Ч.Ганхуяг: ДНБ өсөхийн хэрээр гадаад өр буурч байгаа

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Ч.Ганхуяг: ДНБ өсөхийн хэрээр гадаад өр буурч байгаа

УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ Монгол Улсын гадаад өр 9.6 тэрбум ам.долларт хүрээд буй тухай дуулгасан юм. Энэ дүнг хүн амдаа хувааж үзвэл нэг иргэнд 3500 ам.долларын өр ногдоод буй. Иймд бид дээрх асуудлын хүрээнд Сангийн дэд сайд Ч.Ганхуягаас дараах тодруулгыг хийсэн юм.

-Монгол Улсын гадаад өр 9.6 тэрбум ам.долларт хүрсэн тухай мэдээлэл цацагдах боллоо. Гадаад өр яагаад ийм огцом өндөр болчих вэ?

-Монгол Улсын гадаад орнуудаас авсан зээлийн хэмжээг шилжилтийн 1990-ээд оны үеэс тоцвол 2.6 их наяд төгрөг. Түүнийг ам.долларт шилжүүлбэл 2.3 тэрбум ам.доллар болж байгаа юм. Эдийн засаг өсөхийн хэрээр гадаад өрийн ДНБ-нд эзлэх хувь хэмжээ буурч байгаа. Одоо бол гадаад өрийн ДНБ-нд эзлэх хувь хэмжээ 20 орчим хувьтай явж байна гэсэн үг. Манай ДНБ энэ онд 14 их наяд төгрөгт хүрнэ гэж үзвэл 2.6 их наяд төгрөг бол 20 орчим хувь нь болж байгаа юм.

-Гэхдээ Монголбанкны вэб сайтад 9.6 тэрбум ам.долларын өртэй байна гэсэн мэдээлэл байгаа гэсэн. Та түүнээс хэд дахин бага тоо хэлээд байна шүү дээ?

 
-Монгол Улс 9.6 тэрбум ам.долларын гадаад өртэй гэж сенсааци дэгдээж байна л даа. Андуураад байгаа юм уу, аль эсвэл албаар мушгиж мэдэн будилаад байгаа юм уу гэдгийг ойлгохгүй байна. Монголбанкны хувьд нийт Монгол Улсын эдийн засагт байгаа өр зээлийн мэдээг гаргасан байгаа. Тэгэхээр та бүхэн ч гэсэн Монголбанкны вэб сайт руу ороод мэдээ, мэдээлэл гэсэн цэс рүү нь нэвтрээд Монгол Улсын өр  гэдгийг орж үзвэл маш дэлгэрэнгүй байдлаар харуулсан байгаа. Нийт 2,6 их наяд төгрөг дээр Хөгжлийн банкинд 600 сая ам.долларын батлан даалт гаргаж өгсөн, Засгийн газрын зүгээс. Хөгжлийн банк түүнийгээ зээлж эргүүлж төлүүлэх нөхцөлтэйгээр ажиллана. Ямар нэгэн байдлаар эрсдэл үүсээд тэр зээлүүд нь төлөгдөхгүй болбол Засгийн газар төлж болзошгүй гэдэг утгаар нь баталгаа гаргаад 2.6 их наяд төгрөг дээр 600 сая ам.долларын болзошгүй өр нэмэгдээд нийтдээ 3,5 их наяд төгрөгийн өрийн тухай яригдаж болох юм. Дотоодын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн жил 300 тэрбум төгрөгийн бонд гаргаж жижиг, дунд үйлдвэр, ноос ноолуурын үйлдвэрийг дэмжих зорилгоор өр тавьсан. Үүн дээр “4000 мянган айлын орон сууц”-ны бонд нэмэгдээд нийтдээ дотоодод гаргасан бондын хэмжээ 503 тэрбум төгрөг болдог. Тэр нь Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдсан бонд. Дотоодын хөрөнгө оруулагчид, дотоодын зах зээл дээрээс төгрөгөөр босгосон мөнгөн дүнг оруулаад хэлж байгаа. Тэгэхээр манай нийт улсын өр маань Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан ДНБ-ийн 40 хувиас хэтрэхгүй байх тусгай шаардлагыг 2013 оноос бүрэн хангаад явах бололцоотой.

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар:

-Улсын өрийг Засгийн газрын цэвэр өрөөр харьцуулж үздэг. 9.6 тэрбум ам.доллар гэдэг бодит бус тоо. Яагаад гэвэл аж ахуйн нэгжүүдийн өр зээлийн хэмжээг нийлүүлээд Монгол Улсын өр болгоод дүгнэчихэж байгаа. Гэтэл бүх аж ахуйн нэгжүүд өрөө Монголбанкинд бүртгүүлж байгаа юу гэвэл үгүй. Монголбанк бол валютын урсгалын балансаа гаргахын тулд гадаад өрийн хэмжээг нийт утгаар гаргадаг. Энэ бол Засгийн газрын өр, Монгол Улсын иргэн бүр өртэй болчихож байгаа асуудал биш. Америкийн ч юм уу, Европын ч юм уу жишээнүүдтэй харьцуулаад үзэх юм бол энэ өр бол дэргэд нь бага. Засгийн газрын өр бол тогтмол буурч байгаа. Монголбанк, Сангийн яамнаас энэ талаарх бодитой мэдээллийг авах нь зөв болов уу.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж