”Монголд нанотехнологийн бүтээгдэхүүн бэлэн болсон”

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

”Монголд нанотехнологийн бүтээгдэхүүн бэлэн болсон”

Засгийн газрын 2011 оны 370 дугаар тогтоолоор батлагдсан "Өндөр
технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлын
хүрээнд Нанотехнологийн аргаар гарган авсан бүтээгдэхүүний төслийн
талаар танилцуулга уулзалт өчигдөр ҮХШХ-нд болсон юм. Энэ үеэр ҮХШХ-ны
газрын Шинэтгэлийн бодлогын газрын дарга Б.Ганбаттай ярилцлаа.


-Энэхүү уулзалтын гол зорилго нь юу вэ?

-Өнөөдрийн уулзалтад ШУТИС-ийн Үйлдвэрлэл, технологи, дизайны сургуулийн
нэхмэлийн хүрээлэн, Монхимо, Новелти зэрэг их, дээд сургууль, хувийн
хэвшлийн төлөөллөөс бүрдсэн гурван төслийн танилцуулга хийгдлээ. Эдгээр
бүтээгдэхүүнүүд нь үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн, зах зээлд шинэ, хүний
эрүүл мэнд, байгаль экологид сөрөг нөлөөгүйгээрээ онцлогтой юм.
Уулзалтын гол зорилго нь өндөр технологийн салбар, тэр дундаа
нанотехнологийн салбарын үндэсний үйлдвэрлэгч, эрдэмтэн судлаачдын
гарган авсан бүтээгдэхүүн, технологи, тэдгээрийн онцлог, давуу тал болон
үйлдвэрлэл, зах зээлд гаргахад тулгарч буй асуудлын талаар салбарын
бодлого боловсруулагч, хөрөнгө оруулагч, санхүүгийн институциудад
таниулах, зах зээлд нэвтрүүлэхэд нь тус дөхөм болох юм.

-Уулзалтын үеэр танилцуулсан бүтээгдэхүүнүүдээс "Адуу" брэнд болон нано гэрийн бүрээс анхаарал татлаа?
-Ер нь монгол эрдэмтний зохион бүтээсэн нано бүтээгдэхүүнээс түрүүч нь
дэлхийн зах зээлд нэвтэрсэн. Монголчууд Англи, Америк зэрэг дэлхийн
өндөр хөгжилтэй орнуудад энэ чиглэлээр ажиллаж байгаа төдийгүй эх
орондоо ч ихийг сэдэж,бүтээж байна.

Тухайлбал, бид мэдэхгүй болохоос Америкийн нанотехнологийн хүрээлэнд
Баттогтох нарын олон залуу эрдэмтэд ажиллаж байгаа төдийгүй нэлээд хэдэн
сургуульд монгол эрдэмтэд энэ чиглэлээр хичээл заадаг. Бидний энэхүү
уулзалтыг зохион байгуулсан бас нэгэн зорилго нь монгол хүн
нанотехнологийн тусламжтай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг гэдгийг
гадны хөрөнгө оруулагчдад таниулах юм. Өнөөдрийн уулзалтаар гурван
бүтээгдэхүүн танилцуулсан бөгөөд эдгээр бүтээгдэхүүнүүд бүгд
сонирхолтой, эдийн засаг, хүний эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой.

Тухайлбал, "Монхимо" компанийн үйлдвэрлэхээр зэхэж байгаа "Адуу" брэнд
худалдаанд гарвал эрүүл мэндийн салбарт хувьсгал хийнэ. Учир нь
нанотехнологийн аргаар адууны яснаас гаргаж авсан "Адуу" кальцийн
бэлдмэл, "Картилл" үе мөчний бэлдмэл, адууны зүрхнээс гаргаж авсан
"Эконюкс" зүрхний тэжээл нь оюуны өмчийн газраас патент авсан төдийгүй
олон улсад бүртгэлтэй. Туршилтын журмаар үйлдвэрлэгдсэн байгаа. Мөн
"Монхимо" үйлдвэр нанотехнологийн аргаар гаргаж авсан 12 бүтээгдэхүүн
байгаа бөгөөд эдгээрээс дөрөв нь аль хэдийнэ худалдаанд нэвтэрсэн тухай
Ариунаа доктор дурьдаж байсан.

Түүнчлэн тэд монгол элснээс цахиурын нэгдлийг гаргаж аваад зогсохгүй,
нано кальцитай шүдний оо үйлдвэрлэхээр судалгааны ажилдаа ороод байгаа
гэсэн. Энэ ондоо судалгааныхаа ажлыг бүрэн дуусгаад ирэх онд үйлдвэрлэлд
нэвтрүүлэхээр зорьж ажиллаж байгаа юм билээ. Мөн ШУТИС-ийн Үйлдвэрлэл,
технологи, дизайны сургуулийн нэхмэлийн хүрээлэнгийн эрдэмтэн профессор
Р.Мядагмаагийн зохион бүтээсэн нано гэрийн бүрээс манай ахуйд хамгийн
ойр бүтээгдэхүүн.

Учир нь одоогийн байдлаар Монголд 370 гаруй айл, өрх эсгий гэрт
амьдардаг гэсэн судалгаа байдаг бөгөөд гэрт берзинт, цагаан бүрээс
зайлшгүй шаардлагатай байдаг. Цагаан бүрээсийг жилд хоёр удаа солих
тохиолдол ч байдаг. Тэгэхээр ус, чийг нэвтрүүлэхгүй, өнгө, будгаа
алддаггүй нано гэрийн бүрээс хэрэглээнд нэвтэрснээр берзинт шаардлагагүй
болох юм. Нано гэрийн бүрээсэнд 12 сарын турш туршилт хийж, ур дүнг нь
харьцуулах юм. Профессор Р.Мядагмаа ус, чийг нэвтрүүлдэггүй, тэсвэртэй
нано даавуугаа Германы оюуны өмчийн газарт бүртгүүлсэн. Энэ мэтчилэн
олон бүтээлүүд бий.

Мөн нано технологийн аргаар боловсруулсан хамгийн хямд өртөг бүхий
даавуун материалаар ариун цэврийн хэрэглэл, цэвэрлэгээний бүтээгдэхүүн,
төрөл бүрийн ажлын хувцас, төрийн далбаа зэргийг үйлдвэрлэх боломжтой.
Байгаль цаг уурын нөлөөгөөр муудахгүй, өнгө будгаа алдахгүй, эдэлгээтэй
зэрэг олон давуу талтай. Нано даавууны онцлог нь хэзээ ч муудаж,
гандахгүй. Үүнээс гадна ноос ноолуурын үйлдвэрийн хаягдлаар галд
тэсвэртэй, шатдаггүй барилгын дулаалгын материал нано технологийн
тусламжтайгаар үйлдвэрлэсэн. Энэ нь нано технологи бол Монголд хэдийнэ
нэвтэрсэн гэдгийг гэрчилж байгаа төдийгүй монгол хүн дэлхийн өндөр
хөгжилтэй орны эрдэмтдээс дутахгүй гэдгээ харуулж байгаа хэрэг.

Энэ мэтчилэн нанотехнологийг Монголд нутагшуулах зорилгоор эрдэмтэд
маань маш их зүйл хийж байгаа гэдгийг энд тэмдэглэх хэрэгтэй. Бид
цаашдаа ШУТИС-ийг түшиглэн "Start Up " гэдэг компанийг байгуулах
зорилготой байгаа. Хэрэв энэхүү үйлдвэр ашиглалтад орвол 100-200 метр
даавууг боловсруулна. Нанотехнологийн үйлдвэр байгаль орчинд ээлтэй
гэдгээрээ давуу талтай. Монгол эрдэмтдийн бүтээгдэхүүн хилийн чанадад
аль хэдийнэ инноваци болсон.

-Эрдэмтэд мэдлэгээ мөнгө болгохын тулд хөрөнгө, оруулалт
шаардлагатай байгаа төдийгүй эрхзүйн орчин бүрдээгүй байна гэж гомдоллож
байсан?

-Одоогийн байдлаар Монгол Улс түүхий эдэд түшиглэсэн эдийн засгаа
хөгжүүлэх гэж улайрч байна. Эрх баригчдын нүдэнд Оюутолгой, Тавантолгой
харагдаж байгаагаас биш мэдлэгт суурилсан, бүтээгдэхүүнийг баялаг
болгодог эдийн засаг хөгжөөгүй байна.

Тухайлбал, Монголд инновацийн орчин бүрдээгүй төдийгүй оны өмнөхөн
Засгийн газраас өндөр технологийг хөгжүүлэх журмыг баталсан. "Start Up"
компаниудыг санхүүжүүлдэг инновацийн сантай болчихвол шинжлэх ухааныг
мөнгө болгох боломжтой. Аливаа шинэлэг санааг амьдралд хэрэгжүүлэхийг
инноваци гэдэг.

Тухайлбал, МУИС-ийн эрдэмтэд сэдсэн технологийн санаагаа бизнес болгож
болохгүй гэсэн хууль өнөөдрийг хүртэл байсан. Энэ бүх хүлээсийг тайлан
зорилгоор Инновацийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулаад их хуралд өргөн
мэдүүлсэн байгаа. Санхүүгийн эх үүсвэр болон эрхзүйн орчинг бий болговол
Монголд нанотехнологийн орчин аль хэдийнэ бүрдчихээд байна гэдгийг
өнөөдрийн уулзалтаар харууллаа.

Тухайлбал, Сингапурт очиход танай эрдэмтдийн бүтээлийг дэмжмээр байна.
Гэвч Монгол Улсад Инновацийн тухай хууль ч байхгүй, инновацийн сан ч
байхгүй учраас бид хөрөнгө оруулж чадахгүй нь ээ баяртай гэж байсан.
Финланд Нокиа брэнд гаргаснаараа өрсөлдөх чадвар нь эрс нэмэгдсэн. Үүний
нууц нь инновацийн сандаа байсан юм. Манай улсад Финландын сайд айлчлах
үеэр цаа бугыг хамтарч үржүүлэх талаар ярилцаад л өнгөрсөн. Зүй нь
инновацийн тухай хууль, сангийн тухай санал солилцох хэрэгтэй байсан юм.

Монголчуудыг гутал, хувцас, хоол, хүнснээсээ эхлээд бүх зүйлээ гаднаас
зөөдөг мулгуу гэж дэлхий дахинд ярьж байна. Хэдийгээр бид өргөн
хэрэглээний бүх бараа бүтээгдэхүүнээ импортолж байгаа боловч мулгуу ард
түмэн биш шүү дээ.

-ҮХШХ өндөр технологийг хөгжүүлэхэд хэрхэн хамтарч ажиллах вэ?
-Бидний хөгжүүлэх гээд байгаа өндөр технологийн салбар бол бусдаас илүү
нарийн төвөгтэй салбар юм. Маш олон салбарын оролцоотой хөгждөг.
Үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд туршилт хийсэн байх ёстой, оюуны өмчийн
эрхээ авсан байх ёстой. Эм, анагаах ухаан, барилга, хөдөө аж ахуй зэрэг
олон салбарын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулалтыг бодит зүйлд
чиглүүлэхэд ҮХШХ-ны зорилго оршино. Бид үүний тулд шинжлэх ухааны болон
банк, санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Хамгийн гол нь
Монгол Улсад бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудыг бий болгох, дэмжих,
өргөжүүлэх зорилготой.

Цаашид ҮХШХ-оос биотехнологи, электроник, мэдээллийн технологийн
үндэсний компаниудын технологи, бүтээгдэхүүнүүдийг танилцуулах зэрэг
өндөр технологийн салбарын үндэсний үйлдвэрлэгч, эрдэмтэн, судлаачдыг
дэмжих зорилгоор уг уулзалтыг цуврал зохион байгуулах төлөвлөгөөтэй
байна. Тус хороо нь өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх ажлын
хүрээнд зөвхөн өндөр технологи, инновацийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт,
санхүүжилтийг олгох Инновацийн сан, өндөр технологи, инновацийн
корпораци зэрэг санхүүгийн институциудыг шинээр байгуулахаар ажиллаж
байна.

-Цаашид дэлгэрүүлж хөгжүүлэхэд төрөөс яаж дэмжих ёстой вэ?
-Тэгэхээр инновацийн сангуудыг олноор бий болгох хэрэгтэй. Ингэснээр
манай эрдэмтэд өөрийн бий болгосон технологи дээрээ түшиглэн
лабораториасаа хөндийрөлгүй үйлдвэрлэлээ явуулах боломж бүрдэж байгаа
юм. Хамгийн гол нь хөрөнгө оруулалтыг зөв зүйлд чиглүүлэх, инновацийн
хуулийг боловсронгуй болгох шаардлагатай. Гэхдээ Монголд нанотехнологийн
салбар хөгжих бүрэн боломжтой. Тухайлбал, оны өмнөхөн өндөр технологийг
хөгжүүлэх хөтөлбөрийг батлуулсан бөгөөд энэ хүрээнд компаниудыг дэмжих,
боловсон хүчнийг бэлдэх шаардлагатай байгаа.

Х.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж