Тийм орнуудын тоонд Их Британи улс багтдаг бөгөөд харин занарын хийг олборлохтой холбоотой зарим нэг асуудал гарах болсноос үүдэж англичуудын зүгээс багагүй эсэргүүцэлтэй тулгарч эхэлсэн байна. Занарын хийн нөөц нь газрын гүнд цулаараа байхаасаа илүү бие биенээсээ нимгэн ханаар тусгаарлагдсан тасалгаа шиг олон хэсгүүдэд хуваагдсан байдалтайгаар байх нь элбэг байдаг тул ихэвчлэн нэг цооног гаргаад түүгээрээ элс болон бусад химийн бодис бүхий холимогтой өндөр даралтат усаар цохиж нөөцийг гаргаж авах аргыг түлхүү хэрэглэж байгаа юм.
Гэтэл энэ технологийг ашигласны улмаас Англид газар хөдлөлт үүсч улмаар тус улсын иргэд болон байгаль орчныг хамгаалагчдын зүгээс эсэргүүцлийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Өнгөрсөн жил Английн Блэкпуулийн орчимд занарын хийг олборлосноос болж хоёр ч удаа газар хөдөлсөн нь иргэдийг түгшихэд хүргэжээ. Англичуудын удаа дараагийн шаардлагыг үндэслэн тус улсын Засгийн газраас шинжээчдийн комисс гарган дүгнэлт хийлгүүлсэн бөгөөд цаашид олборлолт явуулж болох боловч хатуу хяналтын доор хийж гүйцэтгэж байх журам гаргахаар болжээ.
Гэвч энэ арга хэмжээ жирийн англичуудын санаанд төдий л нийцэхгүй байгаа гэнэ. Занарын хийн олборлолт нь газрын гүний усыг бохирдуулахаас өгсүүлээд байгаль орчинд өөр бусад олон уршиг авчирч болохоор байгаа тул энэ ажлыг цаашид өргөжүүлэхгүй байх шаардлагыг Английн иргэд тавьж байгаа юм. Газар хөдөлсний дараагаар Блэкпуулийн орчимд занарын хий гаргаж авахаар зорьж байсан Британийн “Квадрила” (Quadrilla) байгалийн хийн компани үйл ажиллагаагаа түр зогсоогоод байсан аж. Харин Их Британийн Засгийн газрын холбогдох байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн комисс олборлолт хийх үед газрын өнгөн хөрсөн дээр мэдрэгдэх чичиргээ нь хохирол учруулахаар хэмжээнд хүрэхээргүй байгаа тул ирээдүйтэй эрчим хүчний эх үүсвэрийг олборлох ажилд хориг тавих нь арай ч хэтэрсэн зүйл болно гэж дүгнэсэн байна. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр бол өнгөрсөн оны хавар болсон газар хөдлөлтийн чичиргээ магнитудын 1.5-2.3 баллын хүчтэй байсан нь магадгүй занарын хийн олборлолтоос болоогүй ч байж болно гэсэн байна.
Нэг үгээр хэлбэл Их Британийн эрх баригчид занарын хийг олборлох ажлыг ямар нэг байдлаар хориглох, тасалдуулахыг урьтал болгохгүй байгаа юм. Учир нь занарын хийн олборлолт цаашид идэвхтэй явагдах нь ирээдүйд Их Британийн эрчим хүчний аюулгүй байдалд учирч болох бэрхшээлийг арилгаж чадах хамгийн бодитой гарц гэж үзэж байгаа бололтой. Блэкпуулийн оршин суугчдын эгдүүцлийг төрүүлсээр байгаа “Квадрила” компанийн мэдээлснийг үзэхэд зөвхөн тус компанийн нээж илрүүлсэн занарын хийн нөөц л гэхэд 200 триллион куб метр хэмжээтэй байгаа нь өнөөгийн байдлаар Их Британид нээгдсэн эрчим хүчний түүхий эдийн нийт ордын нөөцийн хэмжээнээс ч давж гарахаар их хэмжээтэй байна хэмээн мэдэгдэж байгаа юм. Иймээс цаашдаа занарын хийн нөөцийн олборлолтоос үүсч болохоор газар хөдлөлт зэрэг байгальд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдлийг бууруулах талаар нухацтай бодлого явуулах шаардлагатай гэж Их Британийн засаг захиргаа үзэж байгаа юм байна.
Одоогоор Их Британийн хэмжээнд хэд хэдэн газар занарын хийн орд нээгдээд байгаа бөгөөд дээр дурдсан Блэкпуулээс гадна Умард Ирланд, Өмнөд Уэльс болон Соммерсет, Суассэкс, Кентийн гүнлэгүүдэд ихээхэн хэмжээний нөөц илэрсэн байна. Харин олон нийтийн зүгээс занарын хийн энэ олон ордыг ашиглалаа гэхэд байгаль орчинд учруулах хор уршиг нь хэр болохыг тооцоолж гаргасан ямар ч судалгаа байхгүй байгаад санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Өнөөгийн төвшинд занарын хийг хамгийн ихээр олборлож байгаа орон нь АНУ болж байгаа бөгөөд 2015 он гэхэд 180 тэрбум куб метр хэмжээтэйгээр олборлоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа ажээ. Гэхдээ АНУ нь газар нутгийн хувьд хэмжээгээрээ асар том учраас занарын хийн олборлолт явуулахад хүрээлэн байгаа орчиндоо үзүүлэх нөлөөлөл нь харьцангуй бага, ялангуяа иргэдийн амьдрах орчноос зайдуу газар олборлолт хийх боломжоор илүү байдаг аж. Харин хүн ам шигүү суурьшсан, том биш газар нутагтай Европын орнуудын хувьд занарын хийн олборлолтыг өргөжүүлэх нь багагүй бэрхшээл дагуулах болж байгаа аж. Тиймээс англичуудын өмнө тулгарч байгаа бэрхшээлийн шийдлийг занарын хийн дутахааргүй их нөөцтэй Европын бусад орнууд ч сонирхон хүлээж байгаа ажээ. Үүний зэрэгцээ занарын хийн олборлолтын эрчимжилтийг түгшин хүлээж авч байгаа улс орон ч байна. Тухайлбал, Европын байгалийн хийн болон нефть, нүүрсний хангалтыг голлон хангагч ОХУ-ын зүгээс тус тивд занарын хийн олборлолт идэвхижсэнээр томоохон зах зээл нь хумигдах вий гэж санаа зовох болжээ. Тиймээс занарын хийн “хувьсгал”-д өгөх “хариуг” одооноос бэлтгэх хэрэгтэй гэж ОХУ-ын Засгийн газрыг тэргүүлж байгаа В.Путин хэлсэн байна. Ялангуяа үнийн ноёрхлыг тогтоогч “Газпром” гэх мэт монополь компаниудын зүгээс Европын орнуудыг эрчим хүчээр хангахаас татгалзаж, хааж боодог байсан тэр цаг үе өнгөрч байгааг мэдэрч зах зээлийн ирээдүйн хувиралд бэлтгэхийг сануулж байгаа юм.