Ундны усан дахь ураны агууламж өндөр гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Ундны усан дахь ураны агууламж өндөр гарчээ

Улаанбаатарын ундны усанд агуулагдаж буй ураны агууламж маш өндөр гарсан
талаар АНУ-ын "Science of the Total Environment" хэмээх эрдэм
шинжилгээний сэтгүүл болон http://www.ncbi.nlm.nih.gov цахим хуудаст бичжээ.

Мэдээлэл аль эрт, 2011 оны арваннэгдүгээр, арванхоёрдугаар сард эдгээр
сэтгүүл, цахим хуудаст гарсан ч холбогдох салбарынхан энэ талаар
сонсоогүй гэсэн хариултыг өгч байна.

Судалгааг АНУ-ын Анн Арбор дахь Мичиганы их сургуулийн эрдэмтэд Монголын
ЭМШУИС-ийнхны дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэжээ. Тэд эхлээд нийслэлийн
гүний усан дахь хүнцлийн хэмжээг тогтоох зорилготой байсан байна.
Өнгөрсөн оны зургаа, долдугаар сард нийслэлийн долоон дүүргийн 129
худгаас авсан усны дээжийг АНУ-руу явуулж, лабораторит шинжилжээ.

Шинжилгээгээр усан дахь хүнцэл хэвийн хэмжээнд байгааг тогтоосон бөгөөд
санамсаргүйгээр дотор нь агуулагдаж байсан ураныг илрүүлжээ. Гүний усны
дээжинд 0.01-57 мкг/л хэмжээтэй буюу дунджаар 4.6 мкг/л уран агуулагдаж
байж. Шинжилгээнд авсан усны дээжний 25 хүрэхгүй хувьд ураны агууламж
2мкг/л-ээс бага байв.

Гэтэл дэлхийн олон оронд гүний цэвэр усан дахь ураны агууламж 1.0 мкг/л
-ээс хэтэрдэггүй. Түүнчлэн ДЭМБ-ын тогтоосноор гүний цэвэр усан дахь
ураны агууламж хамгийн ихдээ 15 мкг/л байх ёстой аж.

Б.Номин

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж