Монголчууд олон улсын тэмцээнийг нүүр улайхааргүй явуулах аятайхан ордонтой боллоо. Одоогоос жил гаруйн өмнө шүү дээ. Гэтэл хотын төвөөс зайдуу, үйлчилгээ явуулах боломжгүй, өөр юу юу ч гэлээ ёстой л элдвээрээ хэлүүлж байсан Буянт-Ухаа дахь спортын ордны ид шидийг бид сая л нэг юм харлаа. Бахархах сэтгэл ч өөрийн эрхгүй төрөв. Ид шидээ үзүүлсэн энэ ордныг бид хэзээ дүүрэн байхыг харлаа байз. Дөнгөж нээгдсэнийх нь дараа нэгэн сэтгүүлийн нээлтийн шоун дээр л байх. Гэхдээ энэ ордон шоуны зориулалтынх биш болохоор тийм ч таатай харагдаагүй. Түүнээс хойш хэд хэдэн удаа олон улсын төдийгүй, дотоодын тэмцээн уралдаан Буянт-Ухаагийн ордонд болж байсан. Харин үзэгчээр дүүрсэн үү гэвэл үгүй. Хүчээр шахам хэдэн цэрэг суулгаад ч нэмэр байгаагүй. Тэгвэл волейболын тэмцээний үеэр спортын шинэ ордон руу үйлчлэх автобусыг нь маш сайн зохион байгуулсны ачаар анх удаа тус ордон битүү дүүрлээ. Үзэгчид нь багтахгүй гадаа нь 300 гаруй хүн орж чадалгүй үлдсэн. Цагдаа нартай мөргөлдсөн. Уг нь тэд багаа дэмжихийг хүссэн ч ордондоо багтаж чадсангүй. Англи, Америкийн ордон, цэнгэлдэх хүрээлэнгүүд нь хөлбөмбөг, сагсан бөмбөг, волейболын тэмцээн болохоор битүү дүүрдэг. Түүнтэй адилхан энэ удаа шинэ ордон дүүрлээ. Багийн спорт хүчтэй гэдгийг уг үйл явдал харуулсан. Бас ирэх онд манайхан эрэгтэйчүүдийн Зүүн Азийн аварга шалгаруулах волейболын тэмцээнийг эх орондоо зохиохоор хөөцөлдөж байгаа юм билээ. Мөн сагсан бөмбөгийн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 16-нд манай улсад болно. Энэ бол багийн спортыг дэмжих бас нэг шалтгаан.
Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын II тэмцээний ачаар тамирчид нь стандартад нийцсэн шинэ шал, шон, тор, бөмбөгтэй боллоо. Гэтэл тэдэнд дахиад үргэлжлүүлээд бэлтгэл хийе гэсэн ч заал нь байдаггүй ээ. Одоо яана аа. Уг нь саяын тэмцээнд бүрдүүлсэн багаараа ирэх наймдугаар сард Азийн аваргад оролцох гэж байгаа юм билээ. Харамсалтай нь бэлтгэл хийх заалгүй гэнэ. Тэгэхээр тэдэнд туслаад, дэмжээд өгвөл Азид өөрсдийгөө сориод үзэх боломжтой болж байна. Чөлөөт, жүдо, боксынхонд заалыг нь бэлдээд л өгдөг юм билээ. Өнөөдөр тэд амжилт гаргахгүй ч бэлтгэлээ хийж байгаад өөрсдийгөө сориод үзэг. Маргааш нь харин Азид топ өрсөлдөгчийн тоонд орсон байхыг үгүйсгэхгүй. Ганцхан сар хамтдаа бэлтгэл хийхэд ур чадвар нь харагдаж байгаа юм чинь 2-3 сар цуг байвал илүү өөр харагдана даа. Нэгэнт л манайд топ гэлгүй бүх төрлийн спорт жигд хөгжиж байгаа юм чинь зоригтой байцгаая. Өнөөдөр биш юм аа гэхэд удахгүй Монголын багийн спорт өөр төвшинд гарсан байх вий.
Хэдэн жилийн өмнө солонгос эзэнтэй “Энагура” хэмээх баг бий болж байлаа. Гэнэт лигт орж ирээд манай волейболчдын хэвшмэл байдлыг эвдэж орхисон. “Энагура” багийг орж ирснээс хойш волейболын спортыг сонирхогчид олширсон. Бас үзүүштэй болж чадсан гэвэл буруудахгүй. Харин энэ бүхний цаана Солонгосын иргэн Жанг Жи Хунг гэгч хүн бий. Энэ хүн бол ямар нэгэн улстөрч биш. Зүгээр л хувцас, жаазны үйлдвэрлэл эрхэлдэг, волейболын спортод элэгтэй бизнесмэн. Гэхдээ түүнд бизнес хийж, мөнгө олох нь чухал биш аж. Манай улсад волейболын спортыг хөгжүүлэхээр зориглосон тэрээр 2007 онд “Энагура” багийг үүсгэн байгуулсан. Ирээдүйн Монголын волейболын шигшээг бүрдүүлэх зорилго өвөртөлсөн түүний хүсэл биелэхэд бага зэргийн дэмжлэг л дутаа байна. Багийнхаа бүх тамирчдыг хамтад нь байрлуулж, цалинжуулж, бас хооллож, унаагаар хангасан. Гэхдээ улсаас нэг ч төгрөг аваагүй. Өөрийнхөө хообийгоороо л энэ бүхнийг хийж яваа. Түүний ачаар Монголын волейбол арай өөр төвшинд хүрсэн гэвэл буруудахгүй. “Энагура” багийнхан Монголын шигшээгийн цөмийг бүрдүүлж байгаа энэ охидуудын дийлэнх нь волейбол тоглодоггүй байсан гэвэл та итгэх үү. Ч.Халиун, А.Пүрэвсүрэн, Г.Энхсайхан, Э.Мөнх-Үйлс гэх мэт бүгд л волейбол тоглодоггүй. Зүгээр л бага зэргийн авьяастай байсан. Харин тэд энэхүү авьяасаа Жанг Жи Хунг багийн ачаар нээж чадсан юм. Өдгөө Монголын шигшээд багтаж явна. Итгэмээргүй байгаа биз. Тэднийг одоо хүн бүр мэддэг болсон. Тэднээр монголчууд бахархаж байна. “Ямар мундаг юм бэ” гэж уулга алдаж байна. Удахгүй үүнээс илүү гайхамшгийг бүтээж, биднийг гайхшруулж, баярлуулна гэдэгт итгэлтэй байна. Бодлогоо зөв барьж чадвал багийн спорт хөгжих магадлал өндөр байна. Нэгэнт волейболын спорт илүү өндөр төвшинд хөгжих эх үүсвэрийг тавиад өгсөн юм чинь бид үүнийг нь дэмжвэл яасан юм бэ.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
”Спортын шуудан” сонин