МҮОНТВ дахин шинэ олон ангит киног үзэгчиддээ хүргэх гэнэ. Тус телевиз нь хоёр ч олон ангит кино гаргахаар зэхэж байгаа бөгөөд хэлмэгдүүлэлтийн саарал он жилүүдээр аялуулах “Улаан эрэг” киноны зураг авалт дуусчээ. Түүхэн сэдэвт анхны олон ангит кино болох “Улаан эрэг”-ийн зохиолыг “Тусгай салаа”, “Хэцүү анги” киноны зохиолыг бичиж байсан зохиолч А.Амарсайхан бичсэн бол найруулагчаар Н.Даваадалай, продюссерээр Б.Бат-Эрдэнэ буюу Аранза нар ажиллаж байгаа аж. “Улаан эрэг”-ийн зурагт авалт өнгөрсөн есдүгээр сараас эхлэсэн ба Төв аймгийн Эрдэнэ сум болон Улаанбаатарт ихэнх зургаа авчээ. Одоогоор хараахан гол дүрүүдээ нийтэд дэлгээгүй ч 60 ангит уг бүтээл ирэх зунаас үзэгчдийн хүртээл болох юм байна.
А.Зул