Импорт урьдынхаараа…
Нийт экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19.1 хувиар өсөж, 883.8 сая ам.долларт, импорт 34 хувиар өсөн 1.457.9 сая ам.долларт тус тус хүрчээ. Импортын өсөлтийн хурд экспортынхоос 1.8 дахин илүү байснаар нийт гадаад худалдааны алдагдал 574.1 сая ам.долларт ойртлоо. Үүнээс валютаар төлбөр нь хийгддэг барааны гадаад худалдааны алдагдал 332.5 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 2.3 дахин өсөөд байна. Нэг үгээр хэлбэл, импортын өсөлт урьдынхаараа. Гадаад худалдааны нөхцөлийн индексийн өөрчлөлт гуравдугаар сард сөрөг байсан хэдий ч импортын хурдад нөлөө үзүүлээгүй аж. Гуравдугаар сарын байдлаар Монгол Улсын гадаад худалдааны нөхцөлийн индекс 11.498-д хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар буурлаа. Гадаад худалдааны нөхцөлийн индексийн бууралтад нефтийн бүтээгдэхүүнийн импортын өсөлт голлон нөлөөлжээ.
Нүүрсний нийт экспортын 40.6 хувийг бүрдүүлжээ
Экспортын бараа бүтээгдэхүүнд уул уурхайн бүтээгдэхүүн жин дарсан хэвээр л байна. Тодруулбал, нүүрсний экспорт нийт экспортын 40.6 хувийг дангаар бүрдүүлж байгаа аж. Энэ оны гуравдугаар сарын байдлаар 883.8 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 19.1 хувь буюу 141.7 сая ам.доллараар өссөн үзүүлэлттэй гарчээ. Нийт экспортын 40.6 хувийг чулуу нүүрс, 22.5 хувийг зэсийн баяжмал, 12.2 хувийг төмрийн хүдэр ба баяжмал, 8.5 хувийг боловсруулаагүй нефть эзэлсэн байна. Өнгөрсөн хугацаанд “Бороо Гоулд” ХХК 472 кг алтыг Канад улсад экспортолсон бол цайрын хүдэр ба баяжмал, мөнгөжөөгүй алт, жоншны экспортын биет хэмжээ бага зэрэг буурчээ. Нийт экспорт 24.7 сая ам.доллараар буурахаар байсан боловч чулуун нүүрс, төмрийн хүдэр ба баяжмал, боловсруулаагүй нефтийн биет хэмжээний өсөлтөөс шалтгаалан 95.3 сая ам.доллараар, эдгээр бүтээгдэхүүн болон бусад бүтээгдэхүүний экспортын үнийн өсөлтөөс шалтгаалан 69.9 сая ам.доллараар тус тус нэмэгдсэн нь экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс өсөхөд нөлөөлжээ.
Алтны дэлхийн зах зээл дээрх үнэ энэ оны гуравдугаар сарын 30-ны өдөр унц тутамд 1663.6 ам.долларт хүрсэнээр өнгөрсөн оны мөн үеэс 16 хувиар өссөн боловч өмнөх сараас 6.7 хувиар буурсан байна. А зэрэглэлийн цэвэршүүлсэн зэс болон цайрын үнэ энэ оны гуравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар 8474.5, 1995.0 ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс харгалзан 10- 15 хувиар, өмнөх сараас тус тус 0.2 хувь, 4.6 хувиар буурсан байна.
Энэ оны гуравдугаар сарын байдлаар нийт импорт 1.457.9 сая ам.доллар болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 34 хувиар буюу 370.1 сая ам.доллараар өсчээ. Өсөлтөд нефтийн импорт 1.9 дахин өсөж 352.4 сая ам.долларт, хүнд машин, механизм, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн импорт 1.2 дахин өсч 241.3 сая ам.долларт тус тус хүрсэн нь голлон нөлөөлжээ. Нийт импортын 83.3 хувь буюу 1.215.1 сая ам.долларыг валютын төлбөртэйгээр, 14.2 хувь буюу 206.4 сая ам.долларыг хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа эзэлж байна.
Монгол Улсын нефтийн импортын биет хэмжээ өнгөрсөн оноос 44.8 хувиар, хилийн дундаж үнэ 32.7 хувиар тус тус өссөнөөр нийт нефтийн импорт мөнгөн дүнгээр 352.4 сая ам.долларт хүрчээ. Нефтийн импортын хилийн дундаж үнэ энэ оны гуравдугаар сард тонн тутамд 1237.5 ам.долларт хүрснээр өнгөрсөн оны мөн үеэс 33.9 хувиар, өмнөх сараас 0.7 хувиар өссөн байна. Түүнчлэн, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас болоод он гарсаар өсөөд байсан Брент , WTI маркийн газрын тосны үнэ энэ оны гуравдугаар 30-ны өдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр баррель тутамд тус тус 124.9 болон 103.0 ам.долларт хүрч өмнөх сараас 0.3 хувиар, 3.8 хувиар тус тус буураад байна.
Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 42.4 хувиар өсөхөд экспортын гол нэрийн 10 бүтээгдэхүүний хилийн дундаж үнэ 11.8 хувиар, импортын гол нэрийн бараа, түүхий эдийн биет хэмжээ 43.8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэж Монголбанк онцоллоо. Экспортын бүтээгдэхүүний хувьд гадаад зах зээлийн үнийн таагүй нөлөөлөл харагдаж байгаа бол импортын өсөлт хэт их алдагдал руу хөтлөх эрсдэлтэйг эдийн засагчид сануулж байна.