
Ерэн жилийн хугацаанд Монгол Улсын төрийн бодлогыг жолоодож ирсэн МАН-ын даргын суудалд хүрэх зам С.Батболдын хувьд тун дардан, зөөлнөөр шийдэгдэж, магадгүй “азын шооны нүхээр” шодогдсонд дургүй ханддаг хэсэг энэ намд угаасаа л байсан. Тэрхүү хандлагаа далдхан илэрхийлсээр ирсэн бүлэглэлүүд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг тойрон хүрээлэгчдийн эгнээг нэмсэн, үгүй гэхэд тэднийг нөмөрлөх хана, хэрмийг босголцсон нь тодорхой юм.
МАН-ын дарга С.Батболдыг албан тушаалаас нь буулгая гэвэл буруутгах үндэслэл хаанаас ч олдохтой адил дараагийн дарга хэн байх вэ гэдэг асуултад ч хариу хялбархан олдохоор байна.
МАН-ын дотоодод, тэр тусмаа нөлөө бүхий хэсгийнхний нь хүрээнд хэлэлцэгдэж байгаа дээрх байр суурь “дараагийн дарга У.Хүрэлсүх” гэдэг дээр ойлголцол барьж буй аж. Гэхдээ үүнийг эсэргүүцэгчид ч байгаа, бүр нөгөө талтайгаа хүч тэнцэх хэмжээнд байгаа. Нэг үгээр бол МАН-ын даргын суудалтай хамт МАН өөрөө дэнжигнэнэ.
МАН түүхэндээ, тэр тусмаа сонгуулийн өмнөхөн ийм хүнд байдалд орж байсан удаа бараг үгүй гэхэд болно. Тус намыг хөл алдан дэнжигнэхэд гадаад, дотоод хүчин зүйлийн аль алины нөлөө байгаа ч “философийн” утгаар бол бүх шалтгаан, нөхцлийн эхийг өөрсдөө тавьсан. Дуусгавар болох дөхөж буй энэ удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд МАН-д гарсан хамгийн том өөрчлөлт бол нэрээ сольж, МАХН-аас МАН болж “шинэчлэгдсэн” явдал юм. Нэр сольсон энэхүү өөрчлөлт нь жинхэнэ ёсоор шинэчлэл болох үйл явц одоо л эхэлж буй бололтой. Харин уг шинэчлэл нь цэвэрших процессоор эхэлж байна. МАХН нэртэй хамт хамгийн түрүүнд Н.Энхбаяр намаасаа явж, араасаа “хөл” голдуу хэсгийнхнээ дагуулсан бол дараагийн ээлжинд МАН-аас гарахад бэлэн болоод буй хэсэг нь зүгээр нэг дэмжигчид биш нэр, нөлөө бүхий гишүүдийн хүрээг хамарч байгаа нь харагдана. Намынхаа дарга, Ерөнхий сайд, сайд нараа огцруулах асуудлыг гишүүдийнхээ зүгээс дэвшүүлж, намын дотоодоосоо шүүмжлэл, хяналт өрнүүлж байсан удаагүй МАН-д нэлээн эртнээс “мөс хөдөлгөж”, тэмцэл эхлүүлсэн гишүүд энэ удаад МАХН руу явна гэсэн мэдээлэл цацагдаж буй. Ийм байдлаар мөс хөдлөн цөн түрж буйн хариуд МАН-ын генсек У.Хүрэлсүх “Ингээд нэг мөсөн цэвэрших хэрэгтэй” гэдэг байр суурь илэрхийлж байгаа аж. МАХН-ыг МАН болгож, намаа задалсны “гэм бурууг” У.Хүрэлсүхэд тохож буй гишүүд нь түүний эл байр суурийг сөрж, “Нам сонгуульд ялагдвал хариуцлагыг нь хүлээнэ” гэсэн амыг нь асууж байна. Үүний хариуд эрхэм генсек “Улс төрийн амьдрал дөрвөн жилээр дуусдаггүй юм. Одоо ингээд нэгмөсөн цэвэршиг” гэж хэлснээс үзвэл тэрбээр ирэх сонгуульд МАН ялагдаж болзошгүйг хүлээн зөвшөөрч буй бололтой. Ирэх дөрвөн жилд эрх барьж чадахгүй ч үүнд хүргэсэн задрал нь харин ч энэ намыг цэвэрлэнэ гэж үзэж байгаа У.Хүрэлсүхийн үг үгүйсгэж боломгүй үнэн ч байж магадгүй. МАН-ыг тулж асан ивээсийг сугалан дэнжигнүүлэх эхлэл нь энэхүү нэрийн өөрчлөлт байсан бол түүнийг ганхтал түлхэх гадаад хүчин зүйлүүд ч хангалттай байлаа.
Саяын баривчилгаа МАХН нэрээр амилаад босоод ирсэн Н.Энхбаярын ар дахь улс төрийн хүчнийг л цохилтод оруулсан хэрэг биш юм. Үнэндээ үүний цаана МАН өөрөө цохилтод өртлөө. Нэр ондоо ч нэдэр дээрээ үйл ажил нэгтэй явж ирсэн “Ху” намынхан өдгөө нэг нэгнийхээ авлигын хэргийг илчлэхэд бэлэн “хар дансаа” бариад гүйцгээж буй юм байна. Хэн нь ч хэзээ ч хуулийн байгууллагад аваачаад өгчихөж чадахгүй “хар дансаараа” бие биеэ барьцаалж, амиа хамгаалах арга мэх болгоод улс төрийн тохироо хийх гэсэн оролдлого боловч “муу дээр муухай” нэмэхийн л цондон.
Даргаа суудлаас нь холбируулж мэдэхээр байгаа МАН-ын дэнжигнээнд хөндлөнгөөс хүч нэмсэн зүйл нь өрсөлдөгч намтайгаа “өвөр түрийдээ орж”, нуух хаах юу байдгаа ил цагаан дэлгэсэн явдал юм. Хамтарсан Засгийн газарт ажилласан Ардчилсан нам нэг л өдөр хүнийрхүү хандаж, С.Батболдын боловсон багийг хуулж хаяад зогсохгүй түүнийг авлигын хэрэгт шалгуулахаар хуулийн байгууллагад баримт, мэдээллийн хамт өгсөн. Аядуу С.Батболд зарим ойрын эх сурвалжийнх нь дүгнэснээр бол ажил хэргээ явуулахдаа танхимын гишүүдийнхээ аманд багтчихдаг байсан нь олон өрсөлдөгчид нь аян шалтаг болж буйн илрэл. Өдгөө өөрийн намынхан нь ч үүгээр нь олзолж байгаа л хэрэг. Удирдагч асан Н.Энхбаярыг албан тушаалтай байх үед нь авлигын хэргийнх нь талаар ам дамжуулан ярихаас хэтэрдэггүй байсан бол өнөөдөр С.Батболдыг өндрөөс буугаагүй байхад нь л ноолоод эхэллээ.
Түүний сул аядуу байдлаас өнөөдрийн улс төрийн өнгийг тодорхойлох өөр олон ч зүйл шалтгаалсан байхыг үгүйсгэхгүй. МАН-ыг хүсээгүй төдийгүй хориг хаалт хийсээр байтал “МАХН” амилсан, үүний цаана Улсын дээд шүүх байгаа гэдэг хардлага бий. Мөн МАН-ыг зориглоогүй байхад Ху намтай уг сурвалж нэгтэй Н.Энхбаярыг баривчилсан, түүнийг Авлигатай тэмцэх шалгаж байгаа. Үүний цаана… хэн?… гэсэн “арван тамын бодол” өнөөдөр МАН-ыг хэмлэж байгаа нь тодорхой. Үнэндээ ч МАХН, МАН хоёр нэг л зүйл. “Авлигын загалмайлсан эцэг” гэгддэг Н.Энхбаярыг хуулийн байгууллага цагдан хорьсон нь түүгээр “муна” хийж, МАН хэмээх самрын модыг түншиж байгаагаас ялгаагүй юм. Он удаан жил төрийн толгойд хэмжээлшгүй засагласан уг аварга модны өмхөрсөн мөчрийг гөвж, цэвэрлэж чадах эсэхээс Монголын цаашдын улс төрийн орчин хамаарахаар болж байна.
Өөрийнх нь алдаа, хууль бус хударгагүй үйлдлүүд, үүн дээр нь дөрөөлсөн өрсөлдөгчдийн дайралт, тоглолт гээд олон хүчин зүйл МАН-ыг юутай ч ганхуулаад эхэллээ. Мөн гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр “цэвэрших” процессоор эхэлж буй МАН-ын шинэчлэл энэ удаад уналт дагуулж ч мэдэхээр байна. Тэгвэл МАН-ын буйран дээр ирж буух дараагийн хүчин нь Ардчилсан нам байх магадлалтай. Харин тэд үүнд бэлэн эсэхийг сонгууль хүртэлх ба сонгуулийн хугацаанд баримтлах Ардчилсан намын байр суурь, улс төрийн алхмууд харуулах биз ээ.