
Үүнтэй холбогдуулан “Халх гол төслийг хэрэгжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх, сумын төвийн цэвэр, бохир усны шугамыг сэргээн засварлах зураг төсвийн болон шинэчлэн засварлахад шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. “Халх гол” төслийн хүрээнд Халх голын бүс нутагт ашиглалтгүй байсан 30,0 мянган га атаршсан талбайгаас 19,8 мянган га талбайг хуулийн дагуу эзэмшүүлж эргэлтэд оруулжээ. Мөн өөрийн техникгүй жижиг аж ахуйн нэгж болон өрхийн тариалан эрхлэгчдийг техникийн үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэх зорилгоор нэг тэрбум төгрөгөөр Техник үйлчилгээний дундын төв байгуулан ажиллаж байна. 2011 онд 6 аж ахуйн нэгж 9 орчим мянган га-д үр тариа тариалж, 13 мянган га-д уриншийн боловсруулалт хийснээр энэ онд 15 мянган га-д үр тариа тариалж, 15,0 мянган га-д уринш боловсруулалт хийх боломж бүрдсэн байна. Энэ нь төсөл хэрэгжихийн өмнөх жилтэй харьцуулахад 3,3 дахин нэмэгдсэн гэсэн үг юм. Тэгвэл баруун бүсийн газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх зорилгоор 2010-2012 онд нийтдээ 1,6 тэрбум төгрөгийн техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлсэн байна. Үүнээс гадна “Чацаргана” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 500 сая төгрөгийн зээлээр Увс аймагт жилд 600 тонн чацаргана боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулжээ. Мөн жимс, жимсгэний суулгац үржүүлэгчдийг дэмжих зорилгоор 2010-2012 онд Увс аймгийн иргэн, аж ахуйн нэгжээс 1,7 тэрбум төгрөгийн үнэ бүхий 880 мянган ширхэг чацарганы суулгац худалдан авч бусдад олгосон байна.