”Д.Отгондалай эрх авах боломжтой байсан”

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

”Д.Отгондалай эрх авах боломжтой байсан”

Боксын шигшээ багийнхан эрхийн тэмцээндээ амжилттай оролцоод ирсэн билээ. Тэгвэл өчигдөр тэд сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Долоон тамирчнаа илгээсэн энэхүү тэмцээнд манайхны хувьд тун хэцүү даваа байсныг онцлох хэрэгтэй. Учир нь, 25-хан эрхийн төлөө 29 орны 300 орчим боксчин бүх хүчээ шавхсан, нэлээд ширүүхэн тэмцээн болж өндөрлөснийг Астанад ажилласан мэргэжилтнүүд хэлж байна. 56 кг-ын жингийн хувьд манайхан их л итгэл тавьж байсан ч талаар өнгөрлөө. Энэ жинд олимпийн аваргатай болохоор дэлхий нийт манай улсын зүг анхаарал хандуулж байсан нь мэдээж. Харин одоо эрх авсан улс, орнууд нь өөрсдөдөө анхаарал тавих цаг нь болжээ. Яагаад гэвэл Лондоны олимпийн боксын тэмцээний 56 кг-ын жинд монгол тамирчин оролцохгүй. Энэ мэдээ дэлхийн олон орныг баярлуулж байгаа нь лавтай. 2008 оны олимпоос хойш Э.Бадар-Ууган аварга бэртэл гэмтэлтэйгээ тэмцсээр өдийг хүргэсэн. Түүнийг олимпод оролцохгүй гэх шийдвэр гаргахад эмч нар мөн ч их тусалсан даа. Анхнаасаа оношийг буруу тогтоож мэдэх, мэдэхгүй эмчилгээ хийсээр гэмтлийг нь дордуулсан гэвэл буруудахгүй. Гэхдээ эцэст нь гэмтлийн оношийг зөв тогтоож чадсан. Даанч хожимдов. Харин Бакуд болсон ДАШТ-ээс хойш 56 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Д.Отгондалай гэх нэр сонсогдож эхэлсэн. Тэрээр олимпийн эрх олгох хоёр тэмцээнд хоёуланд оролцсон ч аз дутлаа. 56 кг-ын жинд гол найдлага тавьж байгаа улс орнууд одоо л нэг тайвширч байна. Яагаад гэвэл Монголоос энэ жинд төлөөлөл байхгүй. Э.Бадар-Ууганд ч, Д.Отгондалайд ч хүндхэн байгаа нь ойлгомжтой биз.

Гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг, гавьяат тамирчин Н.Төгсцогт, олон улсын хэмжээний мастер Б.Түвшинбат, мөн Монголын олимпийн боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Баярсайхан нартай цөөн хором ярилцлаа.

Боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Ганзориг: Отгондалайг торгоогүй бол эрх авах боломжтой байлаа

-Боксчид олимпийн эрхээ хоёроор нэмэгдүүлээд ирлээ. Багийг дасгалжуулж байгаа хүний хувьд саяын болж өнгөрсөн тэмцээнд ямар дүгнэлт хийж байна вэ?

-Бид долоон тамирчинтай яваад хоёр нь эрхээ авч чадсан. Нийтдээ дөрвөн боксчин олимпийн рингэнд гарах нь тодорхой боллоо. Энэ удаагийн олимпийн эрх нэлээд хүнд олдож байна. Яагаад гэвэл эрх олгох тэмцээнийг нэгийг нь хассан. Дэлхийн аваргаас хоёр эрх авсан. Харин Азийнханд эрх олгох сүүлчийн тэмцээн нь Астанад болсон учраас багууд нэлээд хүчтэй бүрэлдэхүүнтэй ирлээ. Ядаж байхад манайхан их хатуу сугалаа татсан. Боксын спортоор дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд явдаг Хятад, Энэтхэгийнхэнтэй нэг хэсэгт багтсан. Гэхдээ ямар ч байсан үзүүлсэн амжилтдаа сэтгэл хангалуун байна.

-Манайхан хятадуудтай таарч тоглоод ялагдлаа. Тэгвэл боксын хүрээнийхэн хятад стиль гэж яриад байна. Үүний эсрэг ямар арга хэмжээ авах вэ?

-Хятадууд олон төрлийн зальжин аргатай л даа. Үүнээс сэргийлэх үүднээс эрх авсан жингүүддээ тактик боловсруулахаар ярилцаж эхэлсэн.

-56 кг-ын жингийн хувьд юу хэлэх вэ. Тун харамсалтай ялагдал хүлээсэн. Ер нь бол 56 кг-д Монголоос ирсэн тамирчдыг мэргэжилтнүүд анхааралтай ажиглаж байна гээд л мэдээлж байсан. Шүүгчийн шүүлтэд сэтгэл хангалуун байж чадаж байна уу?

-Уг нь бол Бадар-Ууганд боломж байгаа юм. Даанч бэртэл гэмтэл нь сэдрээд болж өгөхгүй байна. Д.Отгондалайгийн хувьд үнэхээр сайн тоглосон. Түүнийг буруутгах аргагүй. Рингэн дээр Германы шүүгч ажиллаж, манай Окиг торгосон. Түүнээс болж хожигдлоо. Хэрвээ торгоогүй байсан бол эрх авчих боломжой байлаа. Гэхдээ нэгэнт шүүгч шийдвэрээ гаргасан учраас эсэргүүцээд нэмэргүй байсан юм. Д.Отгондалай ч тэр, дасгалжуулагч бид нар ч гэсэн тус тусдаа дүгнэлтээ гаргаад ярилцана. 56 кг бол манай тамирчдад яг таарсан жин л дээ.

-60 кг-ын жинд манай улсаас 1988 оноос хойш дөрвөн олимпод оролцоогүй. 2008 онд амжилт үзүүлж чадаагүй. Чухам юун дээр алдаа гаргав?

-Эхний тойрогтоо Хятадын боксчинтой таарсан. Хоёрдугаарт гэвэл Бакуд болсон ДАШТ-ээс 60 кг-ын жинд Азийн маш олон тамирчин эрхээ авсан. Тиймээс ердөө ганцхан эрх үлдсэн. Үүнийг авахын төлөө олон боксчин хүчээ шавхлаа. Хувь дутлаа л гэж хэлье дээ.

Дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт: Өөрийгөө ялчихлаа л гэж бодсон, даанч…

-Олимпийн эрхээ авсанд баяр хүргэе. Алтан медалийн төлөө нутгийн эзэнтэй тоглож ялагдлаа. Ялах боломж байсан уу?

-Баярлалаа. Сэтгэл их өндөр байна. Алтан медалийн төлөө тоглоход би өөрийнхөө зүгээс байдаг бүх хүчээ гаргасан. Даанч шүүгч нар Казахстаны боксчинд ялалтыг өгсөн. Надад хожих боломж байлаа. Эн тэнцүү тоглож байсан учраас би дотроо бараг л хожсон болов уу гэж бодож байсан.

-Олимпийн наадамд анх удаа оролцож гэж байна. Сэтгэгдэл ямар байна вэ. Олимпийн ер нь хэрхэн төсөөлж байна вэ?

-Маш сайхан байна. Анх удаа оролцох гэж байгаа учраас Лондоны олимпийг их гоёор төсөөлж байна. Өмнө нь олимпийг олон удаа харсан. Би өөрөө Азийн наадамд оролцож байсан учраас түүн шиг л төсөөлж байна.

-Ямар амжилт үзүүлье гэж бодож байна вэ?

-Мэдээж бүх чадлаараа зүтгээд оролцоно гэж бодож байгаа. Аль болох медаль авахын төлөө л бэлтгэл сургуулилтаа хийнэ дээ. Ямар ч байсан бэлтгэлээ сайн хийж байгаад болно.

-Жингийнхээ тамирчдын бичлэгийг үздэг үү, хэр судалгаа хийсэн бэ?

-Нэг их бичлэг үзээгүй ээ. Гэхдээ сайн тамирчдаа ихэнхийг нь мэднэ. Хоорондоо олон удаа таарч тоглосон болохоор арга барилыг нь ерөнхийдөө мэднэ.


Олон улсын хэмжээний мастер Б.Түвшинбат: Би 2008 онд гаргасан алдаагаа давтаагүй

-Алтын төлөөх тоглолтын нэгдүгээр үед дасгалжуулагчийн хүсэлтээр татгалзсан. Ер нь өөрийнхөө амжилтад хэр сэтгэл хангалуун байна вэ?

-Хангалуун байна. Миний бодлоор медаль авах нь тийм чухал биш. Хамгийн гол нь олимпийн эрхээ авсандаа баяртай байгаа. Миний хувьд мөрөндөө бага зэргийн зовиуртай байсан учраас дасгалжуулагчийн гаргасан шийдвэр зөв гэж бодож байна.

-Эрхийн төлөөх чухал тоглолтоо Солонгосын тамирчинтай хийсэн. Өрсөлдөгч тань олимпийн хүрэлтэй гэж байгаа. Түүний тухай юу хэлэх вэ?

-Үнэхээр хүнд өрсөлдөгч байсан. Олимпоос хэн хүссэн нь медаль аваад байдаггүй. Солонгосын тамирчин бид хоёр адилхан эрхийн төлөө хүч үзсэн болохоор бүх хүчээ гаргасан. Бүх хүчээ шавхсаны эцэст би эрхээ авч, Солонгосын тамирчин маань нэлээд хэцүүхэн байдалтай үлдэж байна лээ.
 
-Бээжингийн олимпод оролцох эрхийг атгаад алдаж байсан нь саяхан. Тэгвэл тэр тэмцээн Астанагийнхаас юугаараа ялгаатай юм бол?

-Тэр үед үнэхээр харамсалтай ялагдал хүлээсэн. Оноогоор илүү байсан мөртлөө эцэст нь ялагдсан. Энэ тэмцээнд тэр алдаагаа давтахыг хүсээгүй. Адилхан л өрсөлдөөн дундаас эхрээ авсан. Гагцхүү би энэ удаа алдаагаа давтаагүй гэдгээрээ л ялгаатай.

-69 кг-ын жинд оролцох бүх тамирчны нэр тодорсон. Тэгэхээр өрсөлдөгч нараа судлах судалгааныхаа ажилд орсон биз дээ?

-Миний гол өрсөлдөгч нар бүгд эрхээ авсан. Ер нь ихэнхийг нь мэдэж байгаа. Гэхдээ зарим нэгийг нь судална. Шинэ тамирчид ч гэсэн байгаа шүү дээ.

-Таны хувьд ямар тактик боловсруулах вэ?

-Ер нь бол хурд, хүчний бэлтгэлээ сайн хийнэ. Яагаад гэвэл өрсөлдөгч нар маань нуруулаг, хүчтэй тамирчид байгаа. 69 кг-ын жинд олимпийн эрх авсан тамирчдаас хамгийн жижиг биетэй нь бараг би байх.

МОБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Баярсайхан: Эмэгтэйчүүд эрх авна гэдэг хэцүү

-Заалыг хэдий хугацаанд засч бэлэн болгов. Нийт хэчнээн төгрөгийн өртгөөр засвар хийсэн бэ?

-Богино хугацаанд заал маань бэлэн боллоо. Эрүүл мэндийн сайдын төсвөөс 99 сая төгрөгөөр боксчид заалаа засварлаж чадсан. Энэ дашрамд эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар болон УИХ-ын гишүүн С.Ламбаа нарт баярлалаа гэж хэлье. Айл гэр цэвэрхэн байвал ая тухтай байдаг. Заал маань сайхан байвал тамирчид ч гэсэн амжилт гаргана гэдэгт итгэж байна.

-Баг таммрчдынхаа амжилтад хэр сэтгэл хангалуун байна вэ?

-Сэтгэл хангалуун байна. Бээжингийн олимпод дөрвөн тамирчин оролцсон. Энэ удаа ч гэсэн дөрвөн тамирчин оролцохоор боллоо. Ялгаатай нь гэвэл Бээжингийн олимпод оролцох эрхийг гурван тэмцээнээс өгч байсан. Харин энэ жил хоёр болж багассан. Тиймээс нарийн шалгууртай байлаа гэсэн үг. Чанарын ялгаа гарч байгаа юм. Магадгүй дахиад гурав дахь тэмцээн гэж байсан бол нэмээд 1-2 эрх авах боломж байна.

-Эмэгтэй боксчид ирэх сард олимпийн эрхийн тэмцээнд явна. Хэр найдлага тавьж байгаа вэ?

-Гурван жин байгаа. Мэдээж эрх авахын төлөө л өрсөлдөнө. Гэхдээ бүрэн найдлага тавьж болохгүй ээ. Яагаад гэвэл дэлхийд нэлээд хүчтэй хөгжсөн учраас эрх авна гэдэг хэцүү. Яах вэ, сая манай эх орондо болсон Азийн аваргаас хоёр боксчин маань алтан медаль авсан. Энэ нь эмэгтэй боксчдод нэлээд урам өгсөн.

– ДАШТ-д оролцох бүрэлдэхүүн тодорхой болсон уу?

-Болоогүй ээ. Ер нь бол 5-6 тамирчинтай оролцох бодолтой байгаа.

Эх сурвалж: “Спортын шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж