Гахай хавдрын өвчлөл нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

Гахай хавдрын өвчлөл нэмэгджээ

2012 оны хоёрдугаар сард Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуульд гахайн хавдар өвчин дэгдэв. Тус сургуулийн 1б, 4г, 9б, 9е бүлгүүдэд гахайн хавдар гарч тус ангиудыг бусад ангиас нь тусгаарласан юм. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтнүүд нэгдүгээр сургуулийн эмч нарыг сургалтанд хамруулж, авах арга хэмжээний тухай зөвлөмжийг өгсөнөөр тархалт нь буурчээ. Одоогийн байдлаар дахин дэгдэлт гараагүй байгаа ч сар бүр ариутгал хийж, шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа аж. Гэхдээ бусад сургуулийн сурагчдад ч халдвар тархах өндөр магадлалтайг эмч нар сануулав. “Энэ өвчин нь ахуйн замаар халдварладаг өвчин. Тухайлбал, өвчтөний шүлсээр бохирлогдсон эд юмс, аяга, халбага, тоглоом зэргээр дамждаг. Тийм учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг сургууль, цэцэрлэгүүд авч, эцэг, эхчүүд энэ өвчний шинж тэмдэг илэрвэл нэн даруй эмчид хандах шаардлагатай” гэж ХӨСҮТ-ийн тандалт судалгааны тасгийн их эмч н.Байгалмаа хэллээ.

Гэтэл Улаанбаатар хотын захын сургуулиудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийдэггүй ажээ. Яармагт байрлах 42 дугаар дунд сургуульд суралцаж байгаа хүүхдүүд энэ тухай “ховлов”. “Манай сургууль ер нь ариутгал хийдэггүй шүү дээ. Бид нарыг л загнаад, их цэвэрлэгээ нэрээр хог түүлгэдэг. Харин ангийг ариутгана гэсэн юм огт байхгүй. Бид нар л ангиа цэвэрлэхгүй бол шүү дээ” гэж тус сургуулийн 6 дугаар ангийн нэгэн сурагч ярьсан юм. Сурагчдын хэлж буйгаар ямар нэгэн өвчин гараагүй ч урьдчилан сэргийлэх ямар нэгэн арга хэмжээг авдаггүй ажээ. Ер нь ганцхан энэ сургууль ч гэлтгүй бүх сургуулиудад өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай ухуулах хуудас, ханын самбар харагдсангүй. Уг нь иймэрхүү самбар, ухуулах хуудсыг тавь гэж ХӨСҮТ-ээс зөвлөдөг ч тэд эмчийн зөвлөмжийг  хэрэгжүүлдэггүй бололтой.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэхүү өвчнийг хөгжиж буй орнууд болон эдийн засгийн хөгжил буурай орнуудад ихэвчлэн тохиолддог өвчин гэж тодорхойлжээ. Арга ч үгүй юм. АНУ болон Япон, Солонгос зэрэг орнуудад эдгээр өвчний тархалт маш бага хувьтай байдаг аж. Харин Болгар, Арабын хойгийн болоод Африкын зарим улсуудад гахай хавдрын тархалт маш өндөр байдаг юм. Энэ өвчин ихэвчлэн 3-5 насны хүүхдүүд болон 11-15 насны сургуулийн насны хүүхдэд халддаг ажээ. Чухамхүү яагаад хөгжил буурай орнуудад тархалт өндөр байгааг агаарын найрлага болоод хэрэглэж байгаа хоол хүнсний чанар, хүн амын дундаж орлого буурай байдгаас ийнхүү тусдаг гэсэн тодорхойлолт бий.

Алсдаа үргүйдэлд хүргэх эрсдэлтэй гахайн хавдар бага насны хүүхдүүдийн дунд дэгдэж эхэллээ. Агаар дусал, амьсгалын замаар халдварладаг энэ өвчин хаврын улиралд дэгдэлт байдлаар гарч, дулааны улиралд өвчлөлийн тархалт оргил үедээ хүрдэг ажээ. 2012 оны эхний гурван сарын байдлаар гахай хавдраар 1800 хүн өвчлөөд байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 790 гаруй тохиолдлоор илүү байгаа аж. Энэ өвчнийг бага дээр нь нарийн эмчлэхгүй бол үрийн сувгийг нь боох аюул тулгардаг учраас эмнэлэгт нэн даруй хандаж эмчлүүлэхийг эмч нар санууллаа. Нийт өвчлөгсдийн 65 хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд 57 настай хүн ч өвчилсөн тохиолдол гарчээ.

Он гарсанаас хойш Монгол Улсын хэмжээнд 1800 гаруй хүмүүс энэ өвчнийг туссан ч хүнд хэлбэрээр тусаагүй аж. Бүгд хүндэвтэр хэлбэрээр туссан бөгөөд эмчилгээг цаг алдалгүй хийжээ. Гэхдээ энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг сургууль, цэцэрлэгүүд нэгдсэн журмаар зохион байгуулахыг ХӨСҮТ-өөс сануулж байсан юм.
Манай улс 2009 оноос эхлэн гахайн хавдрын эсрэг вакцин тарьж эхэлсэн аж. Хүүхдийг есөн сартай, хоёр настайд нь уг вакциныг тарьдаг юм байна. Харин бага насандаа энэхүү вакцинд хамрагдаагүй хүүхэд болон том хүн ХӨСҮТ дээр очиж гахайн хавдраас урьдчилан сэргийлэх вакциныг тариулж болох бөгөөд нэг хүнд тарих вакцины үнэ 10 мянган төгрөг аж. Таваас дээш насны хүүхдүүд халдварлах нь өндөр байгаа тул яаралтай вакцин хамрагдахыг мэргэжлийн эмч нар зөвлөж байлаа. 

Гахай хавдар өвчнийг манай улс 1959 оноос эхлэн бүртгэсэн бөгөөд түүнээс хойш жил бүр энэ өвчний халдвар, тархалтыг бүртгэдэг болжээ. Түүхэндээ хамгийн өндөр тохиолдсон нь 5553 тохиолдол байдаг аж. Хамгийн сүүлд оргилдоо хүрсэн жил нь 2006 он юм. Энэ онд 5073 хүн гахайн хавдраар өвчилжээ. Гахай хавдар гэх энэ өвчин сүүлийн 10 жилд нийт халдварт өвчний 30 хувийг эзэлж байгаа бөгөөд Улаанбаатар хот, Дархан-Уул, Дорноговь аймгуудад энэ өвчний тархалт улсын дунджаас өндөр байдаг аж.

Хэдийгээр тархалтын хувь хэмжээ нь өнгөрсөн дөрвөн жилийнхээс өндөр байгаа ч хүндэрч ирэх тохиолдол харьцангуй бага байгаа юм. Хамгийн гол нь сургууль, цэцэрлэгүүдийг энэ өвчний талаар сурагчдад мэдээлэл өгч, хүүхэд нь өвчилсөн бол эцэг, эхчүүдийг яаралтай эмнэлэгт хандахыг эмч нар сануулж байна.

Гахай хавдар өвчний тухай товч ойлголт

Шалтгаан:
Гахай хавдар нь вирусаар үүсдэг, агаар дуслын замаар дамжин халдварлаж, булчирхайлаг эрхтнүүдийг гэмтээдэг халдварт өвчин юм.

Нууц үе:
Халдвар
авснаас хойш эмнэлзүйн анхны шинж тэмдэг илрэх хүртэл хугацааг хэлэх
бөгөөд гахай хавдар өвчний нууц үеийн хугацаа 12-25 хооног, дунджаар 21
хоног байдаг. Нууц үедээ гадаад орчинд хамгийн их халдвартай байдаг аж.

Илрэх шинж тэмдэг:
Гахай
хавдарын үед толгой өвдөх, 38-39°С хүртэл халуурах, хоолон дургүй
болох, бие сулрах, юм зажлах, залгихад эрүүн доор хөндүүрлэх, шүлс
багасч, ам хатах, чихний ар хонхор, шанаа хацраар хавдах, гэдэс базлах,
суулгах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Сэргийлэх арга:
Манай
улс улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг хавсарсан гуравт
вакцинаар 2009 оны есдүгээр сараас эхлэн товлолын дагуу 9 сартай, хоёр
настай хүүхдэд хоёр удаагийн тунгаар дархлаажуулдаг аж. Үүнд бүрэн
хамрагдах нь зүйтэй. Вакцинжуулалтанд хамрагдаагүй хүүхэд, том хүн
яаралтай хамрагдах шаардлагатай.

  • Дархлаагаа дэмжихийн тулд витамин С, салимон гэх мэт витаминуудыг
    хэрэглэх. Мөн амин дэмээр баялаг жимс, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх
  • Ам, хоолойгоо өглөө, оройд тамедины уусмал, хоолны давс, сод болон царвангийн уусмалаар зайлах
  • Амны хаалт зүүж, түүнийгээ хоёр цаг тутамд сольж байх
  • Өрөө тасалгааг хоёр цаг тутамд 15 минутаас доошгүй хугацаанд агааржуулах, чийгтэй цэвэрлэгээр өдөрт 3-4 удаа хийх
  • Өвчний шинж тэмдэг илэрвэл харъяа дүүргийн өрхийн эмнэлэг, ХӨСҮТ-д хандах

Гэрээр эмчлэгдэж байгаа бол:
Өрхийн эмчийн хяналтанд
эмчлүүлж, хэвтрийн дэглэмийг 14-20 хоног сахих. /Учир нь нойр булчирхай,
хөхний булчирхай, төмсөг, тархины бүрхүүл зэрэгт үрэвсэл үүсч
болзошгүй/

  • Хоол хүнсэндээ хүнсний ногоо хэрэглэх
  • Тос өөх багатай, зөөлөн, хагас шингэн, хүүхдийн будаа, бантан зэрэг шөлтэй хоол идэх 
  • Шингэн зүйлийг халуунаар уух
  • Хавдсан хэсэгт бүлээн жин тавих
  • Амны хаалт хэрэглэх, аяга халбага, сойз, тоглоомыг тусгаарлах хэрэгтэй

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж