“Б” хэсэгт Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээ Завханыг 22:14-өөр, Дорнодыг 26:10-аар буулган авсан. Харин “Хөвсгөлийн хүчтэнүүд” Ховдыг 22:14-өөр, Булганыг 21:15-аар ялснаар адилхан зургаан оноотойгоор хэсгээ тэргүүлж байна. Дараагийн барилдаанд “Бөхбилэгт”-ийнхэн “Ховд” дэвжээний бөхчүүдтэй хүч үзэх ба Архангайн багт заан Д.Рагчаа, Ч.Санжаадамба, харцага Т.Мөнгөнцоож, аймгийн хурц арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Н.Адъяабат зэрэг шилдгүүд багтсан бол “Ховд” дэвжээ харцага Т.Амартүвшин, начин Ц.Лхагвасүрэн, Н.Батзаяа, аймгийн арслан Б.Пүрэвсайхан нарын “элдэвтэй нөхдүүд”-ээр багаа бүрдүүлсэн байгаа. Тэд хэрхэн барилдахыг таашгүй. Хэрвээ “Бөхбилэгт” ялбал тэргүүлэгчийн байр сууриа хадгалж, шигшээд гарах магадлалаа батална. “Ховд”-ынхон ялваас “Хөвсгөлийн хүчтэн”-д алдсан гурван оноогоо нөхөж, цаашлаад тэргүүлэгчдийн эгнээ рүү шилжих боломжтой болно гэсэн үг. Харин зургаан оноогоо халаасалчихсан байгаа “Хөвсгөлийн хүчтэнүүд” дараагийн тойрогт Дорнод нутгийн бөхчүүдтэй хүч үзнэ. Энэ хэсгийн хамгийн хүчтэй дэвжээгээр “Бөхбилэгт”, “Хөвсгөлийн хүчтэнүүд”-ийг үзэгчид нэрлэж буй бөгөөд тэд хэсгийн барилдааны хамгийн сүүлийн өдөр буюу 28-нд хоорондоо хүч үзэх нь ээ. Харин анхдугаар барилдааны дэд аварга Булганыхан энэ жил нэлээд сулхан бүрэлдэхүүнтэй байгаа учир амжилт нь ч буурах магадлал байна.
“В” хэсгийн багуудыг “Их Монголын хүчтэнүүд” тэргүүлж явна. Харин тэдний гол өрсөлдөгч Сэлэнгийн “Таван хан” дэвжээнийхэн эхний барилдаанд өнжсөн учир гурван оноотой байгаа. Бар жилд гуравдугаар байр эзэлсэн тэднийг дахиад дээгүүр барилдах болов уу гэсэн таамаглал бий. Улсын арслан Г.Эрхэмбаяраар хүч нэмэгдүүлсэн тэд гол өрсөлдөгчөө нэхэхээр “морио” эмээлэлжээ. Хамгийн сонирхолтой барилдаан Өвөрхангай, Сэлэнгийн дэвжээдийн хооронд болно. Арслан цолтнуудаар магнайлуулсан тэдний барилдаан тэнцүүхэн өрнөх болов уу. Хоёр жилийн өмнө болсон Бар жилийн тэргүүн дэвжээ тодруулах барилдаанд энэ хоёр дэвжээ мөн л нэг хэсэгт сугалаа татаж 21:15-аар “Их монголын хүчтэн” ялж байсан удаатай. Тухайн үед барилдсан багийн бүрэлдэхүүнд нэг их өөрчлөлт ороогүй гэж болно. Харин “Таван хан”-ыг тухайн үед начингууд ахалж байсан бол энэ удаа арслан, харцага цолтноор магнайлуулснаар сэтгэл зүйн хувьд давуу байж болох юм. Тиймээс энэ удаа даагаа нэхэх боломж гарч ирлээ. Гэхдээ “Их монголын хүчтэнүүд” тун жигд, хүчтэй баг гэдгийг мартаж болохгүй. Хэн нь ялахыг 21-ний бямба гаригт харах үлдлээ. Хэн ялсан нь бараг л хэсгээ тэргүүлнэ.