Ц.Шинэбаяр: Гадаад өр 9.6 тэрбум ам.долларт хүрсэн

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Ц.Шинэбаяр: Гадаад өр 9.6 тэрбум ам.долларт хүрсэн

УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр Монгол Улсын гадаад өр 9.6 тэрбум ам.долларт хүрсэн нь үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж байна гэж мэдэгдсэн юм.

Олон улсын аргачлалаар тухайн улсын гадаад өр ДНБ-ийн 40 хувиас дээш гарсан нөхцөлд аюултай гэж үздэг, харин Монгол Улсынх энэхүү хэмжээнээс даруй 30 хувиар илүү гарсан. Мөн 9.6 тэрбум ам.долларын өрийг хүн амдаа хувааж үзвэл нэг иргэнд 3500 ам.долларын өр ногдоно. Монгол төгрөгөөр тооцвол нэг иргэн таван сая төгрөгийн өртэй явж байна гэж үзэж болох талтай аж.

Уг нь тэрбээр хоёр сарын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдад хандан юу бүтээх гээд Монгол Улс 2008-2012 оны хооронд энэ хэмжээний их өр тавьчих вэ гэдэгт хариулт өгөхийг хүссэн байна. Гэвч өнөө хэр нь тодорхой хариулт өгөөгүй. Монголбанкинд энэ асуудлаар хандахад Л.Пүрэвдорж ерөнхийлөгч тайлбар хийхээс татгалзсан. Учир нь 9,6 тэрбум ам.доллар гадаад өрийн 7.4 тэрбум нь хувийн хэвшилд хамаарч буй аж. Энэ тухай тодорхой мэдээлэл өгөхийг хүсэхэд төв банкны ерөнхийлөгч “Компанийн нууц” гээд халгаагүй. Тэгсэн атлаа Монголбанкны бүртгэлд энэхүү 7.4 тэрбум ам.долларын өр бичигдсэн байгаа нь ихээхэн хар дагуулж буй ажээ. Тиймээс УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр Монголбанкинд очиж, “Хэний даалгавраар хэний компанид 7.4 тэрбум ам.долларын өр тавих эрх өгөв” гэдгийг заавал тодруулна гэлээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар энэ их өрийг гадаад ертөнцөд тавьчихаад байхад Тагнуулын ерөнхий газар, цагдаагийн байгууллага, дотоодын цэрэг, Авлигатай тэмцэх газар нүдэн балай чихэн дүлий сууж буй нь энэ мэт том хэргүүдийг бий болгогчдыг өмгөөлөөд байна уу гэж хардахад хүргэж байгаагаа ч онцоллоо.

Харин түүнээс сэтгүүлчид дараах асуултад хариулт авсан юм.

-Танд МАХН-ын дарга Н.Энхбаяраас захидал ирсэн үү?

-Захидал ирээгүй.

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үйл ажиллагаа явуулж байхад таныг ёс зүйгүй авирласан гэж цагдаагийн газраас мэдээлсэн. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Цагдаагийн байгууллагынхан өөрсдөө ёс зүйгүй маш бүдүүлэг авирласан. Өөрсдөө тухайн үед бичлэг хийсэн, тэр нь байгаа байлгүй. Би уг нь эхлээд цагдаагийнханд хандаж “Та нар болиоч ээ” гэж хэлсэн, харамсалтай нь миний үгийг сонсоогүй. Дараа нь би эсэргүүцлээ илэрхийлсэн, түүнийгээ эвгүй илэрхийлсэн байсан учраас тус байгууллагынхнаас би уучлал гуйсан.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж