны академийн Газар зүйн хүрээлэнг Монгол Улсын Төрийн шагналт, академич Шагдарын Цэгмидийн нэрэмжит болгохоор шийдвэрлэжээ.