Дрогба “Челси”-д ялалт авчирлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

Дрогба “Челси”-д ялалт авчирлаа

Европын хөлбөмбөгийн холбооны топ төвшний өрсөлдөөн Аваргуудын лигийн хагас шигшээд учраа таарсан “Челси” болон “Барселона” багийн тоглолт өнгөрсөн шөнө Лондон дахь “Стэмфорд Бриж” цэнгэлдэхэд болж, талбайн эзэд 1:0 харьцаатай ялалт байгууллаа.

Кот д’Ивуарын тоглогч Дидье Дрогба эхний хагас өндөрлөх мөчид тоглолтын цорын ганц гоолыг оруулсан. Испанийн лигийг тэргүүлж буй “Реал Мадрид” өмнөх өдөр нь “Баейрн Мюнхен”-ий талбайд ялагдал хүлээсэн тул аваргаа хамгаалахаар өрсөлдөж буй “Барса”-гийн хувьд өчүүхэн ч төдий алдаа гаргах эрхгүй байсан. “Барселона”-гийн супер од Лионель Месси бөмбөг эзэмших бүртээ гоолын боломж бий болгож байсан ч өрсөлдөгчийнхөө торыг хөдөлгөж чадаагүй.

Эхний хагас өндөрлөхийн өмнөхөн, нэмэлт цагт Дидье Дрогба багтаа тун чухал ялалт авчирсан гоолыг оруулсан. Харин завсарлагааны дараа талбайн эзэд хамгаалалтаа чангатгаж, Каталоны багийн довтолгоог тасалсаар тоглолтын ялагчаар тодорсон. Тоглолтын дараа “Челси”-гийн түр дасгалжуулагч Роберто ди Маттео “Боломжийн үр дүн гэж бодож байна. “Барселона”-гийн эсрэг тоглоход маш сайн хамгаалалт хэрэгтэй байдаг. Тэдний довтолгоог хязгаарлахын тулд байдгаараа хичээж, харин өөрт олдсон боломжоо тун анхааралтай ашиглах хэрэгтэй байдаг” хэмээн ярьжээ. Харин тэд боломжоо ашиглаж чадсан. Тоглолтын статистик үзүүлэлтээс харахад ялалт дагуулсан Дрогбагийн гоол “Челси”-гийн зүгээс байндаа туссан цорын ганц цохилт байлаа. Бөмбөг эзэмшилтийн хувьд ч “Барса” илүү байсан, Лондонгийн “Цэнхрүүд” тоглолтын турш 194 удаа бөмбөг дамжуулсан бол Каталоны баг бараг дөрөв дахин их буюу 782 удаа бөмбөг дамжуулжээ. Гэхдээ статистик үзүүлэлт, тоо баримтаас илүү тоглолтын үр дүн чухал. Ямартай ч 2009 оны Аваргуудын лигийн хагас шигшээд дээрх хоёр баг таарч тоглоход Андрес Иньеста шүүгчийн мэдлийн нэмэлт цагт гоолдсоноор “Барселона” финалд шалгарч байсан хар түүхийн эсрэг “Челси” өөрсдийн хариуг барилаа. Дидье Дрогба “Гурван жилийн өмнөхтэй харьцуулахад бид илүү ихийг сурсан, тэр үеийнхээс илүү сайжирсан гэж бодож байна. Одоо бид тийшээ /”Ноу Кэмп” цэнгэлдэхийг хэлэв/ явж, финалд өрсөлдөх эрхийн төлөө тоглоно” хэмээн тоглолтын дараа телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.

“Барселона”-гийн талбай “Ноу Кэмп” рүү хөлбөмбөг сонирхогчдын анхаарал шилжлээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж