Quiza: Би зүгээр л амьдармаар байна

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Quiza: Би зүгээр л амьдармаар байна

 Би
зүгээр л амьдармаар байна…Энэ бол Quiza-гийн шинэ уран бүтээлийн нэр.
Ярианы хэлээр бол "Зүгээр л тасарчихсан дуу". Утга уянгын яруу найргаас
юм уу, нэг хэвэнд цутгачихсан юм шиг дууны үгнээс залхсан олон хүн
амьдралыг яг үнэрээр нь "ярих" Quiza-гийн шүлэг, дуу хоёрт дуртай. Бас
дуулах нь таалагддаг. Бусадтай харьцуулахад, бодит амьдралыг
боловсруулж дуулдгаараа анхнаасаа ялгарч чадсан түүний гурав дахь цомог
фенүүдийнх нь гарт очиход бэлэн болжээ. Quiza-гийн шинэ уран бүтээл
хийгээд түүний ертөнцөөр аялахыг хүссэн уншигчиддаа энэхүү ярилцлагыг
зориулав.

-Сонин юу байна, Quiza. Өнгөрсөн жилээс хойш манайд ярилцлага өгөөгүй санагдаж байна?

-Нээрэн,
тийм юм байна шүү. Танай уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Сонин сайхан
их байна. Шинэ цомгоо хийгээд дуусч байна. Гурав дахь бие даасан цомог
л доо.

-Сүүлийн
үед та бусад дуучидтай хамтарсан уран бүтээл хийж байгаа. Сэрчмаатай
хамт дуулсан. Саяхан BX бас тантай хамтарч дуулна гэж ярьсан байна лээ?

-Сая
хэсэг хугацаанд producing гэдэг ажил хийлээ. Дууны найруулга дээр
ажиллах, дууны үг зохиох ажил л даа. Продюссор Баярхүү бид хоёр нийлж,
"Bayarhuu and Quiza" producing компани байгуулсан. Эхний ажил маань
дуучин Сэрчмаагийн цомог байсан бол одоо Д.Болдын хоёр цомгон дээр
ажиллаж байгаа. Д.Болдын R&B цомгийг манай компани хийсэн. Дуучин
Маралжингоо, "Гурван охин" хамтлагтай мөн хамтран ажиллаж байна.
Удахгүй BX-тэй хамтарч нэг цомгон дээр ажиллана. Миний өөрийн хувьд бол
шинэ цомогтоо BX-тэй хамтарч дуулсан байгаа. Ерөнхийдөө бид сайн
producing хийхийг зорьж байна. Манайд олны танил болчихсон дуучид байна
л даа. Гэхдээ тэдний уран бүтээлд producing буюу найруулга дутагдаад
байдаг юм шиг санагддаг. Тэр ажилд ямар ч байсан хувь нэмрээ оруулахыг
л хүсч байна.

-Ажил
хэр байна. Бэрхшээл ч гэх юм уу. Ер нь Монголын урлагт тэгтлээ айхтар
хөгжил гээд хэлчихээр зүйл бараг харагдахгүй л байх шиг байна?

-Амьдрал
хэцүү байна. Тэр болгон дуу хөгжмийг мэдэрч, зорьж сонсох хүн цөөн
байгаа юм болов уу гэж бодогддог. Урлагийн хөгжил ухарчих гээд байгаа ч
юм шиг санагдаж эхэлж байна. Жишээлбэл, одоо хайрын дуу дуулаад яваад
байх болсон маш олон хамтлаг, дуучид гарч ирж байна. Энэ хэвээрээ
байгаад байвал хөгжил ярихад хэцүү байх. Ер нь бэрхшээл байна аа,
байна.

-Хип хоп
бол яах аргагүй хүлээн зөвшөөрөгдсөн урлагийн нэг төрөл. Монголд ч
гэсэн хип хоп урлаг хэдэн жилийн өмнө хүчтэй нөлөөтэй орж ирж байлаа.
Харин одоо бол гайхал төрүүлэхээр хамтлаг, дуучид байхгүй болчихлоо.
Гарч ирж байгаа залуучууд нь "Татар"-ыг хувилчихсан юм шиг сэтгэгдэл
төрүүлэх ч юм уу?

-Магадгүй энэ
"Татар"-ын амжилт байх л даа. Бусдаас ялгарах гэдэг тусдаа асуудал байх
болов уу. Цаг нь ирэхээр хөгжих байх. Яваандаа сонсогчид өөр юм
шаардана.

-Гэхдээ "Татар"-ын дуунууд яг л нэг дуу шиг сонсогдоод байх болчихож. Танд тэгж санагддаг уу?

-Сүүлийн
үеийн дуунуудыг нь сонсч амжаагүй байна л даа. Хүн хүнд өөр л санагддаг
байх. Ерөнхийдөө "Татар"-ынхан анхнаасаа барьсан стилиэ эвдээгүй яваа.
Магадгүй өөрчлөөд үзэх хэрэгтэй байж болох юм. Өөрчлөөсэй гэж бодогддог
шүү.

-Саяхан
"Люмино" хамтлагийн MC манайд ярилцлага өгсөн юм л даа. Та нарын
хоорондоо дуугаар маргалдаад байсан тухай сонирхсон чинь "Хамгийн сүүлд
"Цонхтой цаг" дуугаараа Насаараа чи намайг дуулна" гээд хэлчихсэн чинь
Quiza таг болчихсон" гэж ярьсан байсан. Тэгэхээр нь таныг ялагдсан юм
байна гэж ойлгосон шүү?

-Юу л даа.
"Люмино" хамтлаг маань өөрөө олны сонирхлоос алга болчихлоо. Гараад
явчихлаа. Тэгэхээр чинь би дагаж гарах гээгүй юм чинь болиод өөр зүйл
хийх хэрэгтэй гэж бодсон л доо. Магадгүй анх би гарч ирэхдээ тэднийг
"ашиглаж" байсан байж болно. Гэхдээ одоо тэд нарын хийсэн дуу нэг их
нөлөөгүй болчихсон учраас, миний сонсогчид надаас өөр зүйл шаардаж
байгаа тул одоо заавал тэдэнд зориулж дуулах албагүй гэж бодож байна.

-Манай
хамтлагийн залуучууд бүгд л бие даасан цомог гаргана гэж хуйлрах болж л
дээ. Уг сайхан санаа байх. Гэхдээ хэт туйлшраад байгаа ч юм шиг
санагддаг?

-Би бас тус тусдаа цомог
гаргадаг юм билүү гэж бодож байгаа…..Худлаа худлаа. Цомог гаргаж болно.
Хэдийг ч гаргаж болно ш дээ. Хамгийн гол нь тэрийгээ маш сайн зарах
хэрэгтэй.

-Цомог
гэснээс манайхан хуучны дууг дуулж болно, болохгүй гэдэг асуудлаар
сүүлийн үед маргалдаж эхэллээ шүү дээ. "Volume1" болон "Ocean’s 11"
хамтлагийн цомгийг худалдаанаас татаад авчихлаа. Энэ талаар та ямар
бодолтой байна?

-Зохиогчийн эрхийн тухай
мэдлэг хомс байгаагаас л манайд ийм зүйл гарч байгаа байх л даа. Жишээ
нь "Хонх" хамтлагийн дууг бааранд дуулаад амьдарч байгаа хүмүүс зөндөө
л байна ш дээ. Энэ хүмүүст ингэж болохгүй ээ гэдгийг нь эрхзүйн талаас
ойлгуулах хэрэгтэй л дээ. Монголд дуу дуулагчид биш дуу зохиогчид
урагшаа явах ёстой гэж надад санагддаг. Өөрийнхөө зохиосон дууг өөрөө
дуулдаг уран бүтээлч олон болоосой гэж хүсдэг. Хүний зохиосон, өөр
хүний амьдруулсан дууг яаж ч өөрчлөөд дуулсан амжилтад хүрэхэд хэцүү.
"Ocean’s 11" хамтлагийн Буянаа бол уг нь дуу зохиогч хүн л дээ. Гэхдээ
тэр асуудал гараад байгаа цомгоо хуучны дуунуудаар л хийсэн юм байна
лээ. Сайхан дуунуудыг дахин амилуулах гэдэг зорилгоор. Энэ асуудлыг
шийдэх байлгүй дээ.

-Удахгүй
худалдаанд гарах гэж байгаа таны шинэ цомгийн талаар эргээд сонирхъё.
Хэр борлуулалт сайтай цомог гарах бол гэж бодож байна?

-Хичээж
байгаа. Сонсогчид надаас юу хүсч байна гэдгийг бодож, мэдэрч хийхийг
зорьсон. Сонсогчид гэдэг маань би нийт хүмүүсийг хэлээгүй байна л даа.
Яг намайг сонсдог, Quiza одоо юу дуулах бол гэж хүлээж байдаг
сонсогчдыг энд онцолж болно. Тэдэнд зориулж хийлээ. Нэлээд няхуур
ажиллаж байгаа гэх үү дээ.

-Quiza
зарим хүмүүст дуучныхаа хувьд таалагддаг байх. Харин зарим нь таныг
хувь хүний чинь хувьд гэх юм уу үзэл бодол, боловсрол гээд өөр өнцгөөс
хардаг л даа. Ялангуяа залуучууд?

-Баабар
гуай хэлсэн байдаг ш дээ. Боловсрол гэдэг бол мэдээлэл дундаас олж
авсан мэдлэг юм гэж. Тэр үнэн байх. Тэрнээс биш боловсролыг диплом
харуулж ярих зүйл биш л дээ. Үзэл бодолтой байхад боловсролтой юм шиг
харагдаж болдог. Хэчнээн боловсролтой байлаа гээд тэр үзэл бодолгүй бол
бас яаж ч харагдаж болно. Миний хувьд урлагт өөрийнхөө амьдралын бодит
байдлыг, үзэл бодлыг дуулж хүргэснээрээ хүмүүст содон санагдсан байх.
Товчхондоо бол би "Би" гэж дуулсан. Монголд дандаа "Бид" гэж дуулдаг.
Энэ хоёрын хоооронд ялгаа байна л даа.

-Сэтгүүлзүйд бол "Би" гэж бичихийг нэг их таашаадаггүй л дээ?

-Би сэтгүүлч байсан бол "Би л" гэж бичнэ. Хэ хэ.

-Сэтгүүлч гэснээс таны бичсэн шүлэг сэтгүүлч хүний асуудал хөндсөн нийтлэл шиг хааяа санагддаг шүү. Юм бичмээр санагддаг уу?

-Санагддаг. Гэхдээ хип хопоор л бичнэ ш дээ /инээв/.

-Сонгуулийн сурталчилгаанд оролцох уу?

-Өөрийнхөө дэмжиж байгаа намтай хамтарч ажиллана гэж бодож байна.

-Аль намыг дэмждэг вэ?

-Ардчилсан нам.

-Quiza хэр үнэтэй дуучин бэ?

-Энэ
талаар бодож үзээгүй юм байна. Дуулах нь миний ажил гэдэг утгаараа янз
бүрийн байдлаар арга хэмжээнд оролцдог. Сэтгэлээрээ дуулна. Гэрээгээр
дуулна. Яг өнөөдрийн л жишгээр янз бүр л байдаг.

-Гэхдээ
л ихэнх дуучид хэдэн зуун мянга, хэдэн саяар л дуулна гэж өөрсдийгөө
үнэлдэг болчихсон байгаа шүү дээ. Тайзан дээр гарч ирээд ам барьж, хоёр
дуу дуулчихаад сая төгрөг хармаалаад буух дуучид хүмүүст сонин л
санагддаг. Бусад энгийн хүмүүс тэр мөнгөний төлөө яаж ажилладагтай
харьцуулахад?

-Яахав дээ, ам барьж
дуулах тухайд орчин нөхцөл нөлөөлж байгаа байх л даа. Үнэхээр зарим
газар очиход систем хөгжим, хоёр яригч тавьчихаад сууж байдаг тохиолдол
гардаг. Дуучдыг урьж дуулуулж байна, тэнд тухайн дуучин очоод хүмүүст
таалагдсан өөрийнхөө уран бүтээлийг хүргэж байна гэдэг тэр хүний л хийж
байгаа хөдөлмөр, нэг ёсны ажил нь. Тэрнээс яг дуучдыг тэр нь тэдэн
төгрөгөөр дуул, эд нар ийм мөнгөөр дуул гэж хүчээр ханш тогтоох ямар ч
боломжгүй л дээ. Ам барих асуудал өнөөдөр техникийн асуудал болохоос
дуучдын асуудал биш байх гэж бодож байна. Ер нь тэгээд дуу дуулах гэж
амаа хөдөлгөх гол ажил биш шүү дээ. Тэр дууг гаргаж ирнэ гэдэг уран
бүтээлч хүний хамгийн том ажил. Яаж, хэрхэн бүтээж байгаа нь олны
нүдэнд харагддаггүй л дээ, хамгийн гол ажил мөртлөө. Тийм учраас би
олны өмнө дуулж байгааг уран бүтээлийнхээ, хөдөлмөрийнхөө үр шимийг
хүртээд явж байгаа асуудал гэж ойлгодог. Дуучид өнөөдөр хэдэн төгрөгөөр
цомог хийж байна. Хэдэн төгрөгөөр клип хийлгэж байна гэдгийг ярихад
хүндрэл зөндөө байгаа ш дээ. Тэгээд түүнээсээ ашиг олох боломж хэцүү.
Ганц ашиг, орлого олж байгаа зүйл нь энд, дэнд дуулж байна. Яадаг юм
бэ, дуулаг л дээ. Зохиолын ч бай, юу бай, бүгдээрээ.

-Та зохиолын дуунд шүүмжлэлтэй ханддаг хэвээрээ юу?

-Ер
нь хүн болгон ямар нэгэн зүйлд шүүмжлэлтэй ханддаг. Улстөрчдөөс
авхуулаад Монголд шүүмжлэх зүйл угаасаа дэндүү олон байна. Тэрэн шиг би
яагаад зохиолын дуунд шүүмжлэлтэй хандаж болохгүй гэж…/инээв/.

-Ер нь сонсдог уу?

-Үгүй. Сонсох дургүй учраас л шүүмжилдэг.

-Гэнэт
өөр зүйл асуусанд уучлаарай. Өнөөдөр монголд талхны үнэ тэнгэрт
хадчихлаа. Хүн бүхэн үнийн хөөрөгдөл ярьж, бухимдаж байна. Танд гэхэд
өндөр үнэтэй талхны тухай дуулмаар санагдах юм уу?

-Эдийн
засгийн талаас нь үнийн өсөлт, хөөрөгдлийн тухай нарийн зүйл би хэлж
мэдэхгүй л дээ. Харин үйлдвэрлэгч талаас нь харах юм бол би "Hi-Fi"-д
өөрийнхөө уран бүтээлийг үнэлээд тавьсан чинь үнэ хөөрөгдсөн байна гээд
бослого гаргаад байвал бас хэцүү л байх болов уу. Цомгоо борлуулмаар
байдаг. Гэтэл би эдийн засгийн хувьд хохиролгүй байхыг хүсч байна. Ийм
үед үнийн асуудалд зохицуулалт хийх бол хүлээн зөвшөөрөх арга биш байх
гэж бодогдож байна. Талхны үнэ, ард түмний амьдрал гээд ярих тухайд бол
төрийн зөв бодлого энэ тэр гээд том зүйл яригдах байх. Ер нь бол би
үйлдвэрлэгчдэд шахалт биш дэмжлэг хэрэгтэй гэж боддог. Зүгээр ажлыг нь
хийлгэе л дээ. Зүгээр л амьдармаар байна…

-"Зүгээр л амьдармаар байна" гэдэг чинь таны шинэ цомогт орж байгаа дууны үг байна, тийм үү?

-Тийм.
"Зүгээр л амьдармаар байна" гэж дуу хийсэн. Энэ дуунд надаас
шалтгаалахгүйгээр миний амьдралыг өөрчлөх гэсэн олон үйл явдал
тохиолдсон тухай өгүүлдэг. Ер нь олон хүнд тохиолддог л доо. Бүгдээрэнд
нь. Жишээлбэл, надаас шалтгаалахгүйгээр дээд давхрын айл ус алдаад тааз
муухай болчихлоо гэдэг ч юм уу. Надаас шалтгаалахгүйгээр миний амьдралд
өөрчлөлт ороод байдаг. Гэтэл би зүгээр л амьдармаар байна. Өөрөө юу
хийж байна түүнийхээ үр шимээр амьдраад явах ёстой. Энэ мэтээр зөндөө
асуудал байна, нийгэмд. Нэг юм ярья л даа. Саяхан эхнэр маань төрсөн.
Охинтой боллоо. Өмнө нь том охин маань гадаад төрж байсан болохоор
Монголд хүн төрөхөд ямар бэрхшээл гардгийг мэддэггүй байлаа. Харин сая
эхнэрээ төрүүлэх гэж явахдаа эмнэлгийн байгууллагын үйлчилгээг
мэдэрлээ. Үнэхээр хэцүү юм билээ. Тэрнээс жишээ аваад дуулсан л даа.

"Эрүүл мэндийн даатгалаа журмаар нь төлсөн, уучлаарай

Эмч ээ, надад битгий хүйтэн хандаарай" гэж…

Эмч нар үүргээ биелүүлж ажиллах
тухайд үнэхээр өөр бодолтой болсон юм билээ. Тэрийг нь шүүмжлэхээр
эхнэрээ улам хэцүү байдалд төрүүлэх болчихоод байсан. Ийм байдалтай
удаан дасан зохицож амьдарч болохгүй байх аа. Бүр таслан зогсоох
хэрэгтэй. Бухимдал зөндөө л байна. Даатгалын системийг боловсронгүй
болгох ёстой юм шиг санагдсан. Эрүүл мэндийн даатгал гэж юу ч юм тээ.
Ямар ч үнэ цэнэгүй. Надад бол жишээ нь тэр дэвтэр байдаггүй. Эмнэлэгт
очихоор шаардаж ч байгаагүй. Байсан, байгаагүй би ялгаагүй би мөнгө
төлөөд үзүүлдэг.

-Том охин чинь Лондонд төрсөн. Хоёр дахь охиноо Монголд төрүүллээ. Ямар ялгаа байна?

-Маш
том ялгаа байсан шүү. Лондонд бол тэр хүнийг төрүүлэхийн төлөө бүхнийг
хийдэг. Монголд бол эсрэгээрээ. Тэр хүнийг төрүүлэхгүй гээд байгаа юм
шиг шат шатандаа хүнд сурталтай таардаг юм байна лээ. Уг нь тэр хүмүүс
төрөөс цалин авдаг ард түмний татвараар цалинждаг хүмүүс. Хүнд үйлчлэх
үүрэгтэй. Гэтэл одоо бид нар намайг эмчилж өгөөч гэж тэр хүмүүст
хувиасаа дахин мөнгө өгөхгүй бол юу ч бүтэхгүй. Авлигагүй газар алга
гэсэн үг л дээ. Төрийн байгууллагад…Хувийн байгууллага бол харин арай
өөр байгаа байх шүү.

-Эхнэр чинь хаана амаржсан юм бэ?

-Тэрийг
хэлээд яахав. Ямар ч байсан улсын эмнэлэг. Хувийн эмнэлэгт төрөхөд
аймаар үнэтэй юм байна лээ ш тээ. Ямар авилгачин байгаа биш тэнд
төрүүлж чадаагүй л дээ. Миний "Зүгээр л амьдармаар байна" гэдэг дуун
дээр гардаг л даа. Даваагаас баасан гариг хүртэл өглөө есөөс орой долоо
хүртэл ажилладаг. Ажлаа хийж байтал ар гэрт байнга санхүүгийн асуудал
гардаг. Яаж зохицуулах вэ гэж би ажлаасаа гараад шаналдаг. Гэтэл би
зүгээр л амьдармаар байна. Авсан цалингаараа амьдармаар байна" гэж.
Авилгыг би хоёр хувааж ойлгодог. Зүгээр луйвар хийх гэж, завших гэж
авлига авч байгаа нэг тал байна. Үнэхээр амьдралын эрхээр, цалин мөнгө
нь хүрэлцдэггүй учир, гэр бүлээ тэжээхийн учир авлига авахаас өөр
аргагүй нөхцөлд ажиллаж байгаа өөр нэг хэсэг байгаа. Завшигчдын авч
байгаа авлигыг цалин багатай хүмүүст зарцуулах хэрэгтэй байх. Ингээд
бодоод байхаар бухимдал их байгаа биз.

-Таны шинэ цомог тэгвэл их л нийгэмжсан цомог байх нь дээ?

-Ер нь тийм. Яагаад гэвэл би нийгэмд амьдарч байгаа учраас. Хайр сэтгэлийн далайд амьдраагүй учраас…/инээв/.

-Дахин гадагшаа гарч амьдрах талаар бодогддог уу?

-Үгүй
ээ, үгүй. Хил давах асуудал одоо сонирхлоос гарчихсан гэхэд болно.
Зүгээр л өмнөх ажлаа хийгээд Монголдоо сайхан амьдармаар байгаа.

Б.БАДАМГАРАВ /2008 оны 4 сарын 25/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж