Грекийн хямрал Европын банкуудад нөлөөлж магадгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Грекийн хямрал Европын банкуудад нөлөөлж магадгүй байна

Грекийн хямралыг зайлуулахад засгийн газрууд хангалттай ажиллаж чадахгүй бол Европын банкны системд “нийтлэг, маш ноцтой эрсдэл” нүүрлэж болзошгүй байна гэж зээлжих чадварын үнэлгээний “Moody’s” агентлаг мэдэгдлээ. Нэн ялангуяа Их Британи, Ирланд, Итали, Португаль, Испани банкууд эрсдэл ихтэй байна. Энэ мэдээтэй холбоотойгоор Европын зах зээлүүд дээр банкнуудын хувьцааны ханш огцом уналаа. Грекийн засгийн газарт гурван тэрбум еврогын зээл олгосон гэдгээ хүлээн зөвшөөрсний дараа Францад “Societe Generale” банкны хувьцааны ханш 7 хувиар унасан байна. “BNP Paribas” Грект 5 тэрбум еврогын зээл олгосон гэж мэдэгдсэн. Германд “Allianz”-ын хувьцаа 6.5 хувиар унасан бол Лондонгын “FTSE-100”-д багтдаг “Barclays” банкны хувьцааны ханш 6.5 хувиар буурсан байна.

Грекийн зээлийн хямрал бусад эдийн засгуудад нөлөөлж магадгүй, нэн ялангуяа Португалийн эдийн засгийг чангааж унаж магадгүй магадгүй гэсэн айдастай холбоотойгоор еврогын ханш чангарахгүй байна. Европын цор ганц валют болох еврогын ам.доллартай харьцах ханш Пүрэв гаригын үдээс хойш 1.2703 хүрч унасан нь сүүлийн 14 сар байгаагүй доод ханш юм. Валютын ханшийг чангаруулахын тулд Европын төв банк пүрэв гаригийн үдээс хойш хуралдан боломжит арга замуудыг хэлэлцлээ.

Европын төв банкны хүү нэг хувь хэвээр байх болно гэж Европын төв банкны захирал Jean-Claude Trichet ярьсан бөгөөд өмнө нь тооцоондоо оруулж байгаагүй засгийн газруудын бондуудыг худалдаж авах талаар судлах болно гэж мэдэгдсэн байна. Хэдийгээр “Standard & Poor” зээлжих чадварын үнэлгээний агентлаг Грекийн зээлжих чадварын төвшинг бууруулж, бондыг нь “хог” ангилалд оруулсныг бусад зээлийн үнэлгээний агентлагууд дагалдсан хэдий ч энэ долоо хоногийн эхээр Европын төв банк хуралдан, зээлийн дүрмэндээ өөрчлөлт оруулж Грекийн бондыг худалдаж авч болно гэсэн зөвшөөрөл олгосон. Грек гаргасан бондоо төлж чадахгүй болно гэсэн бодлыг ноён Trichet үгүйсгэж байгаа. Мөн санхүүгийн нөхцөл байдлын хувьд Португаль Гректэй адилхан нөхцөл байдалд биш байгаа гэж хэлжээ.

Харин “Standard Chartered” компанийн ахлах эдийн засагч Sarah Hewin банкны санхүүгийн хямралын халдвар хэдийнээ Португальд нөлөөлөөд эхэлчихсэн бөгөөд Португалийн бондын ханш сүүлийн үед мэдэгдэхүйц нэмэгдэж байна гэж ярьсан байна. Зээлийн үнэлгээний байгууллагууд Их Британийн төсвийн алдагдалд санаа зовж байгаагаа илэрхийлж байна. Лхагва гаригт Европын Комисс Их Британийн төсвийн санхүүжилтийн байдал Европын бусад орнуудынхаас илүү дор, муу болж болзошгүй гэж анхааруулсан. Энэ жил Их Британийн засгийн газар ДНБ-нийхээ 12 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө зээлдэх хэрэгтэй гэж тус байгууллага үзэж байгаагаа мөн мэдэгдсэн. Гэхдээ Их Британийн засгийн газрын нийт өрийн хэмжээ харьцангуй гайгүй бөгөөд Их Британийн зээлжих чадвар гурван А-гаар үнэлэгдэж байгаа нь тийм ч хурдан унахгүй гэж бас тайвшруулж байна.

Зээлжих чадварын үнэлгээний “Fitch” агентлаг Португалийн зээлжих чадварын үнэлгээг бууруулж үнэлэх бодолтой байгаагаа Лхагва гаригт мэдэгдсэний дараа Грекийн өрийн нөлөөлөл бусад орны эдийн засгийг татаж унаж болзошгүй гэсэн айдас газар аваад байна. “Fitch”-ын мэдэгдлийн дараахан “Moody’s” Португалийн бондын үнэлгээний төвшинг дахин тооцоолж үзэж байгаа бөгөөд бууруулж үнэлж магадгүй байна. Грекийн нэгэн адилаар Португаль бас зээлдсэн өрөө төлж чадахгүй байх вий гэсэн айдас еврозоны орнуудыг Португальд зээлийн тусламж үзүүлэхэд хүргэж магадгүй байна. Энэ сарын сүүлээр нэг тэрбум еврогын үнэлгээ бүхий бондыг зах зээлд гаргах гэж байна гэж Португалийн засгийн газар өчигдөр, Пүрэв гаригт мэдээлэв.

Грект төсвийн таналт хийх асуудлаар парламент нь хуралдаж байгаа бөгөөд бүсээ чангалах бодлогыг урьдчилсан байдлаар дэмжих байр суурь ажиглагдаж байна. Лхагва гаригт Грекийн Аthena хотод болсон эсэргүүцлийн үеэр банкинд тавьсан галын улмаас банкны гурван ажилтан нас барсан хэрэг гарсан. Грекийн цагаар пүрэв гаригийн үдээс хойш /Улаанбаатарын цагаар пүрэв гаригийн үдшээс/ Грек даяар ажил хаялт хийхийг Грекийн үйлдвэрчний эвлэлүүд уриалаад байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж