Цэцийн дүгнэлтээр санал зөрөлджээ

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Цэцийн дүгнэлтээр санал зөрөлджээ

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл, Үндсэн хуулийн Цэцийн 02 тоот дүгнэлтийн талаар хэлэлцжээ.

Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуулиас салгаж тусад нь явуулах байр суурь дээр гишүүд нэгдсэн байна. УИХ дахь АН-ын бүлгийн хоёр сонгуулийг хамтатган явуулах байр суурийг хүлээн авах боломжгүй гэж тэд үзсэн байна.

Харин Үндсэн хуулийн Цэцээс түдгэлзүүлээд буй УИХ-ын сонгуулийн тухай хуулийн “гулсдаг” заалтыг хуульд үлдээх эсэх тал дээр гишүүд санал зөрөлдсөний улмаас нэгдсэн байр суурьт хүрч чадалгүй таржээ. Зарим  гишүүн сонгууль товлон зарлах хугацаа дөхсөн байхад маргалдаж цаг барах шаардлагагүй хэмээн үзэж Цэцийн дүгнэлтийг хүлээн авч “гулсдаг” заалтыг тэр чигээр нь түдгэлзүүлье гэсэн бол зарим нь ямар боловч тойрогт өрсөлдөж сонгогчдоос 28 хувиас дээш санал авсан нэр дэвшигчдийг пропорциональ тал руу шилжүүлэн сонгогдсонд тооцъё хэмээж үүнээс үүдэн нэлээд маргалдсан байна.

Маргааны эцэст Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр өөр өөрийн байр суурьтайгаар тарсан байна. Харин Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудлыг дараагийн удаа ярилцахаар болжээ. Түүний цаана Засгийн газрын асуудал байгаа тул танхимын гишүүний асуудалд болгоомжтой хандах нь зүйтэй гэж МАН-ын бүлгийнхэн үзэж буй аж.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж