Хөшөөний нээлтийн талаар мэдээ түгэхтэй зэрэгцэн шүүмжлэл ч олон нийтийн сүлжээгээр түгж эхлэв. Хаа байгаа Лондонд байгаа тэр хөшөөний талаарх сэтгэгдэл Монголд төсвийн мөнгөөр босоод байсан “Боовон хөшөө”-ний араас гарсан шүүмжээс ч илүү газар авч буй бололтой. “Гэдэс үнэн гомбоо, морь үнэн үхэр”. “Их хааны нэрийг барих хэрэг байхгүй шүү дээ”, “арван таван толгойтой атгаалжин хар мангас унасан байна шүү дээ”, “хандгай унасан шрек юм уу хаашаа юм”,“тэдний төсөөллөөр одоо ч бид нар ийм харагддаг гэж үү”, “англичууд хүүхдээ айлгах зүйлтэй боллоо” гээд л. Энд ишлэхэд ч нүүр улаймаар үгс интернэтээр хөвөрсөөр. Зарим нэг үндсэрхэг үзэлтэй гэж өөрсдийгөө тодорхойлоод байгаа нөхдийн хажууд өнөөх Намдаг гэгч нь байсан бол балбахад бэлэн байгаагаа ч олон хүн зарлаж.
Яах вэ үнэхээр “реалист” нүдээр харж боломгүй бүтээл болжээ. Барималч ч өөрөө энэ талаараа “Би Чингис хааныг дайчин гэдэг талаас нь харуулахыг хүссэн бол дайчин л хийх байсан. Гэтэл тэр бас агуу сэтгэгч байсан юм. Тэр талаас нь харуулахыг хүслээ” гэж тайлбарлаж.
Энэ мэт тайлбар, утга учрыг сонсолгүй, өнгөц дүрсийг нь хараад шүүмжлэхээ урьтал болгосон нөхдөд нэг “комментор” харин ч дажгүй сургамж хайрлаад орхиж. Сийрүүлбэл “Намдаг овогт Даш хөвүүнд үнэхээр баярлаж байна. Монголын Их хааныг ийн сэтгэхүйн дотоод бясалгал үйлдэж буй байдлаар хийсвэрлэн үзүүлсэн нь Чингис хаан бол догшин зэрлэг алуурчин гэж олон зуун жилийн турш европын болон дэлхийн улс орнуудад сурталчилж байсан хар домогт цохилт өгч буй хэрэг юм. Чингис хаан бол цэрэг дайчин гэхээсээ илүүтэй амьдралын философич, хүний амьдралын уг чанарыг ойлгосон бясалгагч юм. Өнчин хүүгээс өрлөг түүхийн эзэн болон хүмүүжэж, өсөж торнисон амьдрал нь бүхэлдээ дотоод бясалгал, зөв буруу үйлийн төлөө хүлээх хүний хариуцлагын талаарх бодрол, амьдралын үнэн худлын зохирлын талаарх эрэл хайгуул байсан юм. Энэ бүхнийг Даш бүтээлдээ тодруулан харуулсан байна. Энэ хөшөөний хүлэг бол монголчуудын хэлдэгээр онгод, буддын шашинтануудын хэлдэгээр хийморь байна” гээд үргэлжлүүлжээ.
Чингисийг хөшөөг шүүмжлэгчдийг ч мөн цааш шүүмжилсэн байна. “Чингис хааныг харж байсан улс их бололтой. Реализм хvcээд байвал хамаагvй хэнд ч нээлттэй. Гол нь Намдаков шиг херенге оруулагч хайж олоход чинь амжилт хvcье” “Ингэхэд та нарын хэн нь Чингис хааныг харсан юм. Тэгээд ч хөшөө ер нь ямар ч байсан яадаг юм. Би бүр анхнаасаа өвөрмонголын Чингис хаан жинхэнэ Чингис хаантай адилхан гэлцээд байхад л гайхаад байдаг юм. Эцсийн дүндээ нэг баримталд нэр өгөө л биз. Бид бүр энэ нэрийг архинд өгөө л биз дээ” гэж.
Үнэхээр бид өөрсдөө Чингис хааны нэрийг дуртай зүйл дээрээ ашиглаж үнэгүйдүүлдэг атлаа гэнэт юу болоод шүүмжлээд эхлэв. Маргааш нөгөөдрөөс аль нэг байгууллага нь энэ хөшөөг шүүмжлэх нэрээр хэвлэлийн хурал зарлаж, өөрсдийнхөө царайг сурталчлах вий дээ. Шүүмжлэл гэдэг нь бүтээлч байх цагт л утга учиртай болдог. Үгүй бол хэн ч шүүмжилж чадна. Ер нь шүүмжлэгч Монгол араншинг хөшөө болговол ямархуу юм гарах бол оо. Нээрээ л хүүхдээ айлгамаар зүйл болох байх шүү.