УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны “А” танхимд хуралдаж эхэллээ. Уг нь дээрх танхимд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болохоор цаг товлогдож, таван ч гишүүн хуралд ирсэн байсан боловч бүлгийн хурал зарлагдсантай холбоотойгоор хойшлуулсан юм. Харин тус бүлгээр ямар асуудал хэлэлцэх болсон нь тодорхойгүй ч Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл Төрийн ордноо тархаад байна. Өнөөдөр үдээс өмнө УИХ-ын гишүүн Ч.Улаан тэргүүтэй нэр бүхий гишүүд Ерөнхий сайд С.Батболдтой биечлэн уулзаж, Хууль зүй дотоод хэргийн сайдыг огцруулах асуудлыг намын төвшинд яаралтай шийдвэрлэж байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэж өгөхийг хүссэн гэх мэдээлэл бас байгаа юм.
Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өчигдөр Орон нутгийн сонгуулийн тухай хуультай холбогдуулан мэдэгдэл гаргаж, орон нутгийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох зарим сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь зохион байгуулахыг шаардсан юм. Хариуг энэ сарын 20-ны дотор багтаан өгөхийг хүссэн учраас УИХ дахь МАН-ын бүлэг ийнхүү ээлжит бус хуралдаанаа зарлан хуралдууллаа гэх мэдээлэл ч бас байна.
Г.ДАРЬ