Хэрвээ би Н.Энхбаярын оронд байсан бол

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Хэрвээ би Н.Энхбаярын оронд байсан бол

-Эр хүний үг-
Би улс төрч, нийгмийн зүтгэлтэн биш, бас төрд шургалж халаасаа түнтийлгэх сувьдаг сэтгэлтэн ч биш. Хэн нэгнийг дэмжиж, нөгөөг нь муулдаг туйлшрамтгай ч хүн биш. Зүгээр л өнөөдөр өрнөж буй үйл явцыг хараад өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхийг хүслээ. Надтай ижил бодолтой олонх байхад эсэргүүцэх цөөнх бий нь зайлшгүй. Би хүн ёсны талаарх цөөн хэдэн зүйлсийг л та бүхэнтэйгээ хуваалцах гэсэн юм. Магадгүй энэ нь Н.Энхбаярт өгөх зөвлөгөө мэт харагдаж байгаа боловч ирээдүйгээ улс төр, төртэй уяхаар шийдсэн олон олон залууст сургамж болох бизээ. Ингээд олон үг үл нуршин гол зүйлдээ оръё.

Хэрвээ би Н.Энхбаярын оронд байсан бол … Улс төрд орохгүй байсан. Яагаад гэвэл тэр Бурханы шашны үнэнч сүсэгтний нэг. Улс төр бол угаасаа л бохир зүйл. Нэг талд бурханы шашны үнэнч сүсэгтэн нөгөө талд улс төрийн бохир панзчины дүр харагдаж байна. Энэ хоёр дүр яавч нэгэн биед зэрэгцэн оршихгүй.

Хэрвээ би Н.Энхбаярын оронд байсан бол …
Бурхан багшийн сургаалийг орчуулсан шигээ ёсчлон дагах байсан. Бурханы шашинд эс өгсөнийг авахаас эхлээд 10 хар нүгэл гэж буй. Хэрэвзээ тэр 10 хар нүглийг тэвчиж 10 цагаан буяныг дээдлэн хэрэгжүүлсэн бол Ерөнхий сайд ч болж чадахгүй байсан. Магадгүй энэ утгаараа монголын төр өнөөдөр арай тунгалаг байх байсан биз ээ.

Хэрвээ би Н.Энхбаярын оронд байсан бол … Хувийн өчүүхэн шуналыг мартаж, түмэн олныхоо итгэлд сүслэн дээдэлж, улс монголынхоо төлөө нэгэн үзүүр сэтгэлээр зүтгэх байсан. Мөн албан тушаал наймаалцдаг, эргээд эзэндээ татвар төлдөг, авлигын сүлжээг бий болгохгүй байсан.

Хэрвээ би Н.Энхбаярын оронд байсан бол …
Айдаст автахгүй байсан. Айдас дарангуйлагчийг төрүүлдэг. Чин үнэндээ Сталин, Мао Зэдун, Пол Пот мэтийн дарангуйлагчид бүгд аймхай байсан. Айдсаас хардлага төрдөг, хардлагаас дарангуйлал төрдөг. Тийм учраас тэр намын нөхдөө, дэргэдэх албан тушаалтнуудынхаа хооронд яс хаяж яг л нохойны фермийн эзэн шиг загнадаг байсан. Энэ нь хожмоо өөрийнх нь толгой дээр бууна гэж тэр тооцоолсонгүй.

Хэрвээ би Н.Энхбаярын оронд байсан бол … Эхнэрээ толгой дээрээ гаргахгүй байсан. Чин үнэндээ түүнийг буруу замд хөтөлсөн гол буруутан нь эхнэр О.Цолмон нь гэж намынх нь нөхөд нь хэлдэг. Ямар сайндаа л У.Хүрэлсүх “Та Ерөнхий сайд юмуу, танай эхнэр Ерөнхий сайд юмуу” гэж олны нүдэн дээр палхийтэл хэлж байхав. Дураараа дургисан эхнэр нь Тагнуулын Ерөнхий газарт зөвлөхөөр хүртэл очиж байсан. Чөлөөт хэвлэлийг дэмжих сан байгуулах нэрийн дор хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг мөнгөөр угжин бохирдуулах үндэслэлийг тавьсан. Мөн эхнэр нь төрийн хэрэгт хошуу дүрснээр алиа салбадай нарыг дэвшүүлэн тодруулах бусармаг тогтолцоог бий болгосон. Өөрөөр хэлбэл Филатовагийн хар талын дүрийг бий болгосон.

Хэрвээ би Н.Энхбаярын оронд байсан бол … Ээж аав хоёрынхоо ачийг өөрөөр хариулах байсан. Түүний сайн сайхан яваа нь эцэг эхийнхээ ачийг хариулсан хэрэг байсан боловч Монгол төрийг бэлгэнд өгч буруу зөнүүлэх алхмыг хийсэн. Аав нь рашаан сувиллуудыг өөрийн болгож, газрыг нь наймаалж байхад ээж нь мэргэжлийн хяналтынхны ажилд хошуу дүрэн бизнес эрхлэгчдийг дарамталж явсан. Энэ тухай сонин хэвлэлээр хангалттай л гарсан. Түүний ээж нь Хөгжим бүжгийн коллежийн хашаанд барьсан байрыг мэргэжлийн хяналтынхантай нийлж өгөө авааны дэнсэн дээр шүүсэн баримттай нийтлэлүүд сонин хэвлэлээр бишгүйдээ л гарсан.

Хэрвээ би Н.Энхбаярын оронд байсан бол … Бага идэж их цадах байсан. Шууд утгаараа тэр амьдрал дээр цагаан хоолтон энэ тэр болж бясалгал хийж байгаагаа бахархан ярьдаг. Үнэн байх л даа. Гэхдээ тэр хөрөнгө мөнгөнд цадаагүй. Хэтэртлээ, хэхэртлээ идсэн. Хэдэн тэрбумын хөрөнгө оруулалтаас эхлээд бараг модон ТҮЦ-ний эзнээс хүртэл татвар авах сувьдаг сэтгэлд автсан.

Хэрвээ би Н.Энхбаярын оронд байсан бол … Дэргэдэх хүнээ зөв хүнээр сонгох байсан. Мөнгө барьсан долдой нэгнийг хогийн тантангаас төрийн өндөр сэнтийд залснаас болж Монгол төрд идээ бээр бугшсан. Ийм нөхдүүд эргээд түүнийг намнаж байгаа. Яг л “Үр могой” гэсэн үг.

Хэрвээ би Н.Энхбаярын оронд байсан бол … Бурханыг үнэхээр шүтдэг юм бол эх орныхоо газар шороог ч шүтэн дээдлэх байсан. Түүнийг төр барьж байх он жилүүдэд Ашигт малтмалын лицензийн дийлэнх нь тараагдсан байдаг. Маш бага мөнгөөр монголын газар нутаг түүний балгаар л харийнхны гарт орсон.

Хэрвээ би Н.Энхбаярын оронд байсан бол … Их өрийг тэглэх гэж гүйхдээ 50 сая доллар хулгайлахгүй байсан. Чин үнэндээ Их өр өмнө нь тэглэгдээгүй байж байгаад саяхан данс дугуйлсан сураг сонсогдоно билээ. Үүгээрээ тэр хийсэн том ажлаа баллаж орхисон.

Хэрвээ би Н.Энхбаярын оронд байсан бол … Ялагдлаа шударгаар хүлээх байсан. Ерөнхийлөгчийн сонгуулиар луйвар хийж өгсөнгүй гэж С.Баярыг буруутгахгүй байсан. Үүнээс л хамаг хэрэг ундарсан даа. Албан тушаалыг мөнхийн мэт санаж, авлига хээл хахуулийг булгийн  ус мэт ундарч байх ёстой хэмээн эндүүрч намын бодлоготой зөрж Их Хурлын гишүүн болох санаархалд автахгүй байсан.

Хэрвээ би Н.Энхбаярын оронд байсан бол … Намаасаа гарч, өс хонзон авах асуудалд ханцуй шамлан орохгүй байсан. Үнэндээ тэр өөрийнхөө хийсэн, бүтээсэн “Үр могой”-г багалзуурдах гэж дайрсан. Үүнийг нь ч мэдээд дэргэд явсан нөхөд нь болох Ц.Шинэбаяр, Молор-Эрдэнэ нарын олон хүмүүс хаяж одсон. Мөн зүрхнийхээ ховдол дотор үздэн яддаг М.Энхсайхан мэтийн башир этгээдүүдтэй нийлж төрөлх намынхаа эсрэг нүгэл үйлдэхгүй байсан.

Хэрвээ би Н.Энхбаярын оронд байсан бол … Төрийн том хүн шиг биш юмаа гэхэд эр хүн шиг байх байсан. Өөрийнхөө гэрийг хайрлаж, аавынхаа өргөөг талхчуулахгүй  байсан. Яахав шоудах нь зөв, гэхдээ би эр хүн шиг байж төрийн хүний ёсоор хууль дээдлэн тэргүүн эрхэмсэг, омог бардмаар дуудсан газар нь очих байсан.

Хэрвээ би Н.Энхбаярын оронд байсан бол … Оймстой хөлөө гозолзуулан олны бах тавыг хангахгүй байсан. Шоудлаа шоудлаа гэхэд эр хүний ноён нуруу, Монгол төрийн өндөр албыг хашиж байсан буурал тэргүүнээ эрхэмсэг байлгаж чадах байсан. Төрийн хүний хувьд биш юмаа гэхэд эрчүүдийн нэр хүндийг шалд нь унагалаа.

Хэрвээ би Н.Энхбаярын оронд байсан бол … Хэзээ ч би Энхбаяр шиг байхыг хүсэхгүй. Би өөрийнхөөрөө зовж, өөрийнхөөрөө жаргамаар байна. Яагаад гэвэл миний зовлон гуниг, аз жаргал зөвхөн өөрт минь л бий. Үүгээрээ би Н.Энхбаяраас илүү эх оронч.  Бас би түүнээс илүү эр хүн гэдгээрээ бахархаж байна.

А.Ганбаяр  /Оюутан/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж