Өрийн хэмжээ асуудал дагуулах уу?

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

Өрийн хэмжээ асуудал дагуулах уу?

Монгол Улсын өрийн хэмжээний талаар ялгаатай өчигдөр хоёр тайлбар гарлаа. Үдээс өмнө УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр энэ талаар хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл хийсэн бол үдээс хойш нь Засгийн газрын хуралдааны үеэр мөн энэ тухай яригджээ. Ингээд УИХ-ын болоод засгийн газрын гишүүний тайлбарыг хүргэе.

УИХ-ын гишүүн Ц.ШИНЭБАЯР: 9.6 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРСЭН БАЙНА

Монголын ард түмний нийт гадаад өр өнөөдөр 9.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүний дотор 7.5 тэрбум ам.долларын өрийг стандарт бус Засгийн газар 2008 оноос хойш Монголын ард түмнийг хуурч, төөрөгдүүлэн тавьсан байна. Ард түмнийг мэхлэн дөрөвхөн жилд авсан 7.5 тэрбум ам.долларын гадаад өрийн дийлэнх хувийг төрд шургалсан олигархиудын компаниуд ард түмнийг барьцаалж үе үеийн монголчуудын эсрэг эдийн засгийн терроризм үйлдсэн байна. Тэдний эзэмшлийн аж ахуйн нэгжүүдийн тавьсан өрийг ард түмэн нуруундаа үүрэх ёсгүй. Яагаад Монгол улс ийм их гадаад өрөнд унаж, эдийн засгийн терроризмд өртөөд байгаа юм бэ? Ийм том хэмжээний луйвар явагдаж байхад ард түмний аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй таг­нуул, цагдаагийн байгууллага, АТГ, Монгол Улсын шүүх, прокурорын газар юу хийж байсан юм бэ? Ийм том гэмт хэрэг болоод байхад таслан зогсоохгүй байгаа нь эдгээр байгууллагад ажиллаж буй удирдлагууд төрийн нэр барьсан луйварчдыг хамгаалж, өмгөөлдөг байгууллага болоод хувирчихсан юм биш үү. Монгол Улсын гадаад өр ДНБ-ээсээ 30 хувиар хэтэрлээ.  Монгол Улс 1990 оноос хойш хоёр тэрбум гаруй ам.долларын өртэй байсан. Гэтэл 2008-2011 оны хооронд буюу одоогийн Парламентын бүрэн эрхийн хугацаанд 11 тэрбум болтлоо нэмэгдчихээд байна. Сүүлийн ганцхан жилд л дотоодын аж ахуйн нэгжүүдийн гадаад өр 5,25 тэрбум ам.доллараар нэмэгджээ. Монголбанкны албан ёсны вебсайтад гадаад өрийн хэмжээг шинэчлэлгүй удсан. Би энэ мэдээллийг шинэчлэхгүй байгаа шалтгааныг Монголбанкны Ерөнхийлөгчөөс асууж, мэдээлэл гаргаж өгөхийг шаардсан боловч хувийн компаниудын нууцтай холбоотой учраас гаргаж өгч чадахгүй гэсэн. Монгол Улс сүүлийн хэдхэн жилийн дотор гадны хараат улс болчихжээ. Энэ өрийг Монгол Улсын хүн амын тоонд хуваахад 3500 ам.доллар гарч байна. Энэ бол та бидэнд бүгдэд нь хамаатай.

Сангийн дэд сайд Ч.Ганхуяг: ӨРИЙН ХЭМЖЭЭГЭЭРЭЭ “БАГА” ГЭСЭН АНГИЛАЛД БАЙНА

Улсын өрийг Засгийн газрын нийт өртэй харьцуулж гаргадаг. 9.6 тэрбум гэж ярьж байгаа энэ тоо бодит бус. Учир нь аж ахуйн нэгжийн өр зээлийн хэмжээг нийлүүлж, Монгол Улсын өр болгон тооцсон энэ үзүүлэлтээр. Гэтэл улсын хэмжээнд бүх аж ахуйн нэгж Монголбанк өрөө бодитоор бүртгүүлж чадахгүй байгаа. Монголбанк валютын ханшийн зөрүүгээ гаргахын тулд нийт балансаар өрийн хэмжээг гаргаж байна. Энэ бол Засгийн газрын өр. Түүнээс монгол хүн бүр өртэй болж байгаа хэрэг биш. Үүнийг Америк, Европтой харьцуулбал, тэдгээр улсын иргэд хэмжих боломжгүй шахам өртэй болно. Сангийн яам, Монголбанкнаас ойрын үед бодитой мэдээллийг хүргэнэ. Шилжилтийн буюу 1990 оноос эхлэлтэй хэрэглэсэн зээлийн хэмжээ зургаан их наяд төгрөг байгаа. Эдийн засаг өсөхийн хэрээр дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх гадаад өрийн хэмжээ буурч байна. Одоо 20 орчим хувьтай явж байгаа. Манай дотоодын нийт бүтээгдэхүүн энэ онд 14 их наяд төгрөгт хүрнэ гэвэл 26 их наяд төгрөгийн өртэй байна гэсэн үг. Сая 9.6 тэрбум төгрөгийн өртэй боллоо гэж сенсаци дэгдээсэн. Үүнийг Монголбанкинд нийт улсын эдийн засагт байгаа өр зээлийн мэдээлэлтэй андуурч, санаатайгаар будилж мэдээлсэн. Энэ өрийн хэмжээг бодитоор Төв банкны сайтаас хүн бүр харах боломжтой. Одоогоор манайх 2.6 их наяд төгрөг дээр Хөгжлийн банкинд 600 сая ам.долларын баталгааг Засгийн газраас гаргаж өгсөн. Хөгжлийн банк зээл олгоод үүнийгээ эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр ажиллана Ямар нэг байдлаар эрсдэл гарч, зээлүүд нь төлөгдөхгүй бол Засгийн газар төлж болзошгүй гэдэг утгаар нь баталгаа гаргасан. Энэ нь нийт 3.5 их наяд төгрөгийн өрийн асуудлыг ярих боломжтой гэдгийг харуулж байна. Дотоодын хөрөнгийн бирж дээр 300 тэрбум төгрөгийн бонд гаргаж, ЖДҮ-г дэмжихээр өр тавьсан. Үүн дээр 4000 айлын орон сууц хөтөлбөрийн бондыг нэмээд нийт 503 тэрбум төгрөг байна. Манай улсын өрийн хэмжээ Төсвийн тогтвортой байдлын гэрээ, дотоодын нийт бүтээгдэхүүний 40-өөс дээш хувиар хэтрэхгүй байх тусгай шаардлагыг 2013 оноос бү­рэн хангах боломжтой. Манай улсад зээлийн зэрэглэл  тогтоодог “Moodes” болон бусад байгууллагаас өрийн хэм­жээ­гээрээ бага гэсэн тоонд оруулсан.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж